Манай улс хагас жилд олсон орлого, гаргасан зардлынхаа дүнг нэгтгэжээ. Монгол хэмээх “айл” хэдэн төгрөгийн орлого олж, хэдийг зарцуулсан бол. Сангийн яамнаас Засгийн газар 5.54 их наяд төгрөгийн орлого олж, 4.7 их наядын зардал гаргасан гэж мэдээлэв. Тэгэхээр Монгол Улсын төсөв хагас жилийн байдлаар 840 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байх нь. Энэ бол баярлууштай мэдээ. Төсөв алдагдалтай гарвал зээл авч, дутсаныг нь нөхөхөөс өөр гарцгүй. Зээл авахаар Засгийн газрын өр нэмэгдэнэ. Хүүг нь төлөх ёстой. Ингэхээр төсвийн зардал өснө. Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Зээл аваад ирээдүйд ашиг олох зөв зүйлд зарцуулахгүй, гарынхаа салаагаар савируулаад дуусгавал хожим дарамт болох нь гарцаагүй.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 8.6 хувиар өссөн. Энэ бол чамлахааргүй өндөр үзүүлэлт. Эдийн засаг идэвхжихийн хэрээр төсвийн орлого нэмэгдэж байгаа. Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг иргэдэд буцаан олгох гэх мэтээр татвараа шударгаар хураах хөшүүрэг хэрэглэсэн нь төсвийн орлого өсөх нэг шалтгаан болсныг дурдах нь зүй. Өнгөрсөн жилийн эцэст улсын нийт төсөв 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Өмнөх жилүүдэд төсөв үргэлж алдагдалтай гарч ирсэн билээ. Ашигтай гарсан амжилтаа давтвал Монголын өрх бүрт үр шим нь дам нөлөөгөөр дамжин хүрэх нь дамжиггүй.
Хагас жилийн дүнгээр төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 21.9 хувиар өсөв. Энэ бол төсвийн орлого тэлж байгааг харуулсан бодит үзүүлэлт. Төсвийн орлого өсөхөд эдийн засгийн аль салбар илүүтэй нөлөөлсөн бол. Сангийн яамныхан уул уурхайн салбарын орлого өссөн нь голлон нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Тэгвэл энэ салбарын орлого яагаад өссөнийг нягталж үзье. Уул уурхайн салбарын орлого хагас жилийн байдлаар 1.31 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 17.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Экспортод гаргаж буй түүхий эдийн хэмжээ нэмэгдсэнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбарт ажилладаг компаниудын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өссөн байна. Тодруулбал, газрын төлбөр 50, ашигт малтмалын нөөц ашигласных 35, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 25.3 хувиар дээшилжээ.
Уул уурхайн салбарынхан энэ оны эхний хагас жилд 749.2 сая тонн зэс экспортолсон аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хувиар өссөн үзүүлэлт. Харин 18.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 хувиар буурсан статистик юм. Тэгвэл 4.1 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Ингэснээр төмрийн хүдрийн экспорт өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн байна. Ерөнхийдөө төмрийн хүдрийн экспорт сэргэсэн нь уул уурхайн салбарын орлогыг дээшлүүлсэн дүр зураг харагдаж байгаа биз.
Дэлхийн зах зээлд өнгөрсөн хоёр жилд төмрийн хүдрийн үнэ унасан. Мөн хятадууд хүхэр багатай төмрийн хүдэр худалдаж авах бодлого баримталж эхэлсэн. Транзит тээвэр нэмэгдсэнээр төмөр замын вагоны хүрэлцээ муудсан. Ийм шалтгаанаар манай төмрийн хүдрийн экспорт саараад байсан юм. Тэгвэл энэ оноос дэлхийн зах зээлд үнэ нь сэргэж, компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлжээ.
Уул уурхайн салбар манай эдийн засгийн 30 хувийг бүрдүүлэх болсон. Дэлхийн зах зээлд зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унахад манай эдийн засагт хүчтэй нөлөөлдөг болоод удаж байна. Ашигт малтмалын үнэ унаж, экспорт нь хумигдахад төсвийн орлого буурах магадлал үргэлж отож байх болно. Төсвийн орлого тасрах үед гал унтраах зориулалтаар манайхан Төсвийн тогтворжуулалтын сан байгуулсан. Тус санд энэ оны эхний хагас жилийн байдлаар 31.8 тэрбум төгрөг нэмж төвлөрүүлжээ. Гэвч тогтворжуулалтын санд хуримтлуулсан хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 69.2 хувиар буурсан байна. Уул уурхай бол шавхагддаг баялаг. Нөөц нь дуусдаг баялгийн үр өгөөжийг хойч үедээ хүргэхээр Ирээдүйн өв санг байгуулсан. Энгийнээр тайлбарлавал, Ирээдүйн өв сан бол хойч үедээ үлдээж буй хадгаламжийн дэвтэр юм. Хадгаламжийн дэвтэртээ эхний хагас жилд чамгүй мөнгө хуримтлуулжээ. Тус санд 616.6 тэрбум төгрөг хуримтлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 98.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай улс Ирээдүйн өв сандаа анх удаа овоо их хөрөнгө хуримтлууллаа.
Засгийн газар нийт 4.7 их наяд төгрөгийн зардал гаргасныг дээр дурдсан. Тухайлбал, ца лин хөлсөнд 1.16, татаас, шилжүүлэгт 1.64 их наяд, төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардалд 727.3, хөрөнгийнхөд 636.1, хүүгийн төлбөрт 436.9 тэрбум төгрөг зарцуулжээ. 2019 оны төсөвт улсын болон концессын нийт 1.69 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 1293 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан. Үүний 31.4 хувь нь он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээ бол 68.4 нь энэ жилд шинээр хэрэгжих аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл зургадугаар сарын 30-ны байдлаар нийт 287.1 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 51.9 хувиар өссөн дүн гэнэ.
Засгийн газрын өр 2016 оноос хойш хамгийн бага үзүүлэлттэй буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 54.4 хувьтай дүйж байгаа аж. Засгийн газар эхний хагас жилд нийт 702 тэрбум төгрөгийн өр төлөв. Үүнээс үндсэн төлбөрт 265.1 тэрбум төгрөг төлжээ. Монгол хэмээх “айл”-ын энэ оны эхний хагас жилийн орлого, зарлагын дүр зураг ийм байв. Энэ “айл” идэж уух, өмсөж зүүхэд уул уурхайн салбар түлхүү үүрэгтэй санж.