Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг хэлц манай улсад сүүлийн хоёр жилд газар тариалангийн ажлын явцын дүн, тариаланчдын “уриа” болжээ. Учир нь нийт нутгаар жил дараалж өвөл нь цас бараг уналгүй, тав, зургадугаар сард гандуу байв. Ялангуяа газар тариалангийн гол бүс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хуурайшилт ихсэн хаваржилт хүндэрсэн. Жил бүрийн хаврын тариалалт цаг агаарын байдлаас шалтгаалж орон нутаг бүр өөр хугацаанд эхэлдэг ч ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлийн 10 хоногоос тавдугаар сарын эхний хагас хүртэл үргэлжилдэг.
Энэ өвөл цасгүй байж, хавар нэлээд шуурсан тул хөрс ямар ч чийггүй байв. Чийг багатай хөрсөнд үр суулгамагц буюу тариалалт дууссан 7-15 хоногт бороо орвол бурхны бэлэг л гэсэн үг юм байна. Ийм аз энэ жил бас л тохиосонгүй. Түүнчлэн 2017 онд нийт нутгаар бороо хургүй зусаж, ган болсон тул ургацын хэмжээ өмнөх жилийнхээс нь 40 хувиар багасан, газар тариалан эрхэлдэг цөөнгүй аж ахуйн нэгж алдагдал хүлээжээ. Харин өнгөрсөн жил долдугаар сарын дунд үеэс бороошсон нь ган болохоос сэргийлсэн ч тариалангийн бүтээгдэхүүний болцыг оройтуулж, ургац хураах цаг дөхсөн ч буудайн талбай нэлэнхүйдээ ногоорон, хэнз түрүү халиурч байсан аж.
Энэ нь төлөвлөснөөс бага ургац өгсөн ч болц нь гүйцээгүй үр тарианаас тэжээлийн ургамал бэлтгэснийг холбогдох мэргэжилтнүүд нь дурдсан. Тэгвэл энэ жил газар тариалангийн ажлын явц болон ямар хэмжээтэй ургац авах төлөвлөгөөтэй талаар зарим орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагынхнаас нь тодрууллаа.
Дархан-Уул аймагт 21 000 гаруй га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 10 000 га-д буудай, 4200-д нь овьёос, 4300 орчим га талбайд тосны ургамал, 1365 га-д хүнсний ногоо, 584.5 га-д төмс, 554 га-д малын тэжээл тариалжээ. Тариалалтын явцын хяналтаар 14 аж ахуйн нэгж, иргэний тариалсан 3000 орчим га талбай онц, 40 гаруй аж ахуйн нэгж, иргэний тариалсан 6000 га сайн, үлдсэн талбай нь дунд гэсэн үнэлгээ авчээ. Түүнчлэн долдугаар сарын дунд үе хүртэл бороо төдийлөн ороогүйгээс бүх төрлийн таримлын соёоны навч шарлаж, гандахад хүргэсэн байна. Харин долдугаар сарын 20-ноос бороо орсон нь улаан буудайн ургалтын явцыг сэргээжээ.
Одоогоор хураах ургацынхаа урьдчилсан дүнг гаргаагүй бөгөөд төмс, хүнсний ногооны ургалт, болц хэвийн байж нэг га талбайгаас авах хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс буурахгүй гэнэ. Харин буудайн болц гүйцэх хугацаа нь сунжирч, хэнз түрүү соёолох нь нэмэгдэх магадлалтайг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Отгончимэд дуулгалаа. Тэрбээр “Төмс, хүнсний ногооны тариалалт, ургац хураалтад төдийлөн санаа зовохгүй байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний талбайн нэлээд хэсэгт усалгааны систем нэвтрүүлсэн тул үр суулгалтын дараа үеийн чийгний хомсдолд бага өртсөн. Харин үр тарианы нийт талбайд усалгааны систем байхгүй. Тиймээс байгаль, цаг уураас хараат байж тариалалтын эхэн болон соёолох үеийн ус чийгний хомсдолд орсон.
Долдугаар сарын сүүлийн 10 хоногоос бороо ихээр орсон нь олзуурхууштай ч тарианы болцын хугацааг хойшлуулах магадлалтай. Өнгөрсөн жил ч энэ байдал давтагдан, есдүгээр сар гарчихаад байхад ногоон түрүү түрсээр байв. Энэ жил намар эрт цас унахгүй байх гэдэгт найдах л үлдлээ” гэсэн юм. Дархан-Уул аймгийнхан энэ жилийн ургац хураалтад зориулж комбайн, төмс, хүнсний ногоо хураагч 200 гаруй техник ашиглахаар тооцжээ. Техникийн бэлтгэлээ 25 орчим хувьтай хангасан гэнэ. Алим, чавга, чацаргана буюу жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Орхон, Хонгор сумын иргэдэд 9.5 сая төгрөгийн мод, бут шинээр олгосон бөгөөд ургалт хэвийн, айл өрхүүд сайн ажиллаж буйг ч дуулгалаа.
Төв аймгийн Жаргалант сумынхан аймгийнхаа төмс, хүнсний ногооны ургацын 70, нийслэлийнхний хэрэгцээний 40 гаруй хувийг дангаар хангадаг. Улсын хэмжээний үр тарианы нийлүүлэлтийн 8-10 хувийг бүрдүүлдэг юм байна. Жаргалантынхан энэ жил 12 760 га талбайд үр тариа, 5650 га-д төмс, 2463 га-д тосны ургамал, 414 га-д ногоон тэжээл, 31 га-д хүнсний ногоо тариалжээ. Сумын хэмжээнд 31 аж ахуйн нэгж, 609 иргэн газар тариалангийн ажилд ханцуй шамлан орсон аж. Жаргалант мөн л долдугаар сарын дунд үе хүртэл бороогүй, үр суулгасны эхэн болон дунд үед чийг тун тааруу байжээ. Гэсэн ч долдугаар сарын сүүлийн 10 хоногоос бороо их орж, нийт тариалангийн талбайг сэргээсэн гэв. Намар тэд 5000 орчим тонн төмс, 6500 тонн улаан буудай хураахаар төлөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс буудай 400 тонноор бага, төмс 1000 тонноор өсөх дүн аж.
Тариалангийн ажлын явц болон ургацын төлөвийнхөө талаар тус сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Д.Гантулга “Газар тариалангийн аль ч бүс нутаг нийтлэг бэрхшээлтэй. Энэ нь мэдээж байгаль, цаг уурын нөхцөл, бороо хурын хэмжээ. Аль ч газрын төмс, хүнсний ногооны талбайд усалгааны систем нэвтрүүлэх нь жилээс жилд өссөн. Гэсэн ч үр тарианы талбайд дорвитой өөрчлөлт гарахгүй, хур чийг хүлээсэн хэвээр байна. Энэ онд өнгөрсөн жилийнхтэй адил бороо оройтон, нэг орохдоо олон хоног үргэлжлэн цутгаж буй тул тарианы болцын хугацааг хойшлуулж, боловсрох явцыг удаашруулах төлөвтэй. Гэхдээ бид төлөвлөсөн хэмжээнд ургац авчих болов уу. Харин ургац хураалтад хүн хүч дутагдах магадлалтай, хяруу унахаас урьтан бүх төрлийн ургацаа бүрэн авах, эсэхэд санаа зовж сууна.
Учир нь урьд жилүүдэд манай сум БХЯ, ЗХЖШ-тай хамтран цэргийн албан хаагчдыг дайчилж ургацаа хураадаг байв. Энэ жил цэргүүд өөр орон нутагт бүтээн байгуулалтад дайчлагдсан тул ажиллах хүчээр хангаж чадахгүй байж магадгүй. Ингэснээр хүн хүчгүйдэн, цаг хугацаа, ургац алдах магадлалтай” гэв.
Жаргалант сумын “Цант шим” компанийн захирал Ц.Төртогтох “Энэ жил манайх улаан буудайг 70, тосны ургамал 100 гаруй га талбайд тарьсан. Тосны ургамал наймдугаар сарын эхний долоо хоногт л цэцэглэлээ. Буудайн түрүү ч оройтож цухуйв. Энэ нь буудай болон рапс бараг сарын дараа цэцэглэсэн гэсэн үг. Ингэснээр мэдээж ургацын болц хожуудаж, хяруунд даруулах магадлал үүснэ. Ер нь жилээс жилд аль ч орон нутагт газар тариалан эрхлэх ажил хүнд болж, өгөөж нь багасаж буй. Бид нийтээрээ буудайн тариалалтын талбайд усалгааны систем нэвтрүүлж чадахгүй байгаа нь тэнгэр харахаас өөр аргагүйд хүргэж байна. Улсаас авсан зээлээ тариалалтад бэлтгэх, үр авах, ажлын зардалдаа өгөөд таарах юм. Өр зээл ч нэлээд үүслээ” гэсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Бид энэ сарын 5-11-нд газар тариалангийн бүс нутаг буюу 6-7 аймгийн 14 сумын 30 гаруй аж ахуйн нэгжийн тариалангийн нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Булган, Хөвсгөл, Архангай аймаг болон Сэлэнгийн зарим сумд үр тариа, төмс хүнсний ногооны боловсролт хэвийн
байна. Харин Дархан-Уул, Дорнод, Орхон, Төв аймаг болон Сэлэнгийн зарим сумд зуны эхэн сар гантай байж, бороо оройтож орсны улмаас таримал боловсорч гүйцээгүй, болц нь удаашрах төлөвтэй. Одоогоор дийлэнх нутаг бороо хуртай, өдөртөө агаарын хэм өндөр байгаа нь ургацын хэмжээнд эергээр нөлөөлөх болов уу. Бид төлөвлөсний дагуу энэ жил 800 орчим мянган тонн үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал хураахаас 400 гаруй мянган тонн нь буудайнд ногдох байх. Гэхдээ нарийвчилсан тоо хэмжээ нэг сарын дараа тодорхой болно” хэмээв.
Энэ зун бороо хур элбэгтэй байж, улмаар үер усны аюул нүүрлэж буй ч тариалан эрхлэгчдэд өгөөжөө өгөн, ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл болж буй болов уу хэмээн бодох хүн олон. Гэтэл энэ их ус нь ган болохоос сэргийлэх ч нөгөө талаар таримлын болцыг удаашруулж, бага зэргийн хүйтэнд хяруу болон цавцайж, ургацын чанар, хэмжээнд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм байна.