Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг өнгөрсөн сарын 22-ноос цахимаар бүртгэж эхэлсэн. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хүүхдүүдийг өчигдрөөс хамран сургах тойргийнх нь цэцэрлэгүүдэд бүртгэж эхэллээ. Гэхдээ өнгөрсөн сарын 22-нд харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст биечлэн очиж бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Ташрамд дурдахад, одоогоор цахимаар 26 976 хүүхэд бүртгүүлжээ. Бүртгэл энэ сарын 22-нд дуусна. Тиймээс эцэг, эхчүүд 23-наас www.tsetserleg.ulaanbaatar.mn хуудасны “Шалгах” цэсэнд хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн, эсэхийг шалгах боломжтой юм байна. Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагүй бөгөөд энэ сарын 26-28-нд цэцэрлэгт нь очиж гэрээ байгуулах гэнэ.