- Импортоос хараат бус байдал 30 жил л үргэлжлэх үү -
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ
Дэлхийн зах зээл дэх газрын тосны болон ам.долларын ханш голчлон, бас улирлын шинж чанартай холбоотойгоор эрэлт, цаг агаарын байдал зэрэг нь Монголд борлуулж буй шатахууны үнэд нөлөөлдөг. Энэ он гарснаас хойш газрын тосны ханш өгсөж, уруудаж өдий хүрэв. Өдгөө АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, уг таваарын эрэлтийн төлөв, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн мэдэгдэл, Персийн булантай холбоотой тодорхойгүй байдал, улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан гэх мэт хүчин зүйл “хар алт”-ны ханшийн муруй хаачихыг тодорхойлж байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай гэх тодотголтой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урд хөршөөс импортолдог зарим бараа, бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн нь уг таваарын үнийг хямдрахад нөлөөлөх жишээтэй.
Дээр дурдсан хүчин зүйлсээс манай улс дахь жижиглэнгийн үнэд хамгийн их нөлөөлдөг нь дэлхийн зах зээлийн ханш аж. Ам.долларын ханш нэг төгрөгөөр хэлбэлзэхэд литр шатахууны үнэ 40-50 мөнгөөр өсөж, буурахад хүргэдэг гэнэ. Тэгвэл гадаад зах зээлийн үнэ тонн тутамдаа нэг ам.доллароор хэлбэлзэхэд литрийнх нь ханшид 2-3 төгрөгөөр нөлөөлдөг байна.
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 80 орчим хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас авдаг. Үлдэх хувийг нь ОХУ, БНХАУ-ын том, жижиг компаниуд нийлүүлдэг агаад дотоодын зах зээл дэх ханшид тэд төдийлөн нөлөөлдөггүй. Тэгвэл “Роснефть” компаниас ирэх есдүгээр сард нийлүүлэх газрын тосны үнэ хямдрах төлөвтэйг эх сурвалж дуулгав. Дээр дурдсанчлан газрын тосны ханш хямдарч буй учраас тэр. “Роснефть” компанийнхан Сингапурын түүхий эдийн бирж дэх өмнөх сарынх нь 1-25-ны үнийн дунджийг харгалзан ямар ханшаар манайд нийлүүлэхээ урьдчилан мэдэгдэж буй.
Сүүлийн саруудад ам.долларын ханш “хөөрөх” нь арай тогтвортой, жижиглэнгийн үнэд үзүүлэх нөлөө нь бага байгаа гэхэд болно. Нөгөөтээгүүр, газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар өөрчлөгдөхгүйг эх сурвалж хэлсэн. Өдгөө долдугаар сарынхаас буурч буй, манай жижиглэнгийн үнэд голлон нөлөөлөх, дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш цаашид хэрхэх бол?
САУДЫН АРАБ ШИГ САНДРАХГҮЙ
Эрэлт нь багасна гэсэн хүлээлт үүссэнээс болж газрын тосны ханш энэ сарын хоёр дахь долоо хоногт сүүлийн долоон сарынхаа доод түвшинд хүрсэн. Иймээс зах зээлийг тогтворжуулахын тулд уг таваарын томоохон үйлдвэрлэгч Саудын Араб экспортоо багасгахаа мэдээлсэн юм. “Хар алт”-ны үнэ үргэлжлэн хямдрахыг тэвчиж чадахгүйгээ Саудын Арабын Засгийн газрын төлөөлөл мэдэгдэж, ОПЕК-ийн бусад гишүүн орон руу утас цохиж, ямар хариу үйлдэл хийж болох талаар лавласан гэдэг. Ядахад ОПЕК-ийн гишүүн бус, “хар алт”-ны бас нэгэн томоохон үйлдвэрлэгч ОХУ “хэрэг тарьж” орхилоо. Тодруулбал, хойд хөрш энэ сарын эхний хагаст өдөрт 11.32 сая баррель газрын тос олборлосон нь нэмэгдсэн дүн аж.
Энэ нь долдугаар сарынхтай харьцуулбал 180 мянган баррелиар ахиу дүн агаад уг үзүүлэлтийг 11.19 саяд “барих” үүрэг хүлээснээ биелүүлээгүй гэсэн үг. АНУ Иран, Венесуэлийн экспортод хориг тавьсан нь ОХУ-ын газрын тосноос олох орлогыг нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш нэг орчим тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн статистик бий. Уралаас нийлүүлж байгаа тос нь Европын орнуудын боловсруулах үйлдвэрт Иранаас экспортолдгийг “орлож” буй аж. Тиймээс газрын тосны үнэ хямдарсан ч хойд хөрш үйлдвэрлэлээ Саудын Араб шиг багасгахаар яарахгүй бололтой. Саудын Араб өнгөрсөн арванхоёрдугаар сард амласныхаа дагуу олборлолтоо багасгаад буй агаад Эрчим хүчний сайд Халид Аль-Фалих нь долдугаар сард болсон ОПЕК-ийн уулзалтын үеэр “Бид үйлдвэрлэлээ хангалттай хэмжээнд бууруулсан” хэмээн тодотгосон билээ.
Тус улс ирэх есдүгээр сард газрын тосны экспортынхоо хэмжээг эрэлтийг нь харгалзан шийдэх бололтой. Зарим шинжээчийн тооцож буйгаар ирэх сард өдөрт 9.6 сая орчим баррель газрын тос үйлдвэрлэх магадлалтай аж. 2019 он гарсаар Саудын Араб Хойд Америкт өдөрт 530 мянга орчим, Европ руу дунджаар ердөө 210 мянган баррель бүтээгдэхүүн нийлүүлснийг “Bloomberg” мэдээлсэн юм.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага дахь түнш Ирак улс Саудын Арабын санаачилгыг хэр дэмжих бол? Ирак тийм ч их “туслахгүй” байх магадлалтайг шинжээчид тэмдэглэжээ. “Bloomberg”-ийн тооцоолсноор тус улсын түүхий тосны экспорт энэ сарын эхний хагаст гэхэд сүүлийн гурван сарынхаа дээд түвшинд хүрээд буй учраас ийн үзэж буй хэрэг.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааны маргаан, Европын орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан зэрэгтэй холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдэх нь эргэлзээтэйг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд уламжилж буй. Тодруулбал, өнгөрсөн 1-5 дугаар сард уг таваарын эрэлт дэлхийн санхүүгийн хямралаас буюу 2008 оноос хойших хамгийн бага хэмжээгээр (өдөрт 520 мянган баррелиар) өссөн тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээс эш татан онцолж байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын газрын тосны эрэлт гурван улирал дараалан буурсныг энд дурдаж болно.
Дээрх агентлаг мэдээлэлдээ “Дэлхийн эдийн засгийн “эрүүл мэнд” улам тодорхойгүй болж байна” хэмээн дурдсан бөгөөд газрын тосны эрэлт цаашид ч буурах төлөвтэй гэжээ. Иймээс ч газрын тосны зах зээлийг “бүрхэг” хэмээн “Guardian”-д тодорхойлсон биз. Сонирхуулахад, ОПЕК-ийн гишүүн бус, үйлдвэрлэгч орнууд ирэх жил нийлүүлэлтээ өдөрт 2.2 сая баррелиар өсгөх төлөвтэй аж. “Goldman sachs” банкныхны тооцоолж буйгаар худалдааны маргаан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн арваннэгдүгээр сард болох хүртэл үргэлжлэх магадлалтай юм байна.
Долдугаар сарын эцсээр баррель газрын тосны ханш 64 орчим ам.доллар (53 фунт стерлинг) байснаа өдгөө 56 “ногоон” (47 фунт)-той дүйж байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард нэг баррель “хар алт”-ны ханш бараг 75 ам.доллар (62 фунт) “шүргэж” байснаас 25 гаруй хувиар доогуур үнэ юм. Хэдийгээр Саудын Арабын зүүн хэсэгт, газрын тосны ордтой ойролцоо халдлага болж, уг таваарын ханш өчигдөр ялимгүй өссөн ч төрийн өмчит “Saudi Aramco” компаниас үйлдвэрлэлд нь өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн. Нийлүүлэлтийн хэмжээ нь хэвээр байх тул үнэд нөлөөлөхгүйг UBS банкны мэдээлэлд онцолжээ. Мөн АНУ-ын эрчим хүчний фирмүүд сүүлийн долоон долоо хоногт анх удаа олборлох төхөөрөмжийн тоогоо өсгөлөө. Үүнээс гадна ирэх жил их биш ч газрын тосны илүүдэл бий болно хэмээн ОПЕК таамагласныг “Reuters” эш татан мэдээлэв.
Эдгээрээс харвал дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх магадлал бага гэхэд болох нь. Тиймээс ч ес, аравдугаар сард Монголд борлуулах жижиглэнгийн үнэ өсөхөөргүй байгаа гэсэн үг. Холбогдох байгууллагын төлөөлөл ч ийн үзэж буйгаа дуулгасан. Харин аравдугаар сараас өвлийн дизель түлш авахтай холбоотойгоор (тусгай томьёоллоор, тонн тутмынх нь ханш 25 ам.доллароор өндөр байдаг) үнэ хэлбэлзэх магадлалтайг үгүйсгэсэнгүй.
Импортоос бүрэн хараат манай улсын хувьд Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж буй. Тэнд ашиглах түүхий эдээ бэлтгэх, хэмжээг нь өсгөх нь үйлдвэртэй болохтой адил чухал. Монгол Улсын хэмжээнд түүхий тосны баталгаат нөөц 332.6 сая тонн гэсэн дүн бий. Үүний 43 гаруй сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц аж. Дээрх үйлдвэрийг хамгийн багадаа 30 гаруй жил хангах нөөцтэй гэж тооцож буй юм билээ. Иймээс түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд хайгуул хийх нь чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, өндөр үнэтэй техник, тоног төхөөрөмж шаардлагатай нь тодорхой тул дотоод, гадаадын компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шаардлагатай болж таарна.
Гэтэл гадаадынх нь ч бай, дотоодынх нь бай компанийн (“Макс ойл”, “Петро Матад”, “Петро Чайна дачин Тамсаг” зэрэг) хайгуулын ажил, тээвэрлэлтийг санаатай, санамсаргүйгээр зогсоож буй нь алс хэтдээ газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд учирласан. 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй дээрх үйлдвэрт жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, 1.33 сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн “гаргахаар” тооцоолж буй. Түүхий эдийн хэмжээгээ өсгөхгүй бол импортоос хараат байдлаас 30 жил л гарч таарах уу.