Нийслэлд өчигдөр их хэмжээний усархаг бороо орсны улмаас зарим хэсгийн замын зорчих хэсэг эвдэрч, нөхцөл байдал хүндрэв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замд хөдөлгөөний эрчим удааширч, нэлээд түгжирснийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм. Түүнчлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Энэ жил нийслэлийн бүх дүүрэгт зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэж байгаа. Налайхын 20.9 км зам, Баянзүрх дүүргийн нутаг дахь гүүрэн гарц, Сонсголон, Зуун айл орчмын гүүр зэрэг ажлууд аадар борооны улмаас үе үе саатаж байна. Бороотой үед технологийн горим алдагдуулахгүйн тулд ажлаа түр зогсоохоос аргагүй. Дараа нь хуваарь гаргаад хүн хүчээ шахан ажлаа нөхөж хийдэг” гэв.
Ирэх өдрүүдэд ч бороотой аж. Ихэнх нутгаар өнөөдөр түр зуурын бороо орох бөгөөд энэ сарын 7-нд өнжиж, 8, 9-нд үргэлжлэн орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тиймээс иргэд, ялангуяа малчид, тариаланчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох газруудаас зөвлөж байна.