ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаагаад байгаа.
Өнгөрсөн баасан гарагийн орой Б.Содномдаржаагийн талын өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан билээ. Тухайн өдрийн орой Б.Хурц цагдаагийн хамгаалалт аваад явсныг уншигч та бүхэн санаж байгаа. Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон сэтгүүлчид Б.Хурцыг явуулахгүй, зандарч байгааг та бүхэн харсан байх. Энэ үйлдэл нь өдөөн хатгалга байв уу, эсвэл "өөр санаа" байв уу?
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "яллагдагч цагдаагийн хамгаалалт авах бүрэн эрхтэй" хэмээн заасан байдаг. Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдаагийн байгууллага яллагдагчийг хамгаалах үүрэгтэй.
Хэрэгтэй, хэрэггүй асуудал болгон руу "хошуу дүрдэг" зарим иргэний нийгмийн байгууллагын хэсэг хүмүүс шүүхийн гадаа хэдэн өдөр Б.Хурцыг манан зогсож, гарч ирэхээр нь явуулахгүй хэмээн үхэн хатан бүсэлж байгаа нь өдөөн хатгалга гэлтэй.
Хуулийн дагуу үүргээ биелүүлээд явж байгаа цагдаа нарыг "эд мөнгөнд үйлчиллээ" хэмээн зандарч байгаа нь утгагүй хардалт. Машин доор нь орж хэвтчихээд "явуулахгүй шүү, бариад ав" хэмээн авирлаж байхад нь цагдаа нар яллагдагчийг хамгаалахгүй бол энэ ямар нийгэм болох вэ?
Өнөөдөр Монголын хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх зарчимтай. Мөн бид өнөөдөр хууль дүрэмтэй, хүний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд хүн бүр хуулинд захирагдаж амьдрах ёстой. Харин дургүй хүрсэн нэгнийхээ нүдийг сохолдог зэрлэг нийгэм биш.
"Хурц руу дайрсан ч яадаг юм", "Наадах аа битгий явуул" гэх мэтээр орилж байгаа зарим нэг "сэтгүүлч" нэр зүүсэн хүмүүс ч тэр дотор гүйж яваа харагдах юм. Магадгүй цагдаа биш, харин иргэний хөдөлгөөн, сэтгүүлчид худалдагдсан байхыг үгүйсгэхгүй.
Видео эх сурвалж: "Цензургүй Яриа-Цензургүй Сурвалжлага" фэйсбүүк хуудас