Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгийн хийж буй халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хууль бус үйлдлийг нь шүүмжилсэн хүмүүсийг эхнээс нь халж эхэлжээ. Ямартай ч Удирдах зөвлөлийн хоёр гишүүнээ сольсон байна. Тодруулбал М.Махболь, О.Жаргалзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сурагтай. Улмаар Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Д.Хүрэлхүүг БХТН-ийн орлогч даргаар томилж, Удирдах зөвлөлдөө багтаажээ. Цагтаа хэдэн зуун хүний орон тоотой байсан эл байгууллага өдгөө дарга, захиргааны хэлтсийн дарга, нягтлан, үйлчлэгч, хэдхэн жижүүрээс өөр ажилтангүй болж. Гэтэл зуун ямаанд жаран ухна гэдэг шиг орлогч даргын орон тоог хүчээр гаргаж, өөрийн хүнээ томилсон нь албан хаагчдыг бухимдуулах болов.
БХТН-ийн Удирдах зөвлөл энэ долоо хоногт онц их хурал зохион байгуулахаар төлөвлөж буй. Ажлаасаа халагдсан хийгээд энд ажиллаж байсан албан хаагчид ч дээрх хуралд оролцохоор бэлтгэж эхэлсэн байна.
Гавьяат дасгалжуулагч Б.Алтанцэцэг “Д.Дашзэвэг Техникийн спортын төвийг хариуцлагагүй байдлаасаа болж алдсан. Түүгээр зогсохгүй бусад спортын сургалтуудыг ч тасалдууллаа. Хамгийн гол нь чадалтай залуу боловсон хүчнийг халж, БХТН-ийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж буйг нь эсэргүүцэж байна. Залуус ажлаа хийх ёстой, хүүхдүүдийг сургах шаардлагатай. Гэтэл Д.Дашзэвэг өөрөө ажилдаа ирдэггүй, залуусыг ч ажиллуулахгүй юм. Энэ байгууллагын ганц хийдэг ажил нь “Уран уургач, уран бугуйлч” тэмцээн. БХТН энэ хүний хувийн өмч биш, олон нийтийнх. Гэтэл төрийн бус байгууллагын хэдэн арван жил бий болгосон материаллаг бааз, хур хөрөнгийг ганц хүн үрэн таран хийж байна” хэмээн ярив.
БХТН 21 аймагт салбартай, багагүй хөрөнгө зоорьтой байсныг үе үеийн удирдлага албан хаагчид нь баталж буй. Өдгөө, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан аймаг, Зүүнхараа дахь салбарын газар, эд хөрөнгө нь үрэн таран болсон гэх мэдээлэл бий. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар Д.Дашзэвэгийг яллагдагчаар татах хүсэлтээ нийслэлийн Прокурорын газарт гаргажээ.
Д.ДАШЗЭВЭГ: АЖЛААСАА ХАЛАГДСАН ХҮМҮҮС БАЙГУУЛЛАГА РУУ ХУУЛЬ БУСААР ДАЙРЧ ОРСОН
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид БХТН-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгтэй утсаар холбогдсон юм.
-Сайн байна уу, бид тантай уулзахаар хандсан ч утас тань холбогдохгүй байлаа.
-Амралттай байсан, өчигдрөөс ажилдаа орлоо. Халхын голын 80 жилийн ой тохиосон учраас хамтран ажилладаг байгууллагынхан маань ОХУ-аас ирж, тэдэнтэй Дорнод аймаг руу явсан юм. Тиймээс утасны сүлжээ тасарсан байх.
-БХТН ямар үйл ажиллагаа явуулдаг, хэчнээн орон тоотой байгууллага вэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байна.
-Удирдах зөвлөлийн хурлын үеэр энэ талаар тодорхой мэдээлэл өгье. Ажлаа хийж чадаагүй, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалаагүй хүмүүсийг ажлаас нь халсан. Гэтэл тэд чоно борооноор гэгчээр эзгүй хойгуур байгууллага руу дайрч орсон байсан.
-Тухайлбал, хэн хэн ямар хариуцлага алдсан юм бол?
-Буудлагын спортын дасгалжуулагч Б.Алтанцэцэг Техник спортын төвийн дарга байхдаа ажлын хариуцлага алдаж, удирдаж буй газраа өрөнд оруулж, Төрийн өмчийн хороонд булаалгасан. Улмаар өөрөө ажилгүй болсон. Буудлага спортын холбооноос ч хөөгдсөн. Одоо тэтгэвэртээ гарсан хэрнээ ямар санаа зорилгоор ташаа мэдээлэл тараагаад байгааг ойлгохгүй байна. Мөн Улаанбаатар хотын зөвлөлийн дарга Д.Батбаяр жолооны сургалтын төлбөрөө байгууллагад тушаадаггүй. БХТН-т энэ хүн гурван өрөө эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн гурван жил надаас зугтсан. Сая гэнэт гараад ирлээ. Би гайхаж л сууна. Түүнийг өчигдөр ажлаас нь халсан. Долдугаар сард болсон БХТН-ийн 90 жилийн ойн баярт энэ хүмүүсийг урьсан ч оролцоогүй. Бүх асуудлыг цэгцлэхийн тулд маргааш тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулна.
-Шүхрийн спортын тамирчдыг яагаад өрөө танхимаар хангахгүй байгаа юм бэ?
-12 хүн өрөө өгөөч гэж надад хандсан. Тэд Шүхрийн спортын нийгэмлэгийнхэн. БХТН-т ямар ч хамаагүй, манай бүтцийн нэгж биш. Тэд “Бид БХТН-ийн шүхрийн спортыг хөгжүүлэх үүрэг хүлээж байгаа. Түрээсийн төлбөр өгөхгүй” гэсэн. Шүхрийн спортын нийгэмлэгийн ард Ж.Гүррагчаа баатар байгаа гэж хардаж байна. Тэд Техникийн спортын төвийг булааж авсан шигээ энд шүхрийн спортынхныг байлгаж байгаад олон нийтийн өмч хөрөнгийг авах далд санаа агуулж байгаа болов уу. Ийм байдлаар 90 жилийн түүхтэй байгууллагын ажлыг үгүйсгэж болохгүй шүү дээ. Дээр нэр дурдсан хүмүүсийг дуудсан ч ирж уулзахгүй байна.
З.АРИУНБОЛД: ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ХӨГЖСӨН МОРИН СПОРТЫГ БХТН-ЫН УДИРДЛАГА УНАГАСАН
Нийтлэлийн мөрөөр цөөнгүй хүн манай сонинд хандсан юм. Түүний нэг Монголын морин спортын холбооны тамирчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболдтой БХТН-ийн Морин спортын төвийн талаар ярилцлаа.
-Та энэ байгууллагад хэдийд ажиллаж байсан юм бэ?
-1974-1980 онд Морин спортын төвд морины саадтай харайлтын төрлөөр хичээллэж эхэлсэн. БХТН-ийн харьяа эл төв хагас цэргийн зохион байгуулалттай, сайн боловсон хүчинтэй, техник тоноглолтой, сургалт явуулдаг газар байв. 1970-аад оноос Морин спортын шигшээ багийн тамирчдыг улсаас цалинжуулж, тодорхой төсөв өгсөн. 2015 он хүртэл үргэлжилж, түүнээс хойш төсөв өгөхөө зогсоосон байх.
-Морин спортын төвийн хөрөнгө үрэгдсэн гэх юм билээ?
-1990 оноос хойш Морин спортын төвийн өмч хөрөнгө үрэгдэж эхэлсэн байх. Ганц Д.Дашзэвэг биш, тэр үед энэ байгууллагыг удирдсан, тэдний удирдлага дор морио хариуцаж байсан бүх хүнд хамаатай. Тухайлбал, БХТН-ийн харьяа Морин спортын төвийг О.Жаргалзориг, Даваадорж, Баярлхагва зэрэг хүн удирдаж байв. Энэ хүмүүс Морин спортын төвийн морьдыг үгүй хийж, хөрөнгийг нь үрэн таран болгосон гэж боддог.
-Тухайн үед БХТН хэчнээн морьтой байсан юм бэ?
-500 шилдэг морьтой байлаа. Зах зээл эхлэх үед бүр 800 адуутай болсон байх. Хурдны болон үржлийн, спортын, сургалтын гээд төрөлжсөн, маш олон адуутай байсныг мэднэ. Морин спортын төвийг удирдаж байсан дээрх хүмүүст эл морьдын үр удам нь бий. Нэр заагаад яах вэ, гэхдээ зарим нас барсан хүн, одоогийн алдартай уяачдад ч энэ төвийн угшилтай морьд байгаа. Хулгайн болон бусад аргаар морьдыг завшсан гэдэг юм билээ. Одоо БХТН-т уртын болон өндрийн харайлт хийдэг мэргэжлийн спортын морьд байхгүй. Махны чиглэлийн хэдэн морь л үлдсэн. Морин спортын төвийнхөн амь аргацаах байдлаар наадмын үеэр цөөн үзүүлбэр үзүүлж шоудан, жилдээ ганц нэг тэмцээн зохион байгуулж, бизнес хэлбэрээр ажиллаж байна.
-“Уран уургач, уран бугуйлч” тэмцээнийг хэлж байна уу?
-БХТН-т “Уран уургач, уран бугуйлч” хамааралгүй гэж боддог. Энэ тэмцээн мэргэжлийн спортын хэмжээнд хүрч чадахгүй. Олон улсын тэмцээнтэй харьцуулах юм бол их доогуур түвшинд яваа. БХТН монгол морьдыг хөгжүүлж, олон улсад нүүдэлчдийн соёлыг сурталчлах үүргээ биелүүлж чадахгүй байна. Төсвийн мөнгө зарцуулж зохион байгуулж байгаа юм бол тэмцээнээ чанартай, хариуцлагатай хийх хэрэгтэй. Гэтэл энэ тэмцээнийг найр наадмын хэмжээнд зохион байгуулчихаад “Морин спорт хөгжиж байна, дэлхийд сурталчиллаа” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа нь ичгэвтэр. Дотроо хөгжөөгүйг нь мэдсээр байж, гаднаа ингээд сурталчилж болохгүй.
-Харин ч сайн хөгжөөд байгаа юм биш үү. Морин спортын олон улсын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан гэсэн.
-БХТН, бүр тодруулбал морин спортыг унагасан нөхөд “Уран уургач, уран бугуйлч” сайн үүлдрийн морь үржлийн холбоо байгуулж, Морин спортын олон улсын холбоонд элсэхээр хандсан сурагтай. Энэ тэмцээнийг мэргэжлийн спорт биш гэдгийг дахин хэлье. Олон улсын холбоонд элссэн, татвараа төлдөг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 30 жилийн түүхтэй байгууллага бий. Гэтэл татвар төлдөггүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаггүй Д.Дашзэвэг тэргүүтэй БХТН-ийн хэдэн нөхөр хуулийн шаардлага хангахгүй бичиг өгсөн байсан. Тодруулбал, Олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй бичгийг Морин спортын олон улсын холбоонд илгээсэн байна. Олимпын хорооны албан бичиг зөвхөн ерөнхийлөгчийнх нь гарын үсгээр баталгаажна гэж дүрэмд нь тусгасан. Гэтэл ерөнхий нарийн бичгийн гарын үсэгтэй явуулсан байгаа юм. Ингэснээрээ энэ хүмүүс юу ч хийхгүй мөртөө морин спортод садаа болж байна. БХТН морин спортыг хөгжүүлэхгүй, цаг хугацаа алдаж, олимп дэлхийн тэмцээнд оролцох боломжийг хааж байгаа нь хамгийн харамсалтай.
-Энэ төвийн үндсэн чиг үүрэг нь юу вэ?
-Морин спортын төвийн үндсэн чиг үүрэг бол орчин үеийн болон уламжлалт морин спортын хөгжүүлэх юм. Энд морьд сургах, хүүхэд багачуудыг монгол ахуйтай ойртуулж, морин спортын мэргэжлийн тамирчин бэлтгэх юм шүү дээ. Жилд дор хаяж 10 морь, 20 хүүхэд сургах ёстой. Энэ зорилгоо өдгөө мартаж дээ. Энэ мэт ажлын хариуцлагагүй байдлаа зах, зээл, байгаль цаг, уур, хөрөнгө мөнгөтэй холбож тайлбарладагт нь харамсдаг. Дахин хэлэхэд БХТН-ийн үе үеийн дарга нартай энэ дампуурал холбоотой.
-БХТН-ийн морьд улсад болон олон улсад ямар амжилт гаргаж байсан юм бэ?
-Морин спортын төвийн адуун сүрэг ялангуяа, 1970, 1980-аад оны олон хурдан буянүнэхээр гайхамшигтай байлаа. Энэ гайхамшигтай хурдыг уяж уралдуулж байсан Д.Гарамжав, Д.Даваахүү, С.Самдан, Г.Батчулуун нарын сойсон хүлгүүд улсын наадмын олон айраг, түрүү авсныг ард түмэн мэднэ. Спортын хувьд ч олон улс, тив, дэлхийн хэмжээний амжилт гаргаж байсан. Сайн ч сургалттай байлаа. 2000 оноос хойш сүргийн тоо толгой цөөрч, чанар нь муудаж эхэлсэн. Тухайн үед морь уяхгүй, арчлахгүй, үржүүлэлгүй орхисон. Олон жилийн нөр их хөдөлмөр зарцуулж, спортын морьдыг сургадаг. Гэтэл энэ уламжлал алдагдсан. Спортын үүлдэрлэг морьд сургах шаардлага өнөөдөр ч бий. Би энэ байгууллагаас ажлын гараагаа эхэлж, морь судлахад амьдралаа зориулсан хүний хувьд дарга нарт нь хэлсэн ч хүлээж аваагүй. Ташрамд хэлэхэд, мориноос гадна бусад спорт ч хаягдаж, өсвөр насныхан энд бэлтгэгдэж, дараа нь цэргийн алба хаадаг байсныг сэргээх ёстой гэдгийг дэмжиж явдаг хүний нэг. Харамсалтай нь, 1990-ээд оноос БХТН-ийг БХЯ-ны харьяаллаас гаргаж, олон нийтийн болгосон. Улмаар үйл ажиллагааг нь алдагдуулсан. Үүнд С.Сайнцог, Д.Дашзэвэг гээд үеийн үеийн дарга, Удирдах зөвлөл буруутай.
-Морин спортын төв морьдоос гадна өөр өмч хөрөнгөтэй байсан уу?
-Байлгүй яах вэ. Эмээл, хазаар, нанжин гахай гөлөм, бусад техник хэрэгсэл бүгд байсан юм шүү дээ. Би 1996 онд БХТН-т морин спортын сургалтын музей байгуулж байлаа. Хуучны нанжин гахай гөлөм маш үнэтэй. Мөн морин цэргийн цавчилтын сэлэм бүгд алга болсон. Миний мэдэхээр 16 сэлэм байв. Эдгээр сэлэм нэг нь л 2000 ам.долларын үнэтэй байдаг. Энэ сэлмийг завшсан, бэлгэнд авсан хүмүүс нь БХТН-т буцааж өгөөсэй гэж хүсэж байна. Би хэдийгээр БХТН-т ажиллаагүй ч адууны үржлийг сайжруулах, морио сургах, тамирчдыг гадаадад авч явах зэргээр үргэлж анхаарч, тусалж ирсэн. Морин спорттой холбоотой ажил хийж буй учраас сэтгэлээ чилээж явдаг хүн. БХТН-ээс гарсан тамирчид нэгдэж, хурал зөвлөгөөн хийж, төрөлх байгууллагаа аврах, ажлыг нь сайжруулахад анхаараасай, БХЯ-ны харьяанд нэгтгэх хүртэл тэмцээсэй гэж хүсдэг.