АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Фомин Александр Васильевич нар өчигдөр манай улсад айлчиллаа. Марк Эспэр өнгөрсөн сарын 23-нд сайдаар томилогдсоноосоо хойш олон улсад анхны айлчлалаа хийж буй нь энэ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, сайд Марк Т.Эспэр нар тус салбар дахь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайдад адуу бэлэглэсэн бөгөөд тэрбээр “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашдаа ч энэ харилцаа улам батжин өргөжнө гэдэгт эргэлзэхгүй байна” гээд морь бэлэглэсэнд маш их баярлаж буйгаа илэрхийлсэн. Мөн мориндоо Америкийн эрэлхэг генерал Жорж Маршалын нэрийг хайрлав. Тэрбээр генерал Жорж Маршал дэлхийн II дайны дараа Хятадад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсныг дурссан юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хүлээн авч уулзлаа. Талууд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээний хүрээнд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны талаар ярилцсаны сацуу цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
У.Наран
“АНУ Монгол Улстай цэргийн салбар дахь харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэхийг хүсэж байна”
“АНУ болон Монгол Улсын Засгийн газар, юуны түрүүнд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар хоорондын харилцаа холбоо идэвхжиж байгаа нь Хятад улстай холбоотой. Гэхдээ тус хоёр улсын эрх баригчдын харилцаа энэ салбарт эрс гүнзгийрнэ гэж найдах хэрэггүй” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч асан, ОХУ дахь АНУ-ын Элчин сайд байсан Александр Вершбоу, Вашингтоны Брукингсийн хүрээлэнгийн гадаад бодлогын судалгааны хөтөлбөрийн захирал Майкл О’Хэнлон нар ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
Монгол, Америк хоорондын өндөр, дээд түвшний одоо хийж буй харилцаанаас том өөрчлөлт гарах, эсэхийг лавлахад А.Вершбоу “Онцгой өөрчлөлт гарахгүй байх. Хүйтэн дайн дуусах үеэс АНУ Монгол Улстай түншийн харилцаатай болохыг эрмэлзэж байсан бол Монгол Улс АНУ-ын дэмжлэгтэйгээр НАТО-той хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна” гэв.
ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ УУ
Харин Майкл О’Хэнлон Америк, Монголын харилцаа ихээхэн идэвхжинэ гэж үзэж байна. Гэхдээ хоёр орны батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа зарчмын шинэ түвшинд гарах боломжийг тэрбээр няцаажээ. “Хамгаалалт харьцангуй сул, жижиг Монгол орон нь дэлхийд хүчирхэгжиж буй Хятадын санаа бодлыг судлах боломжийн газар гэж АНУ харсан байх. Энэ бол таамаг хэдий ч АНУ, Монголын харилцаанд өөрчлөлт орсныг та бүхэн анзаараа биз ээ” гэж тэрбээр тэмдэглэжээ.
“НЭГ САНАА БОДОЛТОЙ ОРНУУД”
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Улаанбаатарыг зорихын өмнө Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаар хийж буй айлчлалыг нь дагалдан яваа сэтгүүлчидтэй ярилцахдаа “АНУ цэргийн салбарт Монгол Улстай хийж байгаа харилцаагаа илүү өндөр түвшинд гаргахыг хүсэж байна” гэв. “Монголын газар зүйн байршил, манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол, тус улсын гуравдагч хөршийн бодлого нь би зорьж очин, хамтран ажиллах шалтгаан юм. Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн гол орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Тус бүс нутагт хийж буй айлчлалынхаа хүрээнд Монголд, цаашлаад Вьетнам, Индонез болон санаа бодол нэгтэй бусад улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна” гэж Пентагоны тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Түүнийг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаар айлчлахын өмнө Пентагоны өндөр албан тушаалын төлөөлөгч Америкийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Улаанбаатарт Марк Эспер хоёр талын харилцаа, цэргийн хамтарсан бэлтгэл хийх асуудлаар хэлэлцээ хийнэ гэжээ.