Уртын дуучин, Гавьяат жүжигчин Г.Хонгорзулын нэрэмжит уртын дуучдын “Цэцэн ханы шуранхай” улсын анхдугаар уралдааныг Хэнтий аймгийн ЗДТГ, тус аймгийн Мөрөн, Баянхутаг сумын удирдлага, ард иргэд хамтран зохион байгуулсан нь манай улсын соёл, урлагийн амьдралд өнгө нэмсэн түүхэн арга хэмжээ боллоо. Уралдааныг мэргэжлийн дуучдын болон авьяастнуудын гэсэн хоёр ангиллаар явуулсан бөгөөд нийт 43 дуучин оролцов.
Эхний өдрийн шалгаруулалт Мөрөн сумын нутагт, Өндөрхаан хайрханы баруун салбар уулсын дундах Эхэн ус хэмээх газарт болсон юм. Нийслэлийнхний сайн мэдэх Мэлхий хад бүхий Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт газар мэт хад асгатай, хоёр уулын завсарт оргилох хүйтэн булагтай аманд зохион байгуулсан нь оролцогчид, үзэгчдэд ихэд таалагдав. Дуучин Г.Хонгорзул өөрөө энд дуулж үзээд сонгосон юм билээ. Нэгдүгээр шатны шалгаруулалт нар жаргахын алдад өндөрлөсөн бөгөөд тэр үед зүүнтээх уулын энгэрт гарч сонсоход уртын дуу уул хадаар нэг хадах нь ер бусын байв. Хойд зүгт уулын дээхнэ талд МҮОНТ-ийн ахмад нэвтрүүлэгч, уг уралдааны хөтлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбаа телевизийн найруулагчийн “даалгавраар” шүлэг уншиж таарсан юм. Баруун чихээр Ж.Бямбаа гуайн уран уншиж буй шүлгийн мөрүүд, зүүн чихээр хуурын эгшиг, уртын дууны шуранхай орж ирээд, тэртээ доор буй Эхэн усны хүйтэн булаг бараадан сүүлээ шарваж зогсох сүрэг дундаас нас, насны адуу хааяа нэг тургих чимээ нийлэн сүлэлдээд энэхэн дэлхийд зөвхөн Монголд минь л байх ер бусын сонсголон, эгшиглэн ноёлж байлаа.
Мөрөн сумынхан нэгдүгээр шатны шалгаруулалт явуулах орчныг өөлөх юмгүй сайхан бэлдсэн байлаа. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба анхны уралдааныг “шинэ” газар сонгож зохион байгуулъя гэж хэлснээр нь, тэгээд ч дуучин хүсэлт тавьсных нь дагуу энд буурь засахдаа үйлчилгээний гэр хоёрыг барьж, үзэгчдийн суудлыг хангалттай тоогоор засжээ. Шүүгчид болон дуучдын асар тусдаа. Бие засах газрыг ч шинээр байгуулсан байв. Ийм цэвэр орчин, байгалийн сайханд орон нутгийн ард иргэд болон нийслэлээс зорьж очсон үзэгчид уртын дууны уралдааны нэгээхэн хэсэг болж баяр цэнгэлд умбав.
Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Хэнтий аймгийн төв Чингисээс урдхан, Баянхутаг сумын нутаг дахь, уртын дуучин Г.Хонгорзул малаа хариулж явсан, Хэрлэн голын Бумбат тохой хэмээх газарт боллоо. Саа мөнгөн Хэрлэн саваа халин мэлтэлзэнэ. Хоёрдугаар шатанд шалгаран, дараагийн даваанд ур чадвар өрсөлдөх дуучид бургас хөшигтэй, Хэрлэн гол тайзнаа монгол ардын уртын сэтгэл татам дуунуудыг ар араас нь эгшиглүүлэх нь мөн монголчуудын л сэтгэх, ялгарах, бахархах нэгэн бардамнал ажгуу. Энэ өдөр халуун салхитай байлаа. Салхи намжихыг хүлээх хугацаа байхгүй. Тэгээд ч дуучин Г.Хонгорзул өмнө ярилцлага өгөхдөө “Байгалийн шалгуур даваагүй бол уртын дууг язгуураар нь дуулахгүй дээ” гэж хэлж байсныг ч хэлэх үү, шүүгчид байраа эзэлж, хөтлөгч сугалсан дугаарын дагуу дуучдыг дуудсан даа.
Энэ өдөр хэн нь хэн болохоо харуулахаар үлдсэн 23 дуучны эхний дөрөв мөн ч сүрхий, асар дэрвүүлсэн салхитай тэмцэлдсээр хивс тайзнаас буусан юм. Сонирхолтой нь тэр дөрвийн нэг нь мэргэжлийн ангилалд тэргүүн байр эзэлсэн байлаа. Тэднийг дуулж байхад үзэгчдийн зарим нь салхинд туугдсан малгай, шүхрийн хойноос элдэж, богино банзалтай зарим нь хормойтойгоо ноцолдож байсан юм. Асар дор суусан шүүгчид чухам ийм нөхцөлд дуучин ч, морин хуурч ч өөрсдийгөө хэр авч гарахыг харж, шалгаж суужээ.
“Цэцэн ханы шуранхай” улсын анхдугаар уралдаанд нийслэлээс, тэр дундаа Увс, Говь-Алтайн уугуул дуучид, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчдээс гадна Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр, Архангай, Дундговь, Өвөрхангай, Төв, Дорнод аймгаас дуучид ирсэн юм. Дуучин Г.Хонгорзул Эхэн усад Мөрөн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй албаны хүмүүстэй ярилцаж байхдаа “Дуучид идэвхтэй оролцох болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл байна. Уртын дууны уралдаан маань бараг бэсрэг наадмын хэрийн арга хэмжээ болж байна. Санаачилга гаргасан, дэмжиж, хамтарсан, зохион байгуулж буй хүмүүст талархаж барахгүй нь” гэсэн.
Хэрлэнгийн Бумбат тохойд байхад үзэгчдийн дунд байсан нэгэн ахмад настан дуучин Г.Хонгорзулыг дуудаж, машиныхаа урд суудалд урьж суулган үнсэж, баяр хүргэж харагдсан юм. Дараа нь түүнээс сэтгэгдлийг сонсохоор очлоо. Тракторын жолооч байгаад тэтгэвэрт гарсан Д.Цэнд-Аюуш гэдэг хүн аж. Тэрбээр дуучинд аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж хацар дээр нь үнссэн мэт санагдав. Тэрбээр “Охин сайн байна. Аав нь “тожоо жолооч” хоч нэртэй Г.Ганбаатар гэж тохьтой, гүндүүгүй эр байсан юм. Ээж нь ч гэсэн нэг их амгалан, илүү зангүй сайхан бүсгүй байсан. Тэд маань арай эрт өөд болчихсон доо. Охин нь ухаантай, сайн яваад аавтай нь хамт ажиллаж байсны хувьд их баярлаж байна. Нутгийнх нь уул ус сайхан хүлээж авлаа. Хэдэн хоног халаад, ургасан өвс ногоо гандах маягтай болоод ирсэн юм. Та нар энд ирээд дуулж, хуурдмагц хур буулаа шүү дээ. Юм бүхэн учиртай, хүү минь” гэсэн юм.
Уралдаанд оролцсон уртын дуучин болгон “Түрүүлэхгүй, байр эзлэхгүй байсан ч яах вэ. Гол нь ийм өвөрмөц зохион байгуулалттай уралдаанд оролцъё, байгалийн задгай тайзанд дуулж үзье гэж ирсэн юм” гэсэн. Тийм ч болохоор нь мэргэжлийн болон авьяастнуудын ангилалд тэргүүн болон дэд, гутгаар байр эзэлсэн дуучдын нэрийг цувруулсангүй. Шүүгчдийн яриан дунд тодорхой бий.
Уралдаан өндөрлөхөд шүүгчидтэй уулзаж, ямар дүгнэлт хийж буйг асуусан юм.
Ч.Буянхишиг (Хөгжим судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн):
-Нийт 43 дуучин дуулсан. Сайн, сайхан дуулсан нь олон. Үүний зэрэгцээ алдаа ч бас байна. Байгальд, ямар ч техник хэрэгсэлгүй дуулах их сонин, онцлог юм байна. Дуулаачийн ур чадвар, хоолойн чадал, чансаа харагдлаа. Анхаарах зүйлс байна. Мартагдсан дууг сэргээж дуулах ёстой байсан юм. Тэр бүр дуулаад байдаггүй “Хүний мөс” гэж дуу сонслоо. “Наранзул хул” гэж Дундговь нутгийн дуу байдаг, үүнийг ганц дуучин сонсголоо. Үүнээс өөр шинэ юм байсангүй. Дуучид эрэл хайгуул сайн хийгээгүй, бэлэнчилж байна. Мөн уралдаандаа зорьж бэлтгэл хийсэн үү, үгүй юү, байгаа чигээрээ зориод ирэв үү гэхээр юм.
Энэ нь тэдний амьсгаагаа авч, гаргах байдал, дууны үгийг буруу хэлэх, тааруу шуранхайлж байгаа, хоолойд цохилго хийхдээ алдаж байгаа зэргээс харагдаж байна. Алдартай дуучдын дуулахыг сонсож байхад дууны хаана нь цохилго хийхээ тооцоолсон байдаг. Цохилгыг оновчтой хийхэд дуу бүхэлдээ санаа алдаж, самсаа шархирам гоё сонсогддог. Амьсгааг үгийн дунд авах уу, эсвэл төгсгөлд үү, цээжиндээ байлгах уу, эсвэл хэвлийд хадгалж зарцуулах уу гэдэг чухал. Уртын дуучид энэ бүхнийг мэдэх ёстой. Мөн дууны сонголт дээр алдаж байна. Залуучууд айзам буюу том дуу сонговол оноо нэмэгдэх болов уу гэж боддог байх. Үгүй юм. Миний бодлоор өөрийн болгосноо үнэхээр уран сайхнаар дуулах юм бол хүнд хүрэх нь илүү.
Жишээ нь, “Жаргалтайн дэлгэр”, “Дуртмал сайхан” ч юм уу, “Хэрлэнгийн баръяа” гэх зэрэг том дуу сонгоод, байх ёстой чинээнд нь дуулж чадахгүй, жирийн дуунаас багтаамж, хөг сэлгээгээр өөр онцлогийг нь гаргаж ирэхгүй бол буруу тийшээ болчихож байгаа юм. Хэдийгээр 43 дуучин 20-иод дуун дотор эргэлдсэн ч гэлээ, алдаа байсан ч нийтэд нь аваад үзэхэд уралдаан сайхан боллоо. Дуучид сахилгатай, ёс зүйтэй байна. Тэд уралдаанаас маш их сургамж авлаа, урын сан нь баяжлаа. Бүгд л мэдэхгүй дуу байвал дуу хураагчид бичиж авч байна лээ. Уртын дуучдын уралдаан зөвхөн Г.Хонгорзулынхаар хязгаарлагдахгүй. Цаашид өрсөлдөх бол эрэл хайгуул хийгээсэй, ялангуяа нутаг нутгийнхаа өвөрмөц дуунуудыг гаргаж ирэх хэрэгтэй. Энэ талаар шүүгч бид ярилцаж л суулаа. Увсынхан баяд, өөлдийн, Алтайнхан Алтай нутгийн, Дундговийнхон говь нутгийн сайхан дуунуудыг сонгоод ирсэн бол бүр л гоё байх байлаа.
А.Нэргүй (Уртын дуучин, Ардын жүжигчин):
-Удирдамжид дууны нэр заагаагүй, өөрөөр хэлбэл, заавал дуулах дуу байхгүй. Оролцогчид өөрсдийн сонгосноор өрсөлдсөн. Нутаг нутгийн ховор дуунууд сонсох нь гэж бодтол бараг л талаар болсон. Ганц, хоёрхон ховор дуу байлаа. Нийтээр дуулдаг уртын дуунууд ар араасаа яваад байсанд сэтгэл ханамжгүй байна. Увс аймгийн уугуул Пүрэвтогтох гэж залуу, Октябрь гэдэг бүсгүй баруун нутгийн дуунууд сонсгосон бол сондгойрч ялгарах байлаа. Мэргэжлийн дуучдын ангилалд тэргүүн байр эзэлсэн Баасансүрэн гэдэг эмэгтэй дуучин нийтлэг “Хэрлэнгийн баръяа” дуулсан ч бусдаас арай өөр байсныг онцлох хэрэгтэй. Уртын дуу гэдэг маань уртаар бариад л, өнгөө ч гаргаж ирэхгүй, тэгш дуулаад байхыг хэлнэ гэж ойлгодог бол буруу юм.
Энэ нь ухаан гаргаж дуулах ардын урлаг юм. Хаана барьж дуулах вэ, хаахна нь дуу хоолойгоо гаргаж ирэх вэ, нөөцөө хэрхэн харуулах вэ, аль хавьд арай зөөллөж өгөх вэ гэдгийг ухаанаар зохицуулна. Баасансүрэн үүн дээр ажиллалаа. Амьсгаа сайхан юм. Өнгө тембрээ хаана илүү тодруулж өгөх вэ, түрүүн хэлсэнчлэн аль хэсэгт зөөллөж, хамгийн нандин дуугаралт гаргах вэ гэдгээ мэддэг, хэрэгжүүлдэг залуу дуучин байна. Би үүнийг нь харж, зөв сайхан дуулж сурсныг нь тооцож оноо өгсөн. Авьяастнуудын ангилалд түрүүлсэн Өвөрхангайн дуучин, цаг уурч Цэцэгсүрэн гэдэг залуугийн дуулахыг өмнө нь сонсож байсан. Маш сайхан дуулдаг залуу. Өнөөдрийн дууны сонголт сайхан байлаа, өөрөө ч хоолойн царааг харуулж, чөлөөтэй сайхан дууллаа.
Э.Хүрэлбаатар бол сайн дуучин. Өвөрмонголд олон улсын уралдаанд түрүүлж гайхуулж байсан юм. Өнөөдрийн хувьд сонгосон дуу нь арай багадлаа. Өөрөө ч бэсрэгдүү маягтай болгож дуулав. Дуучин А.Төртогтох гэж, бидний үнэлдэг сайхан дуучин ирж оролцлоо. СУИС-ийг өнгөрсөн хавар төгссөн юм. Ерөнхийдөө С.Цоодол гуайн арга барилаар дуулах гэж оролддог, донж маягийг нь өөрийн болгож байгаа дуучин. Гэхдээ яг С.Цоодол гуай юу гэхээр бас биш, өөрийнх нь А.Төртогтохын гэсэн өнгө бий. Энэ бол ололттой тал. Хүн дуурайх хэрнээ өөрийн гэсэн би-г бий болгож чадаж байна. Өнөөдөр тэрбээр үгэн дээр алдлаа. Бүх дэлхий даяар гэхийг энэхэн дэлхий даяар гээд хэлчихсэн. Үг буруу дуудахад ая, дан алдагдах тал бий. Мэргэжлийн сургууль төгссөн мэргэжилтний хувьд үүнийг мэддэг байх ёстой.
Д.Түвшинжаргал(Уртын дуучин, Ардын жүжигчин, уралдааны ерөнхий шүүгч):
-Хэнтий нутгийнхан уртын дууны арвин их сан хөмрөгтэй ард түмэн. Богд хаан төр барьж байх үед байсан, хааны урилгаар очиж дуулдаг Мөрринчин аварга гэж агуу их дуучин байсан. Алдарт дуучин Дорждагва багшийн багш Лхамын Гомбо гэж мундаг уртын дуучин энэ нутгийнх. Төрийн том, айзам дуунуудын их суурь нь Хан Хэнтийд байдгийг судалгаа харуулдаг. Уралдааны үр дүнд энэ сайхан дуунуудаа судал, уламжлуул гэж Ардын жүжигчин А.Нэргүй бид хоёр залуу дуучдад зөвлөлөө.
Дараагийн аль ч уралдаанаас эдүгээ мартагдаж байгаа хардэл, хурхбиндэр аялгуугаар дуулахыг нь сонсохыг хүсэж байна. Сэргээн, таниулж, түгээн дэлгэрүүлээсэй гэж бодлоо. Бүгд л төв халх аялгуугаар дуулаад байх юм бол Монгол маань ганцхан төв халх л уртын дуутай болох нь байна шүү дээ. Энэ бүхнийг олж харахыг, байгальд дуулж, хуурдан, хэн нь хэн болохыг таньж болохыг ойлгуулсан, ардын баяр цэнгэлийн дайтай сайхан уралдаан боллоо. Монгол түмний маань сэтгэл ариун, төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай гэж уртын дуучдынхаа өмнөөс ерөөл айлдъя.