Хүмүүсийн хэлж заншсанаар “хар галуу” буюу тураг гогой жил бүрийн өдийд манай орны томоохон нууруудыг хөшиг шиг бүрхсэн тухай нийтээрээ шуугьдаг. Их иддэг, ховдог амьтан учраас загасны тоо толгойд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн загасчид харддаг билээ. Тиймээс эл шувууг олноор нь хядахыг зарим болчимгүй хүн цахим орчинд уриалдаг. “Мах нь амтгүй ч дотор эрхтэнд сайн”, “Сангас нь гол, нуур бохирдуулдаг” гэсэн цуу яриа иргэдийн дунд гарсаар байна.
Энэ шувууны талаар товч танилцуулахад, Гогойныхон овогт багтдаг. Дэлхийд 36 зүйлийн гогой шувуу байдгийн нэг нь тураг бөгөөд 5-9 дугаар сарын дундуур манайд ирж нутагладаг аж. Загас болон түүний сэг зэмээр хооллодог, ангаахай гаргадаг шувуу. 2.6-3.7 кг жинтэй, 70-102 см урт бөгөөд далавчаа дэлгэхэд 121-160 см хүрнэ. Бие гүйцсэн нь үржлийн үедээ цагаан толботой болдог. Монгол оронд Алтайн уулархаг бүс, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Дорнод Монголын Хөх, Буйр зэрэг томоохон нуур болон Ховд, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халхын голд эл шувуу өндөглөж, зусдаг.
Нуур, голуудын мөс хайлах үе буюу дөрөвдүгээр сарын дундуур дулаан орноос сүрэг сүргээрээ нүүдэллэн манай оронд ирдэг аж. Дэлхийд 11 000 гаруй зүйлийн шувуу байдгаас 80 хувь нь бүтэн нүүдлийнх. Ховдог “золиг” ч бүтэн нүүдлийн шувуунд багтана. Өөрөөр хэлбэл, намар нүүдэллэж, хавар нутагтаа очдог тул манай оронд нэг ч тураг гогой үлдэхгүй гэсэн үг. Эл шувуу байгалийнхаа жамаар л хооллож яваа “гэмгүй” нэгэн гэдгийг шувуу судлаач нар онцолсон юм.
ОХУ-ын шувуу судлаач С.Березовский их нууруудын хотгорт энэ шувууг анх тэмдэглэж, Монгол орны шувууны жагсаалтад бүртгэсэн байна. Манай орны нуурыг хөшиг мэт бүрхэх үзэгдэл 1913 онд ажиглагдаж эхэлсэн тухай (“Skryabin” номд 1976 онд тэмдэглэсэн) судалгаа бий. Өөрөөр хэлбэл, тураг гогой хэдэн арван жилийн өмнөөс байгалийн жамаар өөрийн идэш тэжээлийн нөөц, хүрэлцээг даган томоохон нууруудад сүрэглэн амьдарсаар байна.
Монголын шувуу хамгаалах төвийнхнөөс энэ төрлийн шувуудын тоо толгой байгальд сөргөөр нөлөөлдөг талаар судалгаа хийх шаардлагатай, эсэхийг тодруулахад “Энэ амьтны тоо толгой хэт олширсон, түүнээс болж загас ховордсон тухай судалгаа сүүлийн 20 гаруй жилд дэлхийд гараагүй. Тиймээс ямар нэг аюулгүй гэж харж байгаа” гэлээ.
Судлаачид Монгол орны гол, нуурын загасны популяцад тураг гогой сөргөөр нөлөөлж буй, эсэхийг судлах сонирхолтой байдаг юм билээ. Ингэхдээ тураг гогойд тэмдэг тавьж, сар болгон жинг нь хэмжих гэнэ. Уг ажлыг хийх хангалттай төсөв байвал “ховдог” шувууны тухай маргаан тасрах юм байна. Гэхдээ маргааныг таслахын тулд судалгаа хийхээс илүү өөр чухал асуудалд анхаарал хандуулах нь үр дүнтэй аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн олборлолтоос үүдэн жил бүр хэдэн зуун гол, горхи ширгэж, тэр хэрээр жигүүртэн болон усны амьтад ч ховордож байгаа, эсэх тухай судалгаа хийх нь илүү ач холбогдолтой.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш нарын хийсэн судалгаанд ямар ч амьтан өөрийнхөө идэш тэжээлийг ховордтол олширдоггүйг үлийн цагаан оготноор тайлбарласан байдаг. Тэдний хийсэн судалгаанд үлийн цагаан оготнын тоо 15 жилийн хугацаанд огцом өссөн бол дараагийн 15 жилд хурдтай буурсныг баталжээ. Тураг гогой ч гэсэн хэмжээ нь хэт олширвол эргээд байгалийнхаа зохилдлогоор тоо толгой нь огцом буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
“Хар галуу”-наас гадна загасаар хооллодог өөр зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад бий. Олон дайсантай учраас загас популяцаа хадгалан үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг. Өмнөд Австралид гэхэд түрсээр хооллодог загас их гэнэ. Тухайлбал, toadfish (нэгэн төрлийн далайн загас) болон leatherjacket (хайрсан нуруут) гэх хоёр загас түрс зооглодог аж. Харин тураг гогой дээрх хоёр загасаар хооллодог зохилдлоготой юм байна. Хэрэв тураг гогойг олноор нь устгавал голын усан дахь экосистем алдагдах эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж байв.
Манай оронд буй тураг гогой ихэвчлэн алганаар хооллож буйг загас агнуурын спортоор хичээллэдэг Г.Оргил дурдсан. Харин алгана усны жижиг амьтан, түрс, авгалдайгаар хооллодог тухай “Британика” нэвтэрхий тольд бичжээ. Хэрэв алганы тоо толгой олширвол бусад загасны үржил удааширч болзошгүй. Тиймээс алгана зооглодог тураг гогой экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гэхэд хилсдэхгүй нь.
Тураг гогой ангаахай гаргадаг гэж тодотгосон нь учиртай. Амаа ангайгаад эхийгээ хоол авчрахыг хүлээдэг шувууд эндо-паразит буюу биеийнхээ гадаргууд элдэв шимэгч хорхой, нян ихтэй учраас агнахаас аль болох зайлсхийх шаардлагатайг Монголын шувуу хамгаалах төвийнхөн онцолсон.
Энэ шувууны үүр сэг, зэмээр дүүрэн учраас нян үржих таатай орчин болдог аж. Тийм үүрэнд бойжсон шувуу “бохир” байх нь мэдээж. Дэгдээхэй бол өндөгнөөсөө гарахдаа л дэгдээд гүйчихдэг, үсэрхэг тул элдэв муухай үнэр, шимэгч хорхой биедээ агуулдаггүй аж. Хэрээ, тагтаа, элээ зэрэг шувуунаас гадна махаар хооллодог жигүүртэн ихэвчлэн ангаахай бойжуулдаг “бохир” амьтан. Монгол Улсын хэмжээнд 26 төрлийн шувууг ангийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн нь бүгд дэгдээхэй гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл, шимэгч хорхой тээгч амьтдыг агнах хориотой. Тиймээс тураг гогойг агнаж хүнсэндээ хэрэглэвэл элдэв шимэгч хорхой, нянг өөртөө “наах”-аас хэтрэхгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Элдэв амьтны түүхий мах идэх нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг баталсан нэг ч судалгаа дэлхийн хэмжээнд байхгүй.
Ангаахай гаргадаг шувууд сүргээр амьдрах зан төлөвтэй учраас хооллохдоо ч гэсэн олноороо үзэгдэнэ. Зөвхөн манай улсад бус, Ази, Европт энэ шувуу өргөн тархсан. Япон Улсад гэхэд тураг гогойг хамгаалж, түүнд зориулан үүр засдаг юм байна. Тиймээс энэ амьтныг “ад үзэх” шаардлагагүй бололтой.