Байранд амьдардаг иргэдийн олонх нь Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ндоо бус орон сууцны конторт илүү итгэдэг. Учир нь СӨХ олон нийтийн байгууллага. Харин контор хэрэглэгчдийн хог, ус, дулаан, цахилгааны төлбөрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу төвлөрүүлж, засвар, үйлчилгээг нь хариуцдаг тул асуудалгүй. Бид өнөөдрийг хүртэл ингэж л бодож, итгэж ирсэн. Гэвч “Үүрэхийг нь чи үүрч, янцаглахыг нь би янцаглая” гэгчээр СӨХ-дыг их хэмжээний өрөнд унаган, иргэдэд муу нэр, луу данстай болгож буй орон сууцны контор байдаг гэх.
Баянгол дүүрэгт байрлах орон сууцны хэд хэдэн хорооллол, хотхон, СӨХ-г хариуцаж, төлбөр, тооцоог нь хураадаг “Таун комфорт” ХХК-ийнхан холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, иргэдэд хохирол учруулсан байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй юм байна. Тодруулбал, нэр бүхий СӨХ-д тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Таун комфорт”-ынхны буруутай үйлдлийг тогтоож, иргэдийг хохиролгүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Учир явдлыг тодруулахаар нэхэмжлэл гаргасан СӨХ-ныхонтой уулзлаа. Тус дүүргийн IV хорооны нутаг, X хороололд байрлах “Голден парк 2” хотхоны 302 дугаар байрны “Зуун мод” СӨХ өнгөрсөн долдугаар сарын 3-нд харьяа дүүргийн шүүхэд ямар гомдол гаргасныг тодруулъя. Тэд “Таун комфорт” орон сууцны конторыг үндэслэлгүй хөрөнгөжсөнийг тогтоож өгөхийг, үйлчилгээний хураамжийн илүү төлсөн мөнгийг оршин суугчдад буцаан олгохыг шаардаж байгаа аж. “Зуун мод” СӨХ-ны дарга Б.Оюуннямаас энэ талаар тодруулахад “Манайх “Таун комфорт” ХХК-тай 2013 оноос хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус конторын нэхэмжлэлийн дагуу оршин суугчид ус, дулаан, цахилгаан, хог зэрэг хэрэглээнийхээ, СӨХ дундын өмч болох орц, хонгил, зоорийн давхрын халаалтын төлбөрийг тушааж ирсэн. Манай байр 16 давхар, 208 өрхтэй, гурав нь эзгүй байдаг. СӨХ-ны даргаар 2017 оны дөрөвдүгээр сард ажиллаж эхлэхэд “Таун комфорт” ХХК-д есөн сая гаруй төгрөгийн өртэй, хаалга, цонх нь эвдэрхий, хоёр цахилгаан шат ажиллагаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй байсан. Өдий хүртэл орон сууцны конторын нэхэмжилсэн мөнгийг хугацаанд нь төлж, орчноо өөд нь татаж ирсэн. Гэвч орон сууцны контор сүүлийн жил гаруйн хугацаанд биднээс 10 сая төгрөг нэхэмжлэх болсон. Эл төлбөр ямар учраас үүсэв гэдгийг холбогдох хууль, дүрмийн дагуу судалсан. Тэгэхэд “Таун комфорт” компанийнхан хог хаягдлын хураамж, цэвэр, бохир ус, орц, зоорийн давхрын халаалтын мөнгийг үндэслэлгүй нэмж, авч байсныг тогтоосон” гэж ярилаа.
Дээрх орон сууцны контор зөвхөн “Зуун мод” СӨХ-ны 205 өрхөөс 77 сарын турш хогны мөнгийг 500 төгрөгөөр нэмж авсныг Эрчим хүчний зохицуулах хорооныхон баталж, дүгнэлт гаргаж өгсөн юм байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийн 2006 оны 182 дугаар тогтоолоор нэг өрхийн хог хаягдлын хураамжийг 2000 төгрөгөөр тооцож, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж буй. Гэтэл “Таун комфорт”-ынхон уг төлбөрийг дураар нэмж, өрхүүдээс сар бүр 2500 төгрөг авдаг байсан аж. 77 сарын турш 205 өрхөөс авсан 500 төгрөг хуримтлагдсаар өдгөө 7 892 500-д хүрснийг “Зуун мод” СӨХ-ныхон хэлсэн. Түүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны Аж ахуйн харилцааны дүрмийн 2011-2017, өнгөрсөн оны аравдугаар сарын 292 дугаар тогтоолын хавсралтад зааснаар “Барилгын зоорийн давхрыг авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол дулаан, эрчим хүчний төлбөрийг талбайн хэмжигдэхүүний 50 хувиар тооцож авна” гэснийг орон сууцны контор нь бас л зөрчсөн гэх. Зоорийн давхарт тухайн барилгын дулааны шугамууд байрладаг бөгөөд энэ нь холбогдох дүрэм, журам, стандарт хангасан, халаалтын нэмэлт систем суурилуулаагүй тохиолдолд төлбөр бүр ч авдаггүй юм байна.
Гэтэл 302 дугаар байр зоорийн давхраа авто зогсоолын зориулалтаар ашигладаг бөгөөд “Таун комфорт” ХХК Аж ахуйн харилцааны дүрмийн дагуу бус, талбайн дулааны төлбөрийг 100 хувиар, 290 ам метрээр илүү тооцож авч байсныг Б.Оюунням хэлэв. Тэрбээр “2018 оноос хойш зоорийн давхрын дулааны төлбөрт манайх 1 027 180 төгрөг илүү төлсөн. Мөн халаалтын нэмэлт хэрэгсэлгүй, нийтийн зориулалтаар ашиглаж буй орц, хонгилын талбайн дулааны төлбөрийг авахдаа холбогдох дүрэм, журмыг зөрчин 100 хувиар тооцон, долоон сарын турш 354 200 төгрөг нэмж авсан байх жишээтэй. Түүнээс гадна цэвэр, бохир усны тариф нэмэх сургаар шийдвэр батлагдаагүй байхад буюу 2018 оны дөрөвдүгээр сард оршин суугчдаас нэмэгдсэн өртгөөр тооцож, төлбөр хураасан. Үүний улмаас 205 өрх үнийн дүнгийн зөрүүнээс 820 мянган төгрөг залилуулсан. Эдгээр төлбөрийг орон сууцны контор холбогдох дүрмийг зөрчиж, хууль бусаар авч байсныг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан тоотоор баталгаажуулсан. Тиймээс манай СӨХ “Таун комфорт”-оос 10 465 790 төгрөг нэхэмжилж байгаа. Бид өртэй биш, харин авлагатай гэсэн үг. СӨХ оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. 205 өрх өнгөрсөн хугацаанд орон сууцны конторт тушаасан үйлчилгээний төлбөрийнхөө зөрүүг авах эрхтэй” гэсэн юм.
“Таун комфорт” ХХК 2006 оноос хойш орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж. 104 байр, 4827 айл өрх, 128 аж ахуй нэгж, 21 амины орон сууцад амьдардаг 12 500 орчим оршин суугчийн ус, дулаан, цахилгааны хэрэгцээг хангадаг байна. Дээрх хороолол хотхоны 14 СӨХ тус компанид харьяалагддаг. Эдгээр холбооноос хоёр нь “Таун комфорт”-д ямар нэгэн төлбөр, тооцоогүй бол үлдсэн нь 10-40 сая төгрөгийн өртэй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тий мээс тэд дүүргийнхээ СӨХ-ны нэгдсэн зөвлөлтэй хамтран ажиллаж, өмгөөлөгч хөлслөн орон сууцны конторынхоо булхайг илчилсэн нь энэ гэнэ. СӨХ-дын төлөөлөл тус компанийхныг харьяа хороолол, хотхонуудын өрх бүрээс олон жилийн турш хог хаягдлын хураамжид 2500 төгрөг, орц, хонгил, зоорийн давхрын дулааны төлбөрийг тооцохдоо Аж ахуйн харилцааны дүрмийг уландаа гишгэж, хур өрөнд унагасан хэмээн үзэж байна.
Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс “Таун комфорт” ХХК-ийн удирдлагаас уг асуудлыг тодруулахад “Ашигласан ус, дулааны төлбөрөө өгдөггүйгээс их хэмжээний өрөнд унасан СӨХ-д бий. Тэднээс мөнгөө авч чадахгүй байгаа тул заримыг нь шүүхэд өгсөн. Үнэн зөвийг шүүх шийдэх байлгүй дээ. Бодвол манайхыг мөнгө хүүлэгч, луйварчин мэтээр бусдад ойлгуулах гэж хичээж байгаа биз. Шаардлагатай гэвэл манай өмгөөлөгчтэй холбогд” гэсэн юм. Үүний дагуу тус компанийн өмгөөлөгч М.Энхжингээс болсон явдлыг лавлахад “Зуун мод” СӨХ 2014 оноос хойш манайд ашиглалтын зардлаа дутуу төлж ирсний улмаас өр хуримтлагдсан. “Өрөө төл” гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Оршин суугчдаас хогны мөнгө нэмж авсан асуудлыг ярьж байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийн 2006 оны 182 дугаар тогтоолыг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буйг мэдэхгүй. Ямартай ч дүүргүүдийн хог тээвэрлэх зардал, хураамжийг орон нутгийн ИТХ-аар баталдаг. Манайх хууль, журмынхаа дагуу орон сууцны ашиглалтын зардал дээр хогны мөнгийг нэмж төвлөрүүлдэг ч “Баянгол шинэ өргөө” ХХК руу шилжүүлдэг. Тэднийх дүүргийн хэмжээнд хог хаягдлыг ачиж, зайлуулдаг. Баянгол дүүргийн ИТХ-аар хог хаягдлын хураамжийг нэг өрхийн 2500 төгрөг гэж тогтоосон юм билээ. Түүний дагуу л бид төлбөр хураадаг. Тиймээс “Зуун мод” СӨХ-ны эсрэг нэхэмжлэх гаргасан. Үүсээд буй маргааныг шүүх эцэслэн шийдэх байх” хэмээсэн.
Ямартай ч хэргийн үнэн мөнийг хуулийн байгууллага шийдэх биз ээ. Дээрх хороолол, хотхонуудын оршин суугчид хог хаягдлын төлбөрт сар бүр 2500 төгрөг тушаадаг байснаа хэлсэн юм. Иргэн М “Хогны мөнгө угаасаа 2500 төгрөг биш юм уу. Өглөө гараад үдэш гэртээ ирдэг мань мэт бол татвар, хураамж хэрхэн нэмэгдэж байгааг мэдэхгүй, залилуулсаар дуусах биз. Үнэнийг хэлэхэд, 500 төгрөгөө авъя гээд хаана, хэнд ч гомдол гаргах юм. Нэг өрхөд бол жилийн 6000 төгрөг. Заргалдаад явбал үүнээс их мөнгө зарцуулна” гэсэн бол зарим нь “Хумсалсаар хумсалсаар хулгайч гэгчийн үлгэрээр орон сууцны контор айл өрхүүдэд мэдэгдэхгүйгээр бага багаар мөнгө авдаг байсныг СӨХ-ныхноосоо дуулсан. Хэдийгээр нэг өрхөд 500 төгрөг бага мэт боловч нийт оршин суугчдын хэдэн сар, жилээр төлсөн хураамжийг нэмж, үржүүлбэл өчнөөн сая төгрөг болж байгаа. Энэ их мөнгийг биднээс зүгээр л цэвэрхэн хулгайлчихаж байгаа нь зүйд нийцэхгүй. Хууль хяналтын байгууллага энэ луйврыг илчилж, буруутай хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй. Орон сууцны бусад контор сургамж аваг” гэцгээж байв.