Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 31-нд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа. Энэ айлчлалын үеэр Цагаан ордноос “АНУ болон Монгол Улс харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцлоо” хэмээн мэдэгсэн. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монголд айлчлав. Яагаад Улаанбаатар болон Вашингтоны харилцаа ойртох болов?
Хятад, Оростой хийж буй харилцаа нь түгшүүртэй болохын хэрээр АНУ Монголтой улам ойртохыг Бээжин болон Москвад үзүүлж буй шахалтаа хүчтэй болгох гэсэн оролдлого гэж үзэж болох юм. Мөн Хятад, Америкийн худалдааны дайн хурцдахын хэрээр Хятад улс хариу арга хэмжээ болгон АНУ-д нийлүүлдэг газрын ховор элементын хэмжээг багасгаж болзошгүй тухай мэдээлж байгаа. АНУ-ын Геологийн албанаас 2009 онд мэдээлснээр Монгол Улс газрын ховор элементийн 31 сая тонн нөөцтэй, энэ үзүүлэлтээр Хятадын дараа хоёрдугаарт ордог. Монголтой харилцаагаа бэхжүүлэх нь АНУ-ын хувьд газрын ховор элементийн хэрэгцээгээ хангах улс олсноо Хятадад харуулах гэсэн арга байж болох юм.
Харилцаагаа бэхжүүлэх замаар АНУ Зүүн хойд Ази дахь Монголын статусыг дээшлүүлж, Солонгосын хойгийн цөмийн хямралыг зохицуулах бас нэг сувгийг нээх боломжийг Вашингтонд олгох юм. Мөн бүс нутагтаа, тухайлбал, Токио, Сөүлийн итгэлийг илүүтэй хүлээхийн тулд Улаанбаатар Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна.
АНУ-тай ойртон дотноссоноор Монгол Улс Хятад болон Оросоос хараат байдлаа багасгаж болох юм. Их гүрний хувьд АНУ Монголын хамгийн үнэтэй гуравдагч хөрш. Зүүн хойд Азид Япон болон Өмнөд Солонгос эдийн засгийн талаар Монголын гуравдагч хөрш юм.
Ардчилсан улс болсноос хойш Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш нь Хятад болсон. Япон, Өмнөд Солонгостой хөрөнгө оруулалт, технологи, худалдааны салбарт хамтран ажиллах замаар Монгол Улс эдийн засгаа Хятад, Оросоос хараат байдлаа багасгахыг хүсэж байна.
2000 оноос эхлээд АНУ Монголтой хийж буй харилцаандаа ихээхэн ач холбогдол өгөх болсон. Цаашид ч албаны шугамаар дамжуулан АНУ Улаанбаатарт үзэл суртлаа нэвтрүүлэх болно.
Гэсэн ч ойрын ирээдүйд Монгол, Хятадын харилцааг өөрчлөх боломж бараг үгүй. Хятад, Орос, Монголын эдийн засгийн зурвас, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, зэвсэгт хүчний салбарт хамтран ажиллаж, харилцан эрх ашгаа хүндэтгэж буй цагт манай хоёр орны харилцаа тогтвортой хөгжих болно.
АНУ-ын өдөөсөн Хятадын эсрэг худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй. Вашингтоны дангаар хийж байгаа алхмыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжихгүй байгаа бол Хятадын “Бүс ба зам” санаачилгыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.
АНУ-ын хөгжлийн загвар олон бэрхшээлтэй тулгарч буй бөгөөд одоо Монгол Улс хоёр их гүрний хооронд зүй зохистой байр суурь эзлэх ёстой гэж Өвөр Монголын Нийгмийн ухааны академийн Орос, Монголын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн захирал Фан Лизюнь “Global times” сонинд бичжээ.
Монголын гуравдагч хөрш болсноороо бахархаж байна
АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Марк Эспер өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад хийсэн анхны айлчлалаа Өмнөд Солонгосоор өндөрлөсөн билээ. Үүнээс өмнө Австрали, Шинэ Зеланд, Япон, Монголд айлчлахдаа тэрбээр холбоотнууддаа Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутаг Вашингтоны хувьд тэргүүлэх чиглэл хэвээр байгааг батлан хэлжээ. Тэгэхдээ ОХУ, Хятад, БНАСАУ, Ираныг тогтоон барихад тэдний дэмжлэгийг авах найдлага тавьж буйгаа М.Эспер илэрхийлсэн боловч хүссэн хариугаа авч чадаагүй тухай “Коммерсантъ” мэдээлсэн байна.
Сөүлд Марк Эсперийг айлчлахад түүнийг угтан авсан Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Чон Ген Дутай БНАСАУ пуужин туршиж буйтай холбоотойгоор Солонгосын хойг, түүнтэй зэрэгцэн орших бүс нутгийн аюулгүй байдал хөндөж буйг тэмдэглэхэд туршилтыг онцгой анхаарч хүлээж авах хэрэггүйг мэдэгджээ. Мөн Персийн булан дахь Ираны үйл ажиллагааны талаар энэ айлчлалын үеэр хөндөв. Сүүлийн үед хэд хэдэн мөргөлдөөн гарсан Ормузын хоолойгоор усан онгоц чөлөөтэй зорчих нөхцөлийг хангахаар АНУ-ын байгуулж буй олон улсын эвсэлд нэгдэх саналыг М.Эспер албан ёсны бус байдлаар тавьсныг БНСУ-ын тал онцгойлон хүлээж аваагүй тухай “Yon¬hap” тэмдэглэсэн байна.
Ормузын хоолойн чухлыг хүлээн зөвшөөрч байгаа ч тэндхийн аюулгүй байдлыг хангах өөр хувилбаруудыг Сөүл судалж буйг Чон Ген Ду мэдэгджээ. Үүний адил Японы Батлан хамгаалахын сайд Такэси Ивая уг саналыг онцгойлон дэмжээгүй байна. Энэ асуудлыг Тегеран болон Вашингтонтой хийж буй худалдааны харилцаагаа харгалзан сайтар бодож үзэх нь зүйтэй хэмээн тэрбээр сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Австралийн Батлан хамгаалахын сайд Линад Рейнолдс “АНУ-ын хүсэлт их ноцтой бөгөөд хүнд юм. Бид саналыг нухацтай судалъя” гэсэн хариу өгсөн байна.
Харин Шинэ Зеланд Персийн булангийн ажиллагаанд оролцоход бэлэн бус байгаагаа мэдэгджээ.
Айлчлалаа эхлэхийн өмнө Марк Эспер Иран, БНАСАУ-ын үйл ажиллагаанаас гадна АНУ-ыг өөр хоёр улс түгшээж буй талаар мэдэгджээ. “Бид их гүрнүүдийн өрсөлдөөний эрин үед аж төрж байна. Хятад болон Орос манай стратегийн өрсөлдөгч” хэмээн тэрбээр хэлсэн аж. Австралид айлчлахдаа М.Эспер “Нэг улс бүс нутгийг өөрт ашигтайгаар өөрчлөхийг оролдож буйг АНУ зүгээр харж суухгүй” гэж мэдэгджээ. Үүний хариуд Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн “Хятад улс АНУ-ын адил Австралийн стратегийн амин чухал түнш” гэсэн байна.
БНХАУ болон ОХУ-тай хил залгаа орших Монгол Улсын удирдагчидтай АНУ-ын төлөөлөгчид байнга хэлхээ холбоо тогтоодоггүй ч сүүлийн үед идэвхтэй уулзах болсон. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн найман жилд анх удаа Вашингтонд айлчиллаа. Мөн өнгөрөгч зуны эхээр Улаанбаатарт АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон айлчилсан билээ. М.Эсперийг Монголд найрсгаар хүлээн авч, адуу бэлэглэсэн. Тэрбээр эл айлчлалд сэтгэл хангалуун байгаа бөгөөд твиттер хуудсандаа “Монголын гуравдагч хөрш болсноороо АНУ бахархаж байна. Тус улсын удирдлага илүү нягт харилцаатай орнуудынх шиг байлаа” гэж бичсэн аж.