2020 оны төсвийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр танилцууллаа. Ирэх жил “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар алдагдал болон өрийн дарамтыг нь багасгахыг тэрбээр тэмдэглэв. Түүхий эдийн эрэлт, үнэ буурах, ФАТФ (Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авдаг буюу мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх ажил нь хангалтгүй гэж үзсэн улсуудыг зарладаг байгууллага)-ын “саарал жагсаалт”-д орох гэсэн гадаад, банкуудын активын эх үүсвэрийн шалгалт, өвөлжилтийн нөхцөл байдал, махны үнэ өсөх зэрэг дотоод эрсдэл бийг энэ үеэр дуулгав.
Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наядаар өсгөж 13.9, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцсон байна. Тэгвэл төсвийн алдагдлыг 2021 онд ДНБ-ий -2.8, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар тооцож буй аж. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах зэрэгт анхаарах гэнэ.
Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгож эхлэхийн сацуу Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайтын боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, байгууламжийн цогцолборуудыг нь 2020 онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Мөн Бичигт, Боршоо боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх нь. Үүнээс гадна газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүрэгт хуваарилахаар тооцож буй юм байна.
Уг төсөлд ирэх жил манай улс 42 сая тонн нүүрс экспортолно хэмээн тооцсон нь энэ жилийнхтэй ижил дүн. Энэ онд “хар алт”-ны экспортын дүн 39-40 сая тоннд хүрэх урьдчилсан тооцоо гарсныг Сангийн сайд дурдсан. Экспортын голлох уг бүтээгдэхүүний үнийн тухайд (боловсруулаагүй коксжих) тонн нь 75 ам.доллар байхаар тусгасан нь энэ жилийнхээс өөрчлөгдөөгүй дүн. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайн гүн доошлох тусам хүдэр дэх металлын агууламж, Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц багасаж байгааг харгалзан зэсийн баяжмалын экспортын хэмжээг буурахаар төсөөлжээ.
Уг төсөлд МСҮТ-д суралцагчид энэ оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянгад хүргэхээр тооцсон байна. Мөн 2012 оноос хойш нэмээгүй цэцэрлэгийн хүүхдийн болон дотуур байрны хоол, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг 50 хувиар өсгөхөөр тооцжээ. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 онд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа төлж, ирэх жилээс тэтгэвэр авах боломжтой байхаар төсөөлжээ. Бас эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Үүнээс гадна 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан найман хувиар нэмэхэд 159.8, төрийн үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ирэх жилээс шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгааг тэмдэглэсэн юм. “Токио-2020” олимпод оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардалд 20, хүүхдийн спортын наадам зохион байгуулахад 9.6 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан аж. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн зардалд 20.5, орон нутгийнхад 16.6 тэрбум төгрөгийн зардал гарахаар буй гэнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулалд нийт 66.6 тэрбум төгрөг зарцуулах нь.
Ташрамд дурдахад, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаагийн 18.2 буюу 61.2 хувь нь аж ахуйн нэгж, компаниудын зээл, 2.2 тэрбум нь арилжааны банкууд, хоёр тэрбум нь Монголбанк, 7.2 тэрбум нь Засгийн газрынх аж. Манай улс 2021-2024 онд 2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны төлбөрийг (“Чингис” бондын нэг тэрбум, “Мазаалай” бондын 500, “Хуралдай” бондын 600, “Гэрэгэ” бондын 800, хуримтлагдсан хүүнд 34.1 сая ам.доллар) хийх учиртай. Засгийн газар ирэх жил алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотооддоо бонд гаргахгүй гэнэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барьсан юм.