Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал яг одоо Төрийн ордонд болж байна. Хурлаар нийт зургаан асуудал хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар үүрэг, даалгавар өгөх юм. Үүнд:
- Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан
- Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай - Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай - Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар
- Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, үр дүнгийн талаар - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан
- Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар - ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян
- 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдал - Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаарх Ч.Улаан сайдын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Юуны өмнө газар тариалангийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулъя. 2019 онд улсын хэмжээнд 361 мянган га-д үр тариа, үүнээс 337 мянган га-д улаан буудай, 14.6 мянга га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82 мянган га-д тосны ургамал, 36 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502 мянган га талбайд тариалалт хийсэн. Энэ оны зургадугаар сар бүхэлдээ хуурай, халуун байсан. Зуны бороо зургадугаар сарын 25-наас зарим бүс нутгаар долдугаар сарын 04-нөөс эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, товчин түрүү үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн үе үе орсон хүчтэй мөндөрийн уршгаар Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 га талбайгаас ургац хураах боломжгүй болсон. Долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлэн орж буй борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүллээ. Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн байх боломжтой харагдаж байна. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна.
Нэгдүгээрт, ургацийн урьдчилсан балансыг төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг талбай бүрээр тогтоож, хураалтын зөвлөмж боловсруулж, тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Хоёрдугаарт, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, алаг цоог болцтой, хог ургамал ихтэй намхан тариаг хаягдалгүй хурааж, техник тоног төхөөрөмжийг бэлтгэх ажилд анхаарах шаардлагатай байна.
Гуравдугаарт, хадлан тэжээл бэлтгэх зориулалтын иж бүрэн техник, тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулахын зэрэгцээ ургац хураалтын өмнө ОХУ-аас 36 ширхэг комбайн нийлүүлэхээр ажиллаж байна" гэв.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ ажиллавал ирэх арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна”
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 67 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 2.3 хувиар давуу биелүүлжээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “2019 оны долдугаар сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Тунадасны нийлбэр хэмжээг авч үзвэл, хамгийн их тунадас Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булганы хойд, Хөвсгөлийн зүүн хойд, Архангай Өвөрхангайн зааг нутгаар, Дорнодын зарим сумдад 105-181 мм хур тунадас орсон. Энэ хугацаанд ихэнх нутгийг хамарсан 14 удаагийн мөндөр орсон байна. Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байна” хэмээн мэдээлсэн юм.
Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Он гарсаар улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 3692 удаагийн аюулт үзэгдлэ тохиолдож, нийт 160 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж гэмтэн, 26.050 толгой мал, амьтан хоргодож, 30,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд зориулж Засгийн газрын гурван удаагийн хуралдаанаар нийт 11,1 тэрбум төгрөгийн шийдвэрлүүлсэн. Харин аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц сангаас нийт 2,6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна” хэмээн танилцууллаа.
Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.
Үүнд:
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:
- Орон нутгийн хүч бололцоогоо бүрэн дайчлан, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нийслэл, аймаг, сум, дүүргийн авбал зохих хадлан тэжээлийг заасан хэмжээнд бэлтгэх, Засгийн газрын “Маш нууц” тогтоолоор улсын нөөцөд өвс худалдан авах, зарцуулах асуудалд өөрчлөлт оруулсан тул энэ жилээс эхлэн аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр зохион байгуулах;
- Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулж, тариаланчдад дэмжлэг үзүүлэх;
- Аймгуудын төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;
- Аймаг, сумдын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;
- Авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс Авто зам засвар, арчлалтын компаниудад давс, үнс, хайрга, дайргыг зардал багатай, шуурхай татан нөөцлөх ажилд дэмжлэг үзүүлэх;
- Усан замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах;
- Аймаг, сумдын хэмжээнд мал мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг далайцтай явуулах;
- Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдлыг хангах, орон нутагт мал, махны бэлтгэл, экспорт, ургац хураалтын ажлын явцыг шалган туслах ажил зохион байгуулах Ажлын хэсгийг томилон ажиллуулах;
- 2019-2020 оны өвөл, хавар отор нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах;
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:
- Эрчим хүчний эх үүсвэр, нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллуулах, гамшгийн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийх;
- Дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах;
- Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн явцад байнгын хяналт тавих;
- Сум бүрийг дизель станцтай болгох ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг холбогдох сайдын багц болон орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх;
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод:
- Шаардлагатай тохиолдолд намрын ургац хураалтын ажилд цэргийн алба хаагчдыг дайчлан оролцуулах бэлтгэлийг хангах;
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд:
- Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;
- Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч, удирдлагаар хангаж ажиллах;
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:
- Эмнэлгийн барилга байгууламжуудын засварыг яаралтай дуусгах;
- Гэнэтийн осол аваарын үед ажиллуулах цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгаж, онцгой байдлын үед ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах;
- Томуу, томуу төст өвчний дархлаажуулалтад шаардагдах хөрөнгийг Сангийн яамтай хамтран шийдвэрлэж, вакцинжуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-нд эхлүүлэх,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт:
- Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад:
- Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэрэмжлүүлэх болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах;
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд:
- Засгийн газрын 2019 оны 270, 285 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо