Одоогоос хоёр сар гаруйн өмнө УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ үед тэдний тооцоолсноор ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 3-нд явуулахаар төлөвлөж байв. Ер нь бол одоо уг төслийн бүх шатны хэлэлцүүлгийг УИХ хийж эцэслэн батлах, эсвэл ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх хоёр зам л бидний өмнө бий.
Өөрөөр хэлбэл, УИХ эцсийн хэлэлцүүлэг хүртэл хэрэгтэй гэж үзсэнээ хэвээр үлдээж, хэрэггүйг нь хасаж, боловсронгуй болгож, багцлан батална. Эсвэл УИХ-ын түвшинд багцалж, цэгцэлсэн төслийг батлах, эсэхийг ард түмнээс асууна гэсэн үг. Ард түмэн “тэг” гэвэл тэр чигээр нь батална, үгүй гэвэл тэгээд л энэ төсөл хаягдана.
Хууль тогтоох байгууллагын хэлэлцүүлгүүд төлөвлөсний дагуу өрнөсөн бол өдийд ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэлээ базааж суух ёстой. Учир нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зааснаар санал асуулга явуулах шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноос 21-45 хоногийн дотор УИХ товлон зарлахаар заасан байдаг. Улмаар санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаа ард нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлыг УИХ, Засгийн газар болон бүх шатны ИТХ, Засаг даргын Тамгын газар хариуцан хийхээр хуульчилсан.
Гэтэл өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хоёрдугаар хэлэлцүүлгийг нь ч эхлүүлээгүй байна. Хэдий тийм боловч АН-ынхан ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж буй. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-т заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах, эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэхээ УИХ-ын дарга мэдэгдэв.
1945 онд улсынхаа тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх, эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсан манай түүхэнд анхны бөгөөд цорын ганц нь. 1992 онд ардчилсан, шинэ гэх тодотголтой өнөөгийн Үндсэн хуулийг баталсны дараа 1995 онд Ард нийтийн санал асуулгын тухай хуультай болсон ч хэрэглээгүй. Ингэж хав дарсаар байгаад хуучруулсан хуулиа 2016 онд, өмнөх парламентын үед шинэчилсэн. Хэрэв хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэвэл эл хуулиар зохицуулна гэсэн үг.
...1945 онд улсынхаа тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх, эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсан манай түүхэнд анхны бөгөөд цорын ганц нь. 1992 онд ардчилсан, шинэ гэх тодотголтой өнөөгийн Үндсэн хуулийг баталсны дараа 1995 онд Ард нийтийн санал асуулгын тухай хуультай болсон ч хэрэглээгүй..
Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулах санал, санаачилга өрнөсөн үү гэвэл тийм. Тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхтэй холбоотойгоор ердөө өмнөх парламентын үед энэ сэдэв нэлээд хөндөгдсөн. Одоогийнхоос ялгаатай нь тухайн үед Н.Батбаяр нарын 40 гаруй гишүүний боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй, эсэхийг эхлээд ард түмнээсээ асуух ёстой гэж үзэн, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан байдаг.
Ард түмэнд тавих асуултын томьёолол нь ердөө “УИХ-ын нэр бүхий гишүүдээс 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй” гэж байхаар төсөлд тусгасан байв. Үндсэн хууль болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор “Эцэг хууль”-д гар хүрч үл болох хориглолтыг баримтлахын тулд хорь ч хүрэхгүй хоногийн дараа санал асуулга явуулахаар төсөл боловсруулан хэлэлцүүлсэн юм.
Ингэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар санал асуулга зохион байгуулахад шаардлагатай хуулийн хугацаанаас хайр найргүй хасан тооцсон байсан нь тухайн үеийн эрх баригч АН-ынхны хүч түрсэн үйлдэл байв. Тухайлбал, санал асуулгыг товлохоос эхлээд зохион байгуулах, бэлтгэх үйл ажиллагаа нэг сарын өмнөөс эхлэхээр хуучин хуульд заасан байсныг 14 хоногийн дотор болгон богиносгож байлаа. Юутай ч 2015 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасан санал асуулга зохион байгуулах, бэлтгэх, дүнг нэгтгэх болон мэдээлэх ажиллагааг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэхээр өөрчлөхөөр байсан юм даг.
Хэрэв тус санал асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн бол товлосон өдрөөс нь урьтаж, Үндсэн хуульд чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулахаар буйг УИХ-ын нийт гишүүн, Засгийн газар ард түмэндээ тайлбарлах байв. Санал асуулга явуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар ярилцаж, үүнд 5.5 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн тооцож байв. Ер нь ард нийтийн санал асуулга явуулбал сонгууль зохион байгуулахаас илүү юү гэхээс дутуугүй ажил ундарна. 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс 16.5 тэрбум төгрөг зарцуулснаар багцаалахад ард нийтийн санал асуулга явуулахад багагүй хөрөнгө гаргах нь гарцаагүй.
Харин Ардын намынхан “Ард түмнээс асуух хугацаа алга, дэндүү давчуу байна” гэж эсэргүүцсэнээр тэдний оролдлого бүтэлгүйтсэн. Тухайн үед С.Баярцогт нарын гишүүд “1992 оны Үндсэн хуулийг 430 депутат 76 хоног хэлэлцэн баталсан. Бидэнд одоо 60 хоног байна. Цаг хугацаа хангалттай. Санал асуулга явууардлах тухайд бидэнд ойлголтын зөрүү их байна. Эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ хооронд санал асуулга явуулах тогтоол батлах уу, үгүй юү гэдгээ ойлголцох ёстой. МАН-аас хэдэн сарын өмнө сонгуулийн системийн талаар ард нийтийн санал асуулга явуулъя гэж байсан. Зөвшилцөлд хүрвэл энэ асуудлаар ч ойлголцох боломжтой” гэх зэргээр сөрөг хүчнийхнийг аргадсан ч тусыг эс олсон. Үнэхээр ч мөн оны эхээр Ардын намынхан “Сонгуулийн тогтолцоо ямар байхыг ард түмнээсээ асууя” хэмээн санал асуулга явуулахыг шаардаж байсан юм.
Үүнээс өмнө бүр 2011 онд Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ард нийтийн санал асуулга явуулъя хэмээн АН-ынхан санал гаргаж байв. Анзаарах нь ээ, ихэвчлэн сонгуулийн өмнөх жил ийм нэг яриа гараад замхарчих бололтой юм. Үнэндээ өнөөдөр “Ард түмнээс асуух ёстой” гэж АН-ынхан ч шаардаад байгаа юм биш. Эрх баригч бүлгээс ч цөөнгүй гишүүн заавал ард нийтийн санал асуулга явуулах ёстой хэмээн сөрөг хүчний дүрд тоглож явна. Ардчилсан улсын хувьд аливааг ард түмнээсээ асуух нь буруудахгүй ч ийн саймширч, ард түмэн гэж цээжээ дэлдэж байгаа гишүүдийн цөөнгүй нь арай өөр бодол санаа өвөрлөж, түмэн олонд таалагдахыг илүүд үзэж буй нь илт.
Юутай ч өнөөдрийг хүртэл олон зүйл давж ирсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эл асуудлын эцсийг нь үзчих хэрэгтэй юм шиг ээ. Ингэхдээ Төрийн тэргүүнийхээ хамт үндэсний хэмжээний зөвшилцөл эхлүүлж, цаашлаад ард түмнээсээ саналыг нь асуучихвал бүр л сайн. Нэг зүйлийг тэмдэглэхэд, сүүлийн 30 жилийн хугацаанд ганц ч хэрэглээгүй Ард нийтийн санал асуулгын хуулийг хэрэглэж, ард түмэндээ хандах, эсэх нь АН-ынхны шаардсанаас тэгтлээ хамаарах зүйл ч бас биш л дээ. 64 гишүүнтэй МАН-ынхан л ард түмний санал асуулга явуулах, эсэхийг шийднэ. Мэдээж одоо хэлэлцэж буй төсөлд олон нааштай заалт бий. Шүүмжлэл дагуулсан нь ч байна.
Ерөнхийлөгчийн ахалсан ажлын хэсгийн түвшинд эдгээрийг хэрхэн уялдуулж, юуг нь үлдээж, алийг нь оруулах нь өнөөдөр хараахан тодорхой болоогүй ч нэгэнт эхлүүлсэн энэ ажилд ямар нэгэн үр дүн гаргах нь чухал. Тэгсний дараа болохгүй, бүтэхгүй байгаа бүхний буруутан нь Үндсэн хууль мөн, эсэхийг дүгнэхэд илүү бодитой хариулт гарах биз. Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглодгийг түмэн олон төдийгүй түшээдэд ч сайн ойлгуулах хэрэгтэй.