Хонконгод Хятадын Засгийн газрын эсрэг нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, үймээн үргэлжилж байна. Бээжингийн эрх баригчид тус жагсаалыг эсэргүүцэж буй байр сууриа удаа дараа илэрхийлээд байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна хэмээн олон улс судлаачид үзэж байна.
Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлагууд мэдэгдэхдээ “Бослого үймээн нь энгийн иргэдийн амьдрал, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Хятадын арми Хонгконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдлын төлөө тууштай зогсож, Хонконгийн хууль ёсны засаг захиргааг дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Тэгвэл Хятадын эрх баригчид ээлжит арга хэмжээгээ авахаар шийджээ. Тодруулбал, Хятадын ардын чөлөөлөх армийн их хэмжээний хуягт машинууд Хонконгийн хилийн ойролцоох Шэньжэнь хотод нэвтэрлээ хэмээн Коммунист намын "People's Daily ба Global Times" өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Гэвч ямар зорилгоор армийнхан нэвтэрсэн талаарх тайлбарыг огт тэмдэглээгүй байгаа юм. Харин бусад эх сурвалжид дурдсанаар Хятадын цэргүүд Хонконгийн хил дээр өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэж байна гэлээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хонконг, Макаогийн хэрэг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Ян Гуанг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хонконгийн радикал эсэргүүцэгчид цагдаа нарын эсрэг маш аюултай хэрэгслийг олон удаа ашигласан. Үүнээс терроризмын шинж тэмдэг илт харагдаж байна. Хэрэв бид эдгээр төрлийн террорист үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрвөл Хонконг ёроолгүй гүн рүү орно. Иймд энэ гэмт хэрэгтнүүдийг өршөөлгүйгээр дарах ёстой хэмээн хэлж байжээ.