Олон жил яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гүйцээж, гажуудсан бүхний шалтгаанаар тодорсон засаглалын хямрал, эрх мэдлийн буруу хуваарилалтыг засаж, залруулан, цэгцэнд нь оруулах хувьсгалын тохироо яг одоо л бүрдээд байна гэлцэж байсан нь саяхан сан. Улстөрч, судлаач эрдэмтэд, ард иргэдийн санаа бодол “Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв” гэсэн нэгэн цэгт огтлолцож, эрх баригч нам сөрөг хүчний ирцийн бойкотод орохгүйгээр баталчих хэмжээний үнэмлэхүй олонхын суудалтай байгаа нь ийн хэлэх гол шалтгаан байв. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонх ч “Эцэг хууль”-ийг өөрчлөхөөр идэвхийлэн зүтгэж, цаг хугацаа, хөрөнгө хүчийг харамгүй зарцуулж буй. Гэтэл байдал урвуугаар эргэж мадагүй нөхцөл үүсээд байна гэсэн таагүй мэдээ дуулдах болов.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СҮРДҮҮЛЭГ
УИХ дахь олонхын бүлэг санаачлан эхлүүлж, гурван жил шахам хугацаа, олон хүний хүч хөдөлмөр зарцуулан бэлэн болгосон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй зэрэгцүүлэн Төрийн тэргүүн өөрийн саналаа оруулж ирсэн нь төслийн хэлэлцүүлгийг гацаагаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүний тоог 108 болгож нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүний 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, үлдсэн 54-ийг нь пропорциональ буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэсэн санал дээр талууд зөвшилцөлд хүрч чадахгүй хэд хонолоо. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн дээрх саналаас УИХ-ын бүрэн эрхийн хугацааг тав болгохоос бусдыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлж, дундын хувилбар санал болгож буй аж. Тухайлбал, өмнөх парламентаас эхлэн яригдсан 99 гишүүнтэй болох хувилбарыг дэвшүүлжээ. Харин сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог хувилбарыг Үндсэн хуульд заахаас гишүүдийн олонх жийрхэж байна. Сонгуулийн холимог тогтолцоо, тэр дундаа мажоритар, пропорциональ тэнцүү хувилбар Монголд тохирно гэсэн судалгааны дүн гараад багагүй хугацаа өнгөрсөн. Улс төр судлаачид бараг бүгд үүнд санал нийлдэг. Гэтэл гишүүд “Ингэвэл би сонгогдож чадахгүй, тойроггүй үлдэнэ, жагсаалтын эхэнд бичигдэхгүй” гэсэн явцуу бодлоор асуудалд хандаж, усалж, тордож, тархийг нь угаахад авсаархан, жижиг тойрогтойгоо байхыг илүүд үзэн, хар амиа бодсоор байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гацаанаас харагдаж буй.
...Гарын үсэг зурсан 62 гишүүнээс гурав нь ажил тасалж, гурав нь эсрэг санал өгөхөд л Үндсэн хуулийн өөрчлөлт бүтэлгүйтнэ гэсэн үг. Дайны хажуугаар дажин гэдэг шиг Ерөнхийлөгчийн гөжүүдлэлтэй зэрэгцээд олонхын бүлгийн улигт маргаан дахин хурцадсан нь нөхцөл байдлыг улам эгзэгтэй болгож байна..
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн дээрх саналуудыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдэхэд Ерөнхийлөгч “Миний саналыг төсөлдөө энэ чигээр нь оруул. Үгүй бол би төслөө бүхэлд нь татаж авна. Тэгээд та нар өөрсдийн боловсруулсан төслийг явуул. Харин арынх нь улс төрийг дааж чадах юм байгаа биз дээ” хэмээн сүрдүүлсэн гэх. Арын улс төр гэдэг нь ард нийтийн санал асуулгаар батлуул хэмээн шаардаж, төслийг батлуулахгүй байх арга саам хайх, баталлаа гэхэд хориг тавих гэхчлэнгээр эрх баригчдыг “хорлох”-оо хэлж буй хэрэг.
32, 33-ЫН БҮЛГИЙНХНИЙ ХАГАРАЛ “СЭДЭРЧ” МЭДЭХ НЬ
Сөрөг хүчнээс сонгогдсон “элэг буруутай” Ерөнхийлөгчийн улс төр ч яах вэ. Сөрөг хүчин гэдэг сөрөөд л байхын нэр хэмээн ойлгож болох зүйл. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар ч саадгүй баталж чадах хүч хэмээгдэж буй олонхын бүлэг дотор дахин дажин дэгдэж магадгүй байгаа гэх мэдээлэл аюулын харанга дэлдэж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийнхний боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд парламент дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний 62 нь (УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн нар төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, гарын үсэг зураагүй) гарын үсэг зураад, өргөн барьсан. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах хангалттай саналын товчлуур болж харагдаж байлаа. Гэтэл гарын үсэг зурсан гишүүд эргэж буцаж тун магадгүй болоод буй талаар ойрын эх сурвалж хэлсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Цагаан суваргын ордын асуудлаас болоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт огт оролцохгүй байгаа бол Б.Чойжилсүрэн нэмэгдэж мэдэх нь. Тэрбээр Тост, Тосон бумбын орчим дахь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан намынхаа удирдлагад иймэрхүү мессеж өгч эхэлжээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 32-ын (М.Энхболдын талынхан) бүлгийн гол хүн. Хэрэв тэрбээр У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй 33-ын бүлгийнхэнд дайн зарлахаар шийдэж, өөрийн талынхныг дагуулбал Үндсэн хуулийг өөрчлөх ажилд саад бодитойгоор тулгарна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь буюу хамгийн багадаа 57 гишүүний санал хэрэгтэй. Гарын үсэг зурсан 62 гишүүнээс гурав нь ажил тасалж, гурав нь эсрэг санал өгөхөд л Үндсэн хуулийн өөрчлөлт бүтэлгүйтнэ гэсэн үг. Дайны хажуугаар дажин гэдэг шиг Ерөнхийлөгчийн гөжүүдлэлтэй зэрэгцээд олонхын бүлгийн улигт маргаан дахин хурцадсан нь нөхцөл байдлыг улам эгзэгтэй болгож байна.
ҮНДСЭН ХУУЛИЙГ САЙНААР ӨӨРЧИЛЖ ЧАДВАЛ МАН-ЫН ТҮҮХЭН ГАВЬЯА, МУУТГАВАЛ ТҮҮХЭН ГАЙ БОЛНО
Эрх баригч хүчин хууль тогтоох чиглэлд энэ дөрвөн жилд хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Үүнээс ч илүү том шалтгаан бий. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгдээд багагүй хугацаа өнгөрсөн.
Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сүүлийн дөрвөн парламент ямар нэг байдлаар ярьж, зарим нь төсөл боловсруулан, бэлэн болгосон. Бүр тодорхой хэлбэл, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв. Тэдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болон туссан. Түүнээс хойш хамгийн амжилттай явсан нь (энэ удаагийнхыг оролцуулахгүйгээр) 2015 онд Н.Батбаяр тэргүүтэй гишүүдийн санаачилж, боловсруулсан төсөл. Уг төсөлд гишүүдийн олонх нь гарын үсэг зурж, УИХ-д өргөн барих хэмжээнд очсон ч парламентаар хэлэлцэгдэх хувь дутсан билээ.
Парламент нь олон намын төлөөлөлтэй, Засгийн газрыг хамтарч бүрдүүлж байх үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл талуудын байр суурийг тэгш тусгах ардчиллын зарчим хангагдана хэмээн тайлбарлах хүн олон байдаг. Гэвч бодит байдал дээр улс төрийн хүчнүүд өрсөлдөгчдөө оноо өгөхийг хүсдэггүй учраас ийм томоохон асуудлаар нэгнийхээ санаачилсныг дэмжихээсээ илүү саад тавьдаг. Үүнийг бид Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн 2015 оны оролдлого болон бусад олон зүйлээс ханатлаа харсан. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар үед батлах боломжтой вэ. Практикаас харвал, нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг баталж, өөрчлөлт оруулж байж. 1992 онд Үндсэн хууль баталсан 430 депутатын 390 гаруй нь МАХН (хуучнаар)-ын гишүүн байсан. 1999 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д 50 суудалтай байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тэр нь Үндсэн хуулийн цэц дээр унасан. 2000 онд МАХН парламентад 72 гишүүнтэй байхдаа Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй хэмээн шийдэж, “дордуулсан долоон өөрчлөлт”-ийн автор болсон. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг байнга ярьж ирсэн ч өнөөгийнх шиг урагшилсан нь үгүй. Иймээс нэг нам дангаараа баталж чадахуйц тооны суудалтай байхдаа л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ, үгүй бол дараагийн аятай хугацааг хүлээхээс өөр гарцгүй гэж судлаачид хэлээд байгаа.
УИХ-д 64 суудалтай энэ удаагийн парламент “Эцэг хууль”-ийг өөрчлөхөөр гурван жилийн өмнөөс ханцуй шамлаж, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэд хэдэн ажлын хэсэг байгуулан, тал талын байр суурийг сонсох, нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр нэлээд өргөн хүрээтэй, ул суурьтай ажиллан, боловсруулсан төслөө УИХ-д өргөн барьж, эхний хэлэлцүүлгийг даваад буй. Харин дээр дурдсан саад тотгорууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг ээдрээтэй болгож мэдэх нь.
Олон жил ярьсан, өчнөөн парламентчийн мөрөөдсөн Үндсэн хуулийг өөрчлөх боломжоо энэ парламент хэрхэн ашиглахыг намрын сэрүүн өдрүүдэд харуулах биз. Боломжоо ашиглаж чадвал бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг үзнэ. Хэрэв ингэвэл эрх баригч намын мөрийн хөтөлбөртөө тусгасан, бүрэн эрхийнхээ хугацаанд амжуулсан ганц том ажил, сайнаар өөрчилж чадвал шинэ үеийн МАН-ын түүхэн гавьяа, муу хийвэл түүхэн гай нь болно. Эс бөгөөс 2000 оноос өнөөг хүртэл явсан шигээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайгаа үргэлжлүүлэн ярьсаар дахин хэдэн арван жил элээх биз.