Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Иймээс хүнсний үйлдвэрлэл ерөөс жижиг сэдэв биш. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах том сэдэв. Чанартай хүнсээр ард түмнээ хангах нь үйлдвэрлэгчдийн хамгийн эхний зорилт байх ёстой. Мөн иргэдийнхээ хэрэгцээг хангах эцсийн бүтээгдэхүүн хийж буй үйлдвэрлэгчид бол баялаг бүтээгч юм. Эрүүл, чанартай хүнсээр иргэдээ хангах, баялаг бүтээх салбарт мэргэжлийн ур, ухаанаа заран ажиллаж буй нэгэн залууг “Нэг өдөр” буландаа урьж, өнгөрсөн лхагва гаргийн ажлыг нь сурвалжиллаа.
Тэр бол 73 жилийн түүхтэй, Монголдоо толгой цохидог, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Мах импекс” компанийн Хиам, консервийн үйлдвэрийн ерөнхий технологич Баяраагийн Амарбаяр юм. 30 нас шүргэж яваа тэрбээр үйлдвэртээ долоон жил ажиллажээ. Цаашид ч тэндээ үр бүтээлтэйгээр олон жил ажиллах бодол түүнд бий.
07.10 цаг. Б.Амарбаяртай Улаанбаатарын төвд уулзаад, Таван шард байрлах үйлдвэрийг нь хамтдаа зорилоо. Найман цагаас өмнө ажилдаа амжиж хүрэх ёстой. Сэлэнгэ аймгийн Мандал сум, олны нэрлэдгээр Зүүнхараад, хэвтэж буй арслангийн дүртэй Ширхэнцэг хайрхны хаяа, Хараа голын эрэгт зураг, хөдөлмөрийн багшийн гэр бүлд өссөн Б.Амарбаяр хүүхэд ахуйдаа эмч болох мөрөөдөлтэй байжээ.
Мөрөөдлөө биелүүлэхээр элсэлтийн шалгалт өгсөн ч аз дутав. Тэрбээр эрс эргэлт хийж, хөдөө аж ахуйн мэргэжилтэй болохоор судалж эхэлсэн гэнэ. Ингээд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мах, сүүний технологичийн ангид элсэв. Сургуулиа төгсөөд, “Тэсо” компанийн сүүний үйлдвэрт хэсэг ажилласан боловч санаанд нь нийцсэнгүй. Тэгээд залуухан технологич “Мах импекс” компанийн хаалгыг татжээ. Технологичийн орон тоо байгаагүй тул савлагааны цехэд нь энгийн ажилчнаар оров. Мэдээж түүний дотор технологичдынх нь албанд шилжин ажиллах далд хүсэл байсан нь ойлгомжтой. Тэнд жил орчим ажиллаад, хиаман цехийн мастер, дараа нь технологич, ахлах технологич, саяхнаас ерөнхий технологич болжээ.
07.35 цаг. Түүний гар утас дуугарлаа. Тэрбээр “За, ойлголоо. Би ажил руу явж байна” гэж товчхон хариулаад, утсаа салгав. “Ажилдаа ирж байна уу гэж асуудаг л юм байх даа” хэмээн бодох зуурт тэрбээр “Манай лабораториос ярьж байна. Энэ өглөө шинээр худалдаанд гаргаж буй бүтээгдэхүүний чанарт ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн гэж хэллээ” гэв. “Мах импекс”-ийнхэн худалдаанд гаргаж буй бүтээгдэхүүнийхээ дээжид өглөө бүр шинжилгээ хийдэг аж. Б.Амарбаяр “Лабораторийнхон надад бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлт, чанарын алдаа дутагдлыг дуулгах үүрэгтэй. Бараг л алдаа дутагдал гардаггүй” гэж зам зуурт ярьсан.
07.50 цаг. Тэрбээр үйлдвэрийн хувцас солих өрөөнд хэсэг азнасны дараа “хун цагаан” болоод гараад ирэв. Өмд, урт хүрэм, малгай гээд бүгд цагаан өнгөтэй. Нуруулаг залуу компьютероо асаагаад суулаа. Борлуулалтын албанаас өнөөдөр үйлдвэрлэх бүтээгдэхүүний захиалгыг Б.Амарбаярт ирүүлжээ. Тус албаны захиалгын дагуу ямар нэр, төрлийн бүтээгдэхүүн, хэдэн килограмм үйлдвэрлэхийг тэрбээр хариуцаж ажиллана. Захиалгыг нягталж суутал “Амараа ахаа, тантай хүн уулзахаар иржээ” гэж нэгэн дуу хадаалаа. “Хүлээж байгаарай” гээд компьютерынхоо дэлгэц рүү анхаарлаа төвлөрүүлнэ. Ингээд хянасан файлаа хэдэн хувь хэвлээд гарлаа. Үүдэнд хүлээн буй бүсгүйтэй цөөн хором ярилцав. Тэднийд цехийн мастераар ажилд орохоор тэнцсэн бүсгүй санж.
08.10 цаг. Хэвлэсэн төлөвлөгөөнийхөө нэгийг хиаман цехийн хананд өлгөлөө. Цехийн жинлэгчид төлөвлөгөөгөө сайн хараарай гэж үүрэгдэв. Тэгээд цааш хөдөллөө. Үйлдвэрийн барилгын өргөн хонгилоор өөр өөр өнгөтэй, ажлын хувцастай хүмүүс зөрнө. Тэднийх бэлтгэх, уталгат болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний (бууз, банш), хиаман, савлах гэсэн цехтэй. Цех бүрийнх нь ажилчид өөр өнгийн ажлын хувцас өмсдөг. Жор баригч Н.Солонгод хэвлэсэн төлөвлөгөөнийхөө нэг хувийг өгөөд, ажлыг нь зааварчиллаа. Ингээд цааш алхаж, мах шулах хэсэгт хүрэв. Залуус хонины гулуузыг иртэй хутгаар ясыг нь хэрзийтэл шулах аж. Төлөвлөгөөнийхөө бас нэгэн хувийг тэдэнд өгөв. Тус компани өдөрт 10-14 тонн махаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Төлөвлөгөө гарсан, ерөнхий технологич зааварчилгаагаа өгсөн. Ингээд энэ өдрийн ажил жигдрэх нь тэр.
08.25 цаг. Амараа үйлдвэрийн хувцас угаалгын хэсэгт цагаан хүрэм, өмд сонгож зогсов. Шинэ ажилтныхаа биед таарах хос хувцас сугавчлаад албан өрөөгөө зүглэлээ.
08.55 цаг. Б.Амарбаяр албан тасалгаан дахь зурагтаа асаалаа. Борлуулалтын албанаас нэмэлт захиалгаа ийнхүү онлайн байдлаар мэдээлдэг аж. Амараа өнөөдрийн төлөвлөгөөндөө нэмж, хэдэн зүйл шивэв. Өөрийн компьютероос гадна хажуу ширээний цахим тооцоолуурыг ашиглана. Зэргэлдээ ширээний компьютерын дээрх шар цаасанд “Мижээ, хайртай шүү” гэж бичин наажээ. Залуучууд ажилладаг газарт иймэрхүү хөг уянга байлгүй дээ.
Энэ зуурт нэгэн залуу орж ирэв. Амарааг сурвалжилж буй биднийг хараад бээрсэн ялаа шиг хөдөлж, төв царай гарган, ерөнхий технологичоосоо намуухнаар “Өнөөдөр юу хэрэгтэй вэ” гэж асуугаад, нэг баримтад гарын үсэг зуруулаад гарч одов. Төд удалгүй “Өө ёстой... сэтгүүлчид байсан юм уу. Хяналт шалгалтынхан ирчихсэн юм болов уу гээд нам боллоо шүү дээ” гээд орж ирлээ. Тэгээд өнөөдрийн ажлынхаа нарийн ширийнийг Амараатай айж ичилгүй яриад, нүүр дүүрэн инээгээд гарч одсон. Мань эр үүдэнд гараад ямар учиртай хүмүүс болохыг нь асууж мэдээд бие нь тавирсан гэнэ лээ. Сүрхий болгоомжилжээ.
09.25 цаг. Тооны машин тачигнуулах Амараа ямар нэгэн юм тооцоолно. Тэрбээр “Үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд захиалж, өртгийг нь тооцож байна” гэлээ. Ерөнхийдөө сараар нь захиалгын төлөвлөгөө гаргадаг аж. Үйлдвэрлэлийг баримжаа тооцоогүй хийнэ гэж юу байх билээ.
10.05 цаг. Үйлдвэрийн хонгилоор ийш тийш эргэж, шатаар өгсөн, уруудаж явсаар няравуудын өрөөнд очиж, үйлдвэрлэлд шаардлагатай бүтээгдэхүүнийхээ захиалгыг өглөө. Гурван тонн өөх... гэх мэтээр захиалга үргэлжлэв. “Өөхөө хурдан нийлүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд шаардлагатай түүхий эд энэ байна” гэж няравуудад ерөнхий технологич анхааруулсан.
10.55 цаг. Ажилд орохоор өглөө ирсэн бүсгүй Мичидмаагаас гадна МУИС-ийн био технологийн анги төгссөн нэгэн залуу шинэ боловсон хүчин болохоор иржээ. Хоёр шинэ ажилтан цагаан халаад өмсөөд, ерөнхий технологичийг хүлээж сууна. Амараа тэдэнд ажлыг нь танилцуулахаар дагуулав. Хиаман цехэд хүрч Мичидмааг ажилчдад танилцуулан, ямар үүрэгтэй ажиллахыг нь тайлбарласан. Нөгөөх залууг жор баригчаар дагалдуулж буй аж. Биотехнологич залуу Н.Солонго гэх шавилхан бүсгүйн шавь боллоо.
11.20 цаг. “Мах импекс” компанийн Хиам, консервийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа ерөнхий технологичоо өрөөндөө дуудуулжээ. Тэрбээр үйлдвэрийн явцын талаар тойм мэдээлэл сонсов. Амараа ажлаасаа гараад АНУ-д очиж ажиллахаар хэдэн жилийн өмнө хөөцөлдөж байж. Гэтэл Б.Бадмаа захирал “Үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажиллах нь ирээдүйд чинь хэрэгтэй, мэргэжлээрээ дэвшихээ бод. Би чамд итгэл найдвар тавина” гэж ятгаснаар гадаадад гарах хүслийг нь унтраажээ. Үйлдвэртээ үлдсэндээ тэр харамсдагүй. Харин ч үйлдвэрийнхээ ирээдүйд итгэж, гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох хэмжээнд хүртэл илүү хөгжинө гэж боддог. Иймээс ч үйлдвэртээ олон жил ажиллах сонирхолтой гэнэ лээ. Гэхдээ гадаад явах бодол түүнд бий. Зорилго нь өмнөхөөс шал өөр. Б.Амарбаяр “Мах, махан бүтээгдэхүүний технологичийн мэргэжлээ дээшлүүлэхээр гадаад явах битүүхэн хүсэл надад бий. Сурах зүйл ч өчнөөн байна. Гадаад хэл ч сурмаар байна. Англи, орос хэлтэй болчих юм сан гэж боддог” хэмээсэн.
Амарааг их сургуульд сурч байхад ангид нь түүнээс гадна хоёр хөвгүүн, 20 гаруй охин байжээ. Герман, ОХУ-д хиамны үйлдвэрт эрчүүд л технологичоор ажилладаг. Тэгвэл манайд эмэгтэй мэргэжилтэн зонхилдог. Тэгэхээр Амараа энэ салбарт дэвшиж буй эрэгтэй цөөн мэргэжилтний нэг байх нь.
12.50 цаг. Гүйцэтгэх захиралдаа мэдээлэл өгч, санал солилцсон ерөнхий технологич дахиад компьютерын дэлгэц ширтэж сууна. Найман сарын төлөвлөгөөгөө нягталж байгаа аж. Үйлдвэрийн ажил өглөө наймд эхлээд 18.00 цаг гэхэд ерөнхийдөө шувтардаг гэнэ. “Наадам, Цагаан сар, Шинэ жил гэсэн гурван том баяраар маш их захиалгатай байдаг тул голцуу хонож ажилладаг” гэж Амараа ярив. Ажлын үед түүнд нийгмийн сүлжээгээр “тэнэх”, хэн нэгэнтэй ажлаас өөр сэдвээр ярилцан, назгайрах зөв ерөөс гардаггүй аж.
Найман сарын төлөвлөгөөгөө нягталж дуусгаад тэрбээр хоолны танхимыг зорилоо.
13.55 цаг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт 19 жил ажилласан туршлагатай В.Аннаг “Мах импекс” компани ОХУ-аас урьж, зөвлөх технологичоор ажиллуулж байна. Ерөнхий технологич залуу маань өдөр бүр түүнтэй үйл ажиллагааныхаа талаар зөвлөлддөг аж. Ээлжит уулзалтаараа тэрбээр өнөөдөр хоёр хүн шинээр ажилд орсныг, хэнийг дагалдуулсныг, лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн алдаа дутагдал илрээгүйг, борлуулалт сайн байгааг дуулгалаа. Захиалагчийн хүсэлтийн дагуу зайдасны өнгийг арай шаргалдуу болгох шаардлагатай байгааг тэд нэлээд нухацтай ярилцав. В.Анна “Зайдасны өнгийг шаргал болгох туршилтыг орой хийж үзье. Хариуцсан технологичид нь үүрэг даалгавар өг” гэв. Мөн шинээр ажилд орсон хүмүүсээ яаралтай сургаж авахыг захиад, дараа өдрийн үйлдвэрлэлийн урьдчилсан захиалгыг авсан, эсэхийг лавлалаа.
14.20 цаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулахаар ОХУ-аас чамгүй үнээр хөлслөн ажиллуулж буй зөвлөхтэйгөө уулзсан Амараа хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өрөөнд оров. Өглөө түүнд хиаман цехийн ажилчид “Энд ажиллаж байгаа хоёр оюутны хичээл ньэхлэх болж байгаа. Ажлаас чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Хоёр хүн авахгүй бол бид ажлаа дийлэхгүй” гэж захисан юм. Тиймээс тэрбээр хоёр ажилчин авах захиалга өгөхөөр хүний нөөцийн мэргэжилтэнтэйгээ уулзаж буй нь энэ. Мэргэжилтэн нь “Захиалгын хуудас бөглөөд өгчих. Би зар тавьчихъя” гэв.
15.10 цаг. Савлагааны цехийнхэн түүнтэй тусгайлан уулзлаа. Тус үйлдвэрийн савлагааны цехийн ажилчдын олонх нь эрэгтэй. Тэд “Хүн хүч дутмаг байна. Манай цехэд ажиллах хүний тоог хоёроор нэмээч” гэсэн хүсэлт гаргасан. Мөн зарим техник саатах гээд байгааг ерөнхий технологичдоо дуулгав. Үйлдвэрлэлийн хэмжээ нь өсөж буйгаас шалтгаалан хүн хүч нь хүрэлцэхээ больжээ.
15.30 цаг. “Азотын хий, нүүрсхүчлийн хий ирсэн. Амараа, тэрийг хараад хүлээгээд аваач” гэж нэгэн бүсгүй тасалгааны хаалгаар толгойгоо цухуйлган хашхирав. Амараа ч бослоо. Тэгээд шатаар уруудаж, үйлдвэрийн хонгилоор алхав. Тэрбээр залуу хүн гэхэд нуруугаа үүрдэг зуршилтай. Бас үг дуу цөөнтэй. Хүүхэд байхын л ийм байсан гэнэ. Азотын хий хүлээж авахаар явах зууртаа тэрбээр “Сайн ярьж, бодол санаагаа илэрхийлж сурах юм сан” гээд инээсэн. “Берлин” брэндийн хиам савлахад хийг ашигладаг аж. Маш өндөр цэвэршүүлсэн тусгай хий байдаг гэж Амараа тодотголоо. Хийгээ хүлээж аваад, хоосон савнуудыг нь буцааж өгөөд ажил дуусав.
16.10 цаг. Амараа үйлдвэрлэлийн явцыг дахин шалгахаар хонгилоор алхана. Мөнөөх л янзаараа нуруугаа үүрээстэй. Хиаман цехээр орж, жинлэгчтэй ажлын явцын талаар ярилцаж, ямар бэрхшээл байгааг асуулаа. Мөн дараагийн өдрүүдэд хэр ачаалалтай ажиллах баримжааг дуулгав. Тэгээд бэлтгэх цехээр орж, ахлагчтай нь уулзаж мэдээлэл авав. Махны чанар сайн байгаа гэсэн мэдээллийг түүнд өглөө. Дараа нь жор баригчтай уулзав. Шинэ ажилтан залуу бүтээгдэхүүний орц найрлагад ордог амтлагчийг жинлэн, холих нь их л идэвхтэй.
Тус компани бүтээгдэхүүнийхээ жорыг Германаас авдаг. Тиймээс ерөнхийдөө герман технологитой үйлдвэр гэхэд болох гэнэ. Бүтээгдэхүүнээ монгол малын махаар хийж байгаад л үндэсний онцлог шингэж буй аж. Зарим талаар герман, орос технологи хоёрын дундаас гаргаж авсан монгол орц найрлагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн.
17.00 цаг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу бууз, банш үйлдвэрлэх цехийн технологич С.Энхсайхан үдээс хойш хийсэн ажлаа ерөнхий технологичдоо танилцууллаа. Тэрбээр толгойны махаар бууз хийх боломжийг тооцож, өртгийг нь боджээ. Толгойны махаар 100 кг бууз хийхэд хэдэн толгой хэрэгтэй вэ гэх мэтээр технологийн тооцоо хийдэг байна. Тэднийх толгойны махаар бууз хийж туршихаар бэлтгэж байгаа аж. Б.Амарбаяр “Өмнө нь нэг удаа туршсан. Одоо илүү нухацтай, тооцоо сайтай турших гэж байна” хэмээв. Энэ үеэр ерөнхий технологич залуу бүтээгдэхүүний чанарын тухай яриа өрнүүллээ. Тэрбээр “Хүний эрүүл мэндтэй холбоотой учраас чанартай хүнс үйлдвэрлэхийн тулд маш хариуцлагатай ажилладаг. Тиймээс чанар бол нэгдүгээрт тавигддаг. Түүхий эд бэлтгэхээс эхлээд бүх стандартыг нь нарийн баримталдаг” гэв.
17.25 цаг. Хэн нэгний хайрыг булаасан бүсгүй Мижээ ажилдаа ирлээ. Технологич бүсгүй оройдоо хиаман цехийг хариуцаж ажиллах даалгавартай. Б.Амарбаяр “Мижээ өглөө ирэхэд миний ширээн дээр юу байх ёстой байлаа” гэж эелдэг асуув. Нөгөөх нь “Мэдэж байгаа ах аа” гээд бага зэрэг хулгалаа. Амарааг хэр барагтай бол уурладаггүй, хүн загнадаггүй, асар хүлээцтэй, асуудлыг маш тайвнаар шийдэж чаддаг, зөв гаргалгааг нь олдог гэж албаныхан нь магтсан. Тэрбээр Мижээгээс найман сарын ажлын төлөвлөгөөг нь нэхсэн юм санж.
17.50 цаг. “Circle K”-ийн захиалдаг зайдсыг жаахан шаргал болгомоор байна. Чи сайн ажиллаарай” гэж Амарааг хэлэхэд Мижээ “За, ойлголоо. Туршаад үзнэ ээ” гэж хариулав. “Мах импекс” компанийн Хиам, консервийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг “Сircle K”-ээс гадна “Little sheep”, “Нагоми”, “Pizza hut”, KFC зэрэг сүлжээ дэлгүүр, ресторан, “Оюутолгой” гэх мэт компани хэрэглэдэг болжээ. “Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн брэндүүдийн шаардлагыг хангаж чадаж байгаад бахархдаг” гэж Б.Амарбаяр ярьсан.
18.30 цаг. Амараа үйлдвэрлэлийн явцтай танилцахаар гарлаа. Тэрбээр ямагт анхаарлаа хандуулдаг жор баригч, хиам болон мах бэлтгэх цехийнхэнтэй уулзана. Багш, шавь болсон хоёр жор баригч ажлаа дуусгаад явчихжээ. Мах бэлтгэгчид хамгийн сүүлчийн гулуузаа шулж байлаа. Харин хиаман цехийнхэн ид ажилтай. Тэд л оройтож, магадгүй шөнө дөл хүргэж тарах нь илэрхий. Хиаман цехээс үдээс өмнө түүхий махны эхүүн үнэр ханхалж байсан бол оройдоо болсон хиам хамар цоргиулна.
18.50 цаг. Үйлдвэрлэлийн явцтай танилцсаны дараа Амараагийн ажил ерөнхийдөө шувтарлаа. Манай сурвалжилгын “баатар” ажлын хувцсаа солив. Энэ өдрийн ажил дууссан учраас биеийн тамираар хичээллэх гэнэ. Тэрбээр үйлдвэрийнхээ хашаанд байх MXM бялдаржуулах төвд долоо хоногт 2-3 удаа хичээллэдэг аж. “Мах импекс” компани ажилчдадаа зориулж байгуулсан энэ төв хөнгөлөлт тэй үнээр үйлчилдэг гэсэн. Амарааг тасалгаанаас гарах зуурт Мижээ “Амараа ах аа, маргааш өглөө таны ширээн дээр төлөвлөгөөгөө заавал тавина” гэж хэлээд хоцров. Баялаг бүтээгчдийн нэгэн залуу төлөөлөл болсон Б.Амарбаярын ажлын нэг өдөр ийм буюу.