Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсний төлөө Тагнуулын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид Ц.Уянгыг мэдүүлэг өгөхийг шаардсан хэмээн тэрбээр ярив.
Тодруулбал, өчигдөр орой цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат Ц.Уянгыг гэрээс нь дуудаж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Хариуд нь тэрбээр "Би ямар зүйл буруу хийсэн бэ? хуулийн үндэслэлээ хэл" гэхэд цагдаа "муу зүйл бичиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн учраас" гэжээ. Тэрбээр "ажлын цаг дууссан учир мэдүүлэг өгөх боломжгүй" гэхэд цагдаа "Танай гэрийн чинь цонх гэрэлтэй байна. Хурдан гарч ир" хэмээн шаарджээ.
Ц.Уянга цааш ярихдаа "Уг нь Монгол Улсын иргэн өөрийн хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхтэй. Би үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичээгүй, бас Путины амь насанд халдана гэж заналхийлээгүй шүү дээ.
Миний шүүмжилсэн шалтгаан бол манай орон өнөөдөр Оросын автономит улс шиг байдалтай байна. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж болно, тэмдэглэх ч ёстой. Гэхдээ тусгаар тогтносон улс орон руу байлдааны техник хэрэгсэл оруулж, буудлага хийж, үүгээр зогсохгүй нийслэл хотын дээгүүр байлдааны онгоц нисгэж байгаа нь зохисгүй зүйл. Нийслэл хотын дээгүүр гадны улсын байлдааны онгоц нисэхийг хориглосон заалт Үндсэн хуулинд байгаа шүү дээ" хэмээн ярилаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг шүүмжилсэн хүнд хэрэг үүсгэж байгаа гэх мэдээлэл Ц.Уянгаар ч зогсохгүй. Өчигдөр цахим орчинд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг иргэн Г.Ганбатыг гэртээ эзгүй байх хойгуур нь тагнуулын ажилтнууд гэрт нь ирээд явжээ. Тэд хоёр орны дипломат харилцаанд халдахыг зогсоо хэмээн түүний хүүхдэд захиад явсан аж.