Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн юм. Түүнийг эрх мэдлээ ашиглан УИХ-ын даргын айлчлалтай холбоотой материалыг гадаадын тусгай албаны ажилтнуудад удаа дараа дамжуулсан хэрэгт буруутгасан юм.
Тиймээс анхан шатны шүүхээс Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан гэм буруутайд тооцож 17 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин түүний өмгөөлөгч С.Жанцан, Г.Оюунцэцэг, Д.Батсүх нар анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо “Ялын зүйлчлэл тохироогүй, анхан шатны шүүхээс оноосон ял хүндэдсэн” гэж дурджээ.
Нийслэлийн шүүх уг хэргийг гурван цагийн турш хянан хэлэлцсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хууль зөрчөөгүй, ял тохирсон гэж үзээд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Г.РАВЖАА