Монгол Улс хэдэн нүхэн жорлонтой вэ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 000 гаруй айл дор хаяж нэг жорлонтой. Дүүрээд булж орхисон жорлон зарим айлын хашаанд 5-6 бий. Үүн дээр 21 аймгийн төв, 330 сумын айлуудыг нэмбэл хэд болохыг таашгүй. Энэ тоог мэдэх албан тушаалтан ч манай төрд байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс тусгай хамгаалалттай газруудад нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Үүний дагуу тусгай хамгаалалттай газрууд дахь стандарт (Нүхэн жорлон, угаадасны нүхний MNS 5924:2015)-ын шаардлага хангахгүй жорлонгуудыг буулгаж байгаа.
Уг ажил өдгөө 50 хувьтай байна гэж яамнаас мэдээлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хотын ногоон бүс, ой, усан сан бүхий газарт нүхэн жорлон ашиглахыг хориглосон билээ. Үүний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Зуслангийн товчоо, Байгаль хамгаалах тасаг зэрэг байгууллагахамтран Яргайтын нийтийн эзэмшлийн талбай дахь жорлонгуудыг дарж эхэлжээ. Ингэхээр БОАЖЯ-ныхан тусгай хамгаалалттай газрууд, нийслэлийн Байгаль орчны газрынхан хотын ногоон бүс дэх жорлонг анхаарна. Харин гэр хороолол, бусад аймаг, сум дахь жорлонгууд хариуцах эзэнгүй, хэрхэх нь тодорхойгүй.
Хөрс, гүний ус бохирдуулж, өвчний үүр уурхай болсон хэвээр байна гэсэн үг. Ийм эзэнгүй “эт гээдүүд”-ийн нэгд буюу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь “Эвтэй дөрвөн амьтан” гэх амралтын газарт амарч байсан зургаан настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай, бас гутамшигтай хэрэг өнгөрсөн долдугаар сарын 5-нд гарсан билээ.
УЛААНБААТАРЫН ХӨРСНИЙ 80 ХУВЬ НЬ БОХИРДЖЭЭ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 80 гаруй хувь нь бохирдсон гэсэн дүн гарчээ. Үүнээс гадна нийслэлийн Байгаль орчны газрынхан өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судлаад 88 хувь нь нянгийн бохирдолтойг тогтоосон байна. Ийм байдалд хүргэсэн гол буруутан нь нүхэн жорлон. Жорлонгууд зөвхөн хөрсийг буртаглаад зогсохгүй, гүний усанд ч халдах болсныг мэргэжилтнүүд сануулсан. Манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард ажилласан, АНУ-ын эрдэмтэн Марк Гольц энэ талаар онц гойлон анхааруулсан билээ.
Ялангуяа гэр хо рооллын жорлон гүний усыг бохирдуулж, хотын ундны усны эх үүсвэрт ч хүрч, Туул голтой нийлэх өндөр магадлалтай гэнэ. “Нэн даруй арга хэмжээ авахгүй бол иргэд олноор хорт хавдраар өвчилж болзошгүй. АНУ 1970 оноос хөрсний бохирдлыг судлах төслүүдийг санхүүжүүлж, судалгаа хийлгэж эхэлсэн. Олон жилийн судалгааны үр дүнд хөрсний бохирдол хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох нь нотлогдсон учир монголчуудад ийн сануулж байна. Ялгадсаа хөрсөнд булахаа зогсоож, нүхэн жорлонгоо өөрчлөх нь хорт хавдар үүсгэ хээс хамгаалах чухал арга зам” гэж тэрбээр хэлсэн юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан аймаг, нийслэлийн гэр хорооллын 3040 нүхэн жорлонг судлахад 84.9 хувь нь стандартын шаардлага хангахгүй байжээ. Үүнээс болж зөв хөн байгаль орчин бохирдоод зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх болсон аж. Тухайлбал, урин дулааны цагт өдөрт дунджаар 20 хүн гэдэсний халдварт өвчний улмаас эмнэлэгт хандах болсон гэнэ. Тэр дундаа бага насны хүүхдүүд олноор өвчилдөг болжээ.
ГЭР ХОРООЛЛЫН ХАШААНД ГАРГАСАН ХУДГИЙН УСЫГ УУХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Нүхэн жорлонгоос үүдэлтэй хүндрэл зөвхөн нийслэлд л тулгарсан хэрэг биш. Монголыг эзэлсэн гэхэд буруудахгүй. Орон нутаг, ялангуяа аймгийн төвүүдэд томоохон асуудал болж эхэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны долдугаар сард Баян-Өлгий аймагт үер бууж, хөрсний бохирдлыг судлах “далим” гарчээ. Ингээд үерт өртсөн Өлгий сумын I, II, XII, XIII багийн 740 айлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тэргүүтэй холбогдох албаныхан тандалт судалгаа хийсэн байна. Тэр айлуудын 675 нь хашаандаа нүхэн жорлонтой байсан бөгөөд үүнээс 449 нь шаардлага хангахгүй буюу нурсан, бохир нь дүүрсэн байжээ. Ихэнх айл хашаандаа худагтай, түүнийхээ ойролцоо жорлонтой байсан гэсэн үг. Ингээд үер буухад жорлон, ундны ус хоёр нь холилдож урсаад хачин юм болсон гэнэ.
Сэлэнгийн Мэргэжлийн хяналтын газрынхан аймгийн төвийнхөө гэр хорооллын 20 айлын хашаан дахь худгаас дээж авч, шинжилжээ. Химийн шинжилгээний дүгнэлтээр уг дээжийн 90 хувьд нь хатуулаг, төмөр, аммони хүлцэх хэмжээнээс их илэрч, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна нян судлалын шинжилгээгээр нийт дээжийн 30 хувь нь бохирдолтой, тэр дундаа гэдэсний савханцар бактери агуулсан нь илэрсэн гэнэ. Тиймээс нэн даруй арга хэмжээ авч, гэр хорооллын хашаан доторх, ялангуяа гүний бус, өнгөн хөрсний худгийн усыг унданд хэрэглэхгүй, зөвхөн ахуйн зориулалтаар ашиглах зөвлөмж айл болгонд өгсөн байх жишээтэй. Энэ мэтээр нүхэн жорлонгийн асуудал хот, хөдөөгүй тулгамдаж байхад холбогдох албаныхан нь тусгай хамгаалалттай газруудынхаа жорлонг ч бүрэн дарж чадаагүй мунгинаж сууна.
ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ
Урд хөршийн Засгийн газраас 2015 онд жорлонгийн хувьсгалыг орон даяар эхлүүлэн нэг жилийн хугацаанд 33 000 эко ариун цэврийн байгууламж барьжээ. Өргөн уудам нутагтай, олон хүн амтай тус улсад саяхныг хүртэл буюу 1996 онд л нийт иргэдийнх нь дөнгөж 10 гаруй хувь нь боловсон бие засах газартай байсан аж. Харин тус улсынхан асуудалд ажил хэрэгч, зоригтой хандаж, дорвитой хөдөлсний ачаар дээрх үзүүлэлт өдгөө 80 орчим хувьд хүрчээ. Манай улс ч энэ жишгийг дагаж, дарга нар нь “Хориглолоо” гэсэн бичиг гаргачихаад таг болчихдог биш, тусгай хамгаалалттай газар, ногоон бүс гэж ялгаварладаг бус, нийт улсаараа хэрэгжүүлэх шаардлага тулгарсан.
Уг нь аялал жуулчлалын бүсдээ жорлонгоо өөрчлөх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч нүглийн нүдийг гурилаар хуурсаар байна. Жишээ нь, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын ойр орчимд ариун цэврийн 50 байгууламж гэх сүржин нэртэй ч бодит байдалд бол эгэл жирийн жорлонгууд барьсан. Энэ зун очсон иргэд үнэхээр эко, эсэхийг нь “шалгасан” биз ээ. Сайжруулсан нэртэй ч ялгаагүй л нүхэн жорлон болохыг бид урьд нь хөндсөн. Хамгийн “аймшигтай” нь тэр жорлонгуудын хамгийн хямд нь гурван сая, хамгийн үнэтэй нь 32.3 сая төгрөгийн өртөгтэй.
Харин Орхон аймгийнхан саяхнаас гэр хорооллын айлуудыг эко жорлонтой болгоно гэсэн том зорилго тавьсан гэх гэгээтэй мэдээ дуулдлаа. Үүний хүрээнд гэр хорооллын айлуудын жорлонг шат дараатай өөрчлөх бөгөөд эхний ээлжид 290 айл хамруулах болжээ. Уг ажилд нийт 608 сая төгрөг зарцуулах бөгөөд үүний 277.5 саяыг орон нутгаас, 250 саяыг БОАЖЯ-наас, үлдсэнийг нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргах юм байна. Нэг жорлонгийн өртөг нь Хөвсгөлийнхнийг бодвол арай хямд буюу 1.9 сая төгрөг аж. Оролцох хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сарын 28-наас бүртгэж эхэлжээ. Ингэхдээ аймгийн харьяат иргэн байх, гэр хороололд тогтмол оршин суудаг зэрэг шалгуур тавьж, бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулах гэнэ. Хөвсгөлийнхөн шиг хөрөнгө хий дэмий үрэхгүй, сайн жишиг тогтооно гэж найдъя.
М.Оч