БНХАУ-ын Ардын банк үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг дахин 313 суурь нэгжээр буюу 0.47 хувиар бууруулснаар нэг ам.доллар 6.9996 юаньтай тэнцлээ. Энэ нь 2008 оны тавдугаар сарын 15-наас хойших хамгийн доод үзүүлэлт болов. Ийнхүү тус банк юанийн ам.доллартой харьцах ханшийг дараалан гурван өдөр бууруулж байна.
Ийм алхам хийсэн нь Ардын банкны заль мэх бус, Хятадын бараа, бүтээгдэхүүнд нэмж гаалийн татвар ногдуулна гэсэн Америкийн эрх баригчдын мэдэгдэлтэй холбоотой гэж БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн Юй Юндин тайлбарлав. “Энэ нь татвар нэмсэн, олон улсын төлбөрийн тэнцэлд Хятадын эзлэх хувь, мөн юанийн эргэн тойронд үүссэн гутранги үзэлтэй холбоотой” гэж тэрбээр хэлснийг “Жунго вайхуэйван” цахим хуудас эш татжээ.
“Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, олон Төвбанк бодлогын хүүгээ бууруулсан болон худалдааны маргаан хурцадсантай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд мэдэгдэхүйц хэлбэлзэл ажиглагдаж байна. Энэ шалтгаанаар юанийн ханш ч мөн зах зээлийн нөхцөл байдал, түүнд оролцогчдын сэтгэл санааны байдалтай холбоотойгоор тогтворгүй байна” гэж “China minsheng bank”-ны шинжээч Вэнь Бинь хэлсэн байна.
АНУ-ын Сангийн яам даваа гарагт Хятадыг валютын луйвар хийдэг орнуудын тоонд оруулсан юм. Энэ нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн тогтолцоог сэргээхэд сөргөөр нөлөөлнө гэж БНХАУ-ын Ардын банк мягмар гарагт мэдэгджээ.
Нөгөөтээгүүр, санхүүгийн зах зээл унасны улмаас дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс хэдэн зуун тэрбум ам.доллар алдсаныг “Bloomberg” агентлаг уламжлав. Тодруулбал, 500 бизнес эрхлэгчийн хөрөнгийн хэмжээ 117 тэрбум ам.доллароор буурсан. Тухайлбал, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 3.5 тэрбум, “Louis vuitton moеt hennessy” компанийн захирал Бернар Арно дөрвөн тэрбум, “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 2.7 тэрбум ам.доллароо алдсан байна.
“Bloomberg”-ийн шинжээчид зах зээлийн уналтыг Хятад, Америкийн худалдааны маргаан хурцадсантай холбон тайлбарлаж байна. Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс 10 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байгаа билээ.