БХТН-ийн Удирдах зөвлөл энэ сарын 10-нд хуралдах тов зарласан. Гэхдээ товлосон цагтаа хуралдсангүй. Хэвлэлийнхэнд ч тоймтой мэдээлэл өгсөнгүй. Тус нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал ямар шалтгаанаар хойшилсон, одоо ямар үйл ажиллагаа явуулж буй, хэдэн төрлийн сургалт хийдгээ мэдээлэхээс татгалзав. БХТН-ийн төв байранд мэргэжлийн чиг үүргийнхээ дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй хэвээр байв. Байгууллагын өрөө танхимыг түрээсэлж буй иргэд, хувийн хэвшлийнхэн ч энд ямар нэг сургалт явуулдаггүйг батлан хэлсэн.
Бид өмнө нь БХТН-ийн Баян-Өлгий аймаг газар, эд хөрөнгийг зарж сүйтгэсэн талаар мэдээлж байсан. Энэ мэдээллийг бодитой болохыг баталсан, газар зарсан тушаалыг уншигчдадаа хүргэж байна. Уг тушаалд бичсэнээр Д.Дашзэвэг хурандаа БХТН-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын байрыг 15 сая төгрөгөөр заржээ. Тэр мөнгөөр ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэл, зарим өр төлбөрөө барагдуулсан гэх. Уг тушаалаас харахад, БХТН-ийн удирдлага ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг цагтаа төлдөггүй, байгууллагаа элдэв өр ширэнд оруулдаг юм байна гэж хардаж болохоор. Түүнчлэн тус нийгэмлэгийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл өнгөрсөн зургадугаар сараас хойш ямар нэг үйл ажиллагаа явуулаагүйг Д.Дашзэвэг хурандаа болон орлогч дарга нь баталсан. Өмнө нь БХТН-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын нэр дээр томоохон газар, таван гарааш, гурван дүнзэн байшин бүртгэлтэй байсныг эх сурвалж хэллээ. Өдгөө тус газарт ганц гарааш, нэг барилга үлдсэн сурагтай. Тус салбарыг ахалж байсан Ж.Хүрэлхүү ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлын үзүүлэлтээр бусад салбар зөвлөлөөс сүүлээсээ нэг, хоёрдугаарт ордгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлэв.
Тус нийгэмлэгийн Сэлэнгэ аймгийн салбарт үйл ажиллагаа явуулаагүй ч Мандал сумд шинэ салбар нээсэн гэсэн юм. Харамсалтай нь, Мандал сум дахь салбар зөвлөлийн дарга Б.Амар “Сэлэнгэ аймгийн төвд байсан салбар татан буугдсан уу, бүү мэд, одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Мандал сумд салбар нээсэн нэртэй. Би БХТН-ийн нэрийг ашиглаж, хувиараа жолооны курс ажиллуулдаг. Надад ямар нэг хөрөнгө, техник хэрэгсэл өгөөгүй. Энд БХТН-ийн газар, эд хөрөнгө байхгүй. Сэлэнгэ аймагт юу байдгийг мэдэхгүй юм” гэлээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Ж.Хүрэлхүүг шалгаж байгаа аж.
Үүнээс гадна БХТН-ийн Хэнтий аймаг дахь салбар хоёр давхар том барилгатай, аймгийн ихэнх аж ахуйн нэгж, зарим төрийн байгууллагыг халаадаг уурын зуух, том газартай байсан гэх мэдээлэл ирлээ. Өдгөө бас л газар, зарим хөрөнгө нь үрэгдсэн гэнэ. Энэ мэтээр БХТН-ийн өмнөх удирдлагын бүтээн байгуулж, хурааж арвижуулсан хөрөнгө үрэн таран болж буй талаарх баримт, мэдээлэл тасралтгүй ирсээр байна.
Д.Дашзэвэг хурандаатай энэ сарын 10-нд уулзахад БХТН-ийн орлогч дарга Ж.Хүрэлхүү, Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Эрдэнэбат нар байсан. Тэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Олон арван жилийн түүхтэй, сургалтын баялаг бааз, тоног төхөөрөмж, машин техниктэй, хэдэн тэрбумаар үнэлэгдэх газар, үл хөдлөх хөрөнгөтэй байсан эл байгууллагыг модоо барихад хүргэсэн талаарх мэдээлэл бэлтгэсэн биднийг шүүх, цагдаагийн байгуулагад өгнө хэмээн дарамталсаар байгаа билээ.
Үүнээс гадна “Дэлгэрэх” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Баасандорж БХТН-ийн даргад шаардлага тавьж, үүнийг нь биелүүлэхгүй бол ХЗДХЯ, БХБЯ, АТГ, ШӨХТГ зэрэг төрийн байгууллагад мэдэгдэхээ албан бичгээр мэдэгджээ. Уг албан бичигт “Цэцэрлэг барина хэмээн эхлүүлсэн дутуу барилгаа дуусгахыг хүсье. Үүнээс болж оршин суугчид маш ихээр бухимдаж байна. Танай байгууллага нийтийн эзэмшлийн талбайг манай оршин суугчдад машины зогсоол хэлбэрээр түрээслэж маш их мөнгө авдаг. Энэ хууль бус үйлдлээ зогсооно уу. Дээрээс нь танай байгууллагын хог хаягдал хэрээс хэтэрлээ” хэмээн олон зүйл жагсааж бичжээ. Харин Д.Дашзэвэг хурандаа “Цэрэг, техникийн дунд сургууль байгуулья гэж ярьж байгаа. Гэвч Техник спортын төвтэй холбоотой асуудал шүүхийн шатанд байгаа. Тиймээс хичээлийг нь эхлүүлж чадахгүй байна. Бидэнд буудлагын тир болон бусад тоног төхөөрөмж байхгүй” хэмээхээс өөрийг ярихыг хүссэнгүй. Харин тус нийгэмлэгт ажиллаж байсан хүмүүс Цэрэг, техникийн дунд сургууль байгуулах асуудлыг сүүлийн 10 жил ярьж байгаа ч ажил хэрэг болгоогүй хэмээсэн. Товчхондоо, Д.Дашзэвэг хурандаа асуулт бүрээс зугтаж, баримттай, баттай хариулт өгөөгүй юм.