Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө нь манай сонин мэдээлсэн. Олон нийтийн өмчийг хувьдаа ашиглаж, эх орон, зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах байсан олон залуугийн боломжийг хулгайлсанд дургүйцэж, жигших хүн нэг биш байгаа юм. Бүр тодруулбал, “Д.Дашзэвэг гэдэг мангасыг холдуулж байж л БХТН хөгжинө”, “Хагарч өгдөггүй идээ бээр юм. Энэ янзаараа БХТН удахгүй устах нь”, “Арай ч дээ” гэх мэтээр бухимдаж, санаа зовних хүнтэй захаас аваад таарав. Товчхондоо, БХТН-ийн эд хөрөнгөөс дахин юу дутаж, үрэгдсэн бол гэхээс ажилтнуудынх нь яс хавталзаж байна.
Түүхт БХТН-ийн 90 жилийн ой энэ онд тохиосон. 21 аймгийн салбар зөвлөл бүрээс сая төгрөгийн татаас авч, ойгоо тэмдэглэсэн гэх. Ингэхдээ ихэнх гишүүд, ажилтнуудаа ойдоо урилгүй, Төв аймгийн нэгэн буйдхан газарт, нууцаар шахам тэмдэглэжээ. Салбар зөвлөлийн гишүүд нь 90 жилийн ойг тохиолдуулан онц их хурал зарлахаар төлөвлөж байсан гэнэ. Д.Дашзэвэг хурандаа олонхоос зугтаж, цөөн хэдхэн хүн оролцуулан, хүндэтгэлт ойгоо нууцхан тэмдэглэсэн гол шалтгаан нь онц их хурал зарлахаас бултсан хэрэг бололтой.
Хан-Уул дүүргийн III хороонд байрлах БХТН цагтаа 25 сая орчим ам метр газартай, олон барилгатай, юм юмтай байгууллага байв. 21 аймгаас гадна Зүүнхараа, Хархоринд салбартай. Салбар бүр нь газар, байшин барилга, тусгай техник, бусад машин тоноглолтой байж. Харин өдгөө цалгисан баян байгууллага байхаа больсон. Түүгээр ч үл барам БХТН-ийн төв байран дахь сургалт бүрэн зогсож, хувийн хэвшлийнхэнд өрөө, танхим түрээслэхээс өөрөөр үйл ажиллагаа явуулдаггүй. Зарим аймгийн газар, объектыг зарснаас салбарын дарга нар бусад газрын зай талбайг царайчилж, үйл ажиллагаа явуулахад хүрчээ. Тухайлбал, БХТН-ийн Баян-Өлгий аймгийн салбар газар ч үгүй, байр ч үгүй болсон сурагтай.
Тиймээс сургалт явуулахын тулд бусад байгууллагын өрөө танхимыг түрээсэлдэг аж. Баримтаас харахад, Баян-Өлгий аймгийн салбар урьд нь сургалтын байр, агуулах, дулаан гарааш, буудлагын тир, машин техниктэй байж. Өдгөө сургалтын байрыг туркүүд эзэгнэж, шашны сургууль үйл ажиллагаа явуулж буй. Мөн агуулах, буудлагын тирийг нурааж, өөр барилга барьжээ. Үүнээс гадна байгууллагын нэр дээрх сургалтын буу, техник хэрэгсэл бүгд үрэгдсэн гэнэ. Эдгээрийг 2002 оны орчим 92 сая ам.доллар, зарим нь 92 сая төгрөгөөр туркүүдэд зарсан гэх яриа байдаг. Тухайн үед үүнийг Д.Дашзэвэг мэдэж байсан ч чимээгүй өнгөрсөн гэх. Харин ажилтнууд нь цагдаагийн байгууллагад хандсан авч, эзэн холбогдогч нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаар эл хэрэг хаагджээ. Одоо тус байгууллагад бүртгэлтэй ганц хөрөнгө нь ердөө “Sonata-6” загварын машин аж. Үүнээс гадна БХТН-ийн Ховд аймаг дахь салбарын газар, зарим эд хөрөнгө дээрхийн адилаар үрэгдсэн гэх яриа хэдийн тархжээ. Ерөөс тус нийгэмлэгийн 21 аймаг дахь салбарын газар, барилга зэрэг бүх өмч эзэнгүйдэж, хэн дуртай нь цөлмөж, үрэн таран хийх нөхцөл бүрдсэн гэх “бор шувуу” хаа сайгүй нисэж буй.
Жил бүрийн есдүгээр сар дөхөхөд цэцэрлэг, сургуулийн асуудал босож ирдгийг бид мэднэ. БХТН-ийн удирдлага хэдэн жилийн өмнө “Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг барина” хэмээн төв байрныхаа ардхан талд газар ухсан ч ганц ч тоосго өрөлгүй өнөөдрийг хүрчээ. Хүүхдүүд ухсан нүхэнд унаж, хүрээлсэн шор төмөрт өртчих гээд хэцүүхэн байгаа тул зарим хүн барилгаа барьж дуусгахыг Д.Дашзэвэгээс удаа дараа шаардсаар ирсэн гэдэг. Харамсалтай нь, цэцэрлэг барих газрыг тэрбээр хүргэн н.Оргилынхоо нэр дээр хэдийн шилжүүлсэн нь саяхан ил болсныг тус нийгэмлэгийн ажилтан хэлэв. Энэ мэтээр Д.Дашзэвэг хурандаатай холбоотой, БХТН-ийн эд хөрөнгийг төрсөн дүү, хүргэн болон танил талдаа өгч шамшигдуулсан гэх баримт мэдээлэл цөөнгүй гарсаар байгаа юм. Гэвч тэрбээр үүнийг үл тоон “Та нар намайг яаж ч чадахгүй” хэмээн таахалзаж яваа сурагтай.
1990-ээд оны зах зээлийн шуурганд ч БХТН амь бөхтэй байж, тамирчдаа дэмжих зөв бодлого явуулж, тив, дэлхийн хэмжээний тэмцээнээс медаль авч, тусгай байрт шалгарсныг нь олон хүн онцлов. Дэлгүүрийн лангуунд давснаас өөр зүйл байгаагүй хүндхэн үе буюу 1992 онд Д.Мөнхбаяр Барселоны олимпод оролцож, хүрэл медаль авсан гэдэг. Мөн 1993, 1994, 1998 онд БХТН-ийн бэлдсэн залуус тив, дэлхийн хэмжээний олон тэмцээнээс алтан медаль авсныг өнөө ч мартаагүй. Гэтэл 1999 онд байгууллагын удирдлагыг сонгох сонгуулиар Д.Дашзэвэг саналын хуудсыг сольж, өөрчлөн, луйврын аргаар гарч ирсэн гэх. Ингэхдээ таван төрлийн техник спортын тамирчдын саналыг аваагүй, БХТН-ийн Архангай, Өмнөговь зэрэг аймгийн салбар зөвлөлийн дарга нарын дэмжлэгтэйгээр удирдлагыг гартаа авсныг тухай үед ажиллаж байсан ахмадууд гэрчилдэг. Зарим нь өдгөө “Яах гэж Д.Дашзэвэгийг дэмжив ээ” хэмээн амаа барьж буй сурагтай. Тухайн үед ажлыг нь хууль бусаар авсныг үл тоон, алд цэнхэр хадаг дэлгэн, сайн сайхныг ерөөж, албаа өгсөн дарга нь өдгөө бас харамсаж сууна. 1991-1999 онд БХТН-ийн даргаар Үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог ажилласан. Тэрбээр Д.Дашзэвэгийг “Хүү минь, дүү минь” хэмээн урд, ардаа оруулан өмөөрч, дэмжиж ирсэн боловч одоо нэгэнт урам нь хугарчээ. Тиймээс зарим генерал, ахмад дайчидтай нэгдэж, түүнд огцрох шаардлага тавьж буй. Ийнхүү залуу, халуун насны ид хавтай үедээ энэ нийгэмлэгт бүхнээ зориулж явсан ахмадууд байгууллагаа сүйрлийн ирмэгт тулсныг дуулаад халаглаж байна.
Ж.ГҮРРАГЧАА: БИД БХТН-ИЙГ ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТСОН ХОЙНО НЬ ХҮЛЭЭЖ АВСАН
БХТН-ийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаатай уулзаж, нийгэмлэгийн үүх түүх, хөгжлийн талаар цөөн хором ярилцсан юм.
-БХТН-ийн 90 жилийн ойн мэнд хүргэе. Энэ байгууллагатай ажил, амьдралаа холбосон үеэ дурсахгүй юу?
-БХТН баялаг түүхтэй байгууллага. 1919 онд сайн дурын морьт отряд байгуулсан нь энэ нийгэмлэг өсөн дэвжих эхлэл болсон. Энд жанжин Ч.Мижид, генерал Ж.Жамъян, Г.Дугарсүрэн гээд олон алдартан ажиллаж байв. 1960-1970 онд эл байгууллагын зорилтод өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, залууст цэргийн боловсрол олгох, тамирчдыг бэлтгэх, Цэргийн их сургуулийн цэрэгжилтийн хичээлд мэргэжлийн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ үедээ Зэвсэгт хүчин, ардын армийн харьяаллаас гарч, олон нийтийн байгууллага болсон. Өөрийгөө гэхээсээ илүү Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Ж.Жамъян дурсах нь зүйтэй. Бүх амьдралаа цэрэг, ард түмэндээ зориулсан энэ хүн БХТН-ийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Техник спорт Монголд хөгжих эхлэлийг тавьсан билээ. Бид БХТН-ийг хөл дээрээ тогтсон хойно нь хүлээж авсан.
-Хэчнээн төрлийн спортыг хөгжүүлж байв?
-Техникийн спортыг хөгжүүлэхэд их анхаарсан. Нисэх, шүхрийн спортыг анхлан хөгжүүлсэн. Үүнээс гадна радио, буудлага, авто болон мото спортыг ихээхэн дэмжиж ирсэн. Монголын морин спортын үүх түүх эндээс эхлэлтэй. Тухайн үед бартаат замын авто болон мөсний уралдааныг тогтмол зохиодог байв. ЗХУ-ын БХТН буюу ДОСААФ-ыг түшиглэн хөгжүүлэх бодлого баримталсан. Тиймээс социалист орнуудын тусламжаар өдий төдий барилга бариулж, онгоц, машин техник, мотоцикл авдаг байв. Ж.Жамъян гуай өөрийн дотнын найз ЗХУ-ын гурван удаагийн баатар А.И.Покрышкинд хандаж, Автомашины жолоодлогын иж бүрэн төв бариулсан. Би 1883 онд энэ онд ирээд ЗХУ-ын холбогдох хүмүүстэй гэрээ хэлцэл хийж, 30 автомашин авч байлаа. БХТН томоохон газар, олон тооны барилга, “АН-2”, “Ми-4”, “Ми-8” онгоц, олон машин техниктэй байсныг мэднэ.
-БХТН-ээс төрсөн алдартнууд тоймгүй олон биз.
-Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр, Гавьяат дасгалжуулагч Л.Баасанжав, нэрт нисгэгч Т.Дугар, тод манлай уяач Д.Даваахүү, Д.Сундуй, Гавьяат тамирчин Т.Цэрмаа, Т.Даваадорж гээд тоймгүй олон хүн бий. БХТН-ийн өмнөх удирдлага суурийг нь сайн тавьж өгсөн учраас өнөөдөр буудлага, бартаат замын уралдаан, мото болон морин спорт өдий зэрэгтэй хөгжиж буй.