Нийслэлчүүд сүүлийн 14 хоног түрээсийн орон сууцаар “амьсгалж” байна. Энэ нь “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд эзэмшүүлэх болсонтой холбоотой. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 4-ний 114 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын зорилтот бүлгийнхнийг түрээсийн орон сууцад хамруулах журам баталж, иргэдийг цахимаар бүртгэж буй. Бүртгэлийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө дуусгавар болгох бөгөөд өчигдрийн байдлаар 27 500 хүн хүсэлт гаргажээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Орон сууцны тооноос давсан эрэлт нэгэнт бий болсон тул иргэдийг хэрхэн сонгон шалгаруулах бол гэсэн асуулт олон нийтийн “толгойн өвчин” болоод байна. Чоно борооноор гэгчээр “Түрээсийн орон сууцад найдвартай оруулж өгнө” хэмээсэн “боохойнууд” гарч ирж, бүр ханш тогтоосон сурагтай.
Багш нар хүртэл хотын захиргааны үүдэнд жагсаж, 100 квот авсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, хүмүүсийн дургүйцлийг хүргэв. Эдгээр асуудлыг тодруулж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэхээр Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК)-ыг зорилоо.
Иргэдийн олонх нь “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг бүгдийг нь түрээсэлнэ гэсэн ташаа ойлголттой байна. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журамд зааснаар, дээрх орон сууцны 30 хувийг энгийн нөхцөлөөр түрээсэлнэ. 30 хувийг нь түрээслэх замаар өмчлүүлэх, үлдсэн 40 хувийг нь газраа орон сууцаар солих хүсэлтэй хүмүүст олгох юм. Тэгэхээр 972 айлын орон сууцны 60 хувийг буюу 583-ыг нь л иргэдэд энгийн болон өмчлүүлэх хэлбэрээр түрээслүүлнэ гэсэн үг. Цахим бүртгэл нөгөөдөр дуусна. Явцын мэдээллийг харахад 30 орчим мянган хүн бүртгүүлэх төлөвтэйг НОСК-ынхан хэлсэн. Тэдний ердөө 583 нь л түрээсийн орон сууцад орох юм. Үлдсэн 29 400 нь хоосон хоцорно. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн иргэдийн орон сууцад хамрагдах магадлал маш бага буюу 50-д ганц аж.
Түрээсийн байртай болоход аз, танил тал, хахуулийн аль нь ч тус болохгүй. Учир нь сонгон шалгаруулалтыг сугалаагаар явуулахгүй гэдгийг НОСК-ын дэд захирал С.Дорждэрэм хэллээ. Тэрбээр “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журамд сонгон шалгаруулалтыг сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр явуулна гэж заасан. 30 мянган хүн бүртгүүллээ гэхэд 600 орчмыг нь сугалаагаар сонгоно гэвэл олон нийт бухимдана. Орон сууцны тоо цөөхөн. 29 мянган хүнийг гомдоох болчихоод байдаг. Уурлаж, бухимдсан хүмүүс нийслэлийн удирдлага, НОСК-ынхныг хардаж сэрдэж, дарамт шахалт үзүүлэх нь мэдээж. Цахим бүртгэл эхлээ ч үгүй байхад “Хотын захиргааныхан, НОСК-ын ажилтнууд 972 айлын орон сууцыг хувааж “идсэн”. Танил тал, ойр дотнынхондоо өгсөн. Хотын захиргааныхан “Буянт-Ухаа 2”-т нүүгээд оржээ” хэмээн гүтгэж байсан. Байрыг Улсын комисс ч хүлээж аваагүй байхад шүү дээ.
Тиймээс сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулна. Журамд заасанчлан эрэмбэлэх аргаар иргэдийг сонгох нь хамгийн оновчтой. Багш нар “200 квот өг” гэж шаардсан. Аль нэг салбарынханд давуу эрх олгохгүй байхаар журамласан тул боломжгүй” гэсэн юм.
“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцад оруулах зорилтот бүлгийн иргэдийг найман ангилалд хуваан, квот тогтоосон. Тодруулбал, энгийн болон түрээслээд өмчлөх 583 айлын орон сууцны 25 хувийг төрийн албан хаагчдад, 20 хувийг залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насныханд, 20 хувийг нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгоно. Мөн 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүл (тав), өрх толгойлсон эцэг, эх (тав), өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан (15), хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл (тав), гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн (тав)-ийг түрээсийн орон сууцад хамруулах журамтай.
Өмчлөхгүйгээр түрээслэх орон сууцад хамрагдах хүсэлтэй бол Улаанбаатар хотын иргэн, насанд хүрсэн, тогтмол орлоготой, шүүхийн шийдвэрээр ямар нэгэн өр, зээл төлдөггүй, гэр хороололд амьдардаг, орон сууц өмчилж байгаагүй, чанаргүй зээлийн түүхгүй байх шаардлагатай. Эдгээр нөхцөлийг хангасан нь л байртай болно гэсэн үг. Сонгогдсон иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны 39.2, 49.2 ам метр талбайтай хоёр, 68.6 ам метр гурван өрөө байрнаас сонгох эрхтэй. Энгийн түрээс бол нэг ам метрийнх нь үнэ 6000 төгрөг. 49.2 ам метр талбайтай хоёр өрөө байранд ороход сард 295 200 төгрөгийн түрээс төлөх нь. Энэ нь зах зээлийн одоогийн ханшаас 2-3 дахин хямд тул иргэд хошуурах нь аргагүй юм.
Харин орон сууцаа түрээслээд, өмчлөх гэж буй иргэд дээрх шаардлагыг хангасан байхаас гадна тогтсон ажилтай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан, өрхийн орлогынх нь 45 хувь түрээсийн болон өмчлөх төлбөрийг төлөх хэмжээнд хүрэлцэхээр байх ёстой. Цахимаар бүртгүүлсэн хүмүүсийн олонх нь байраа түрээслээд, өмчлөх хүсэлт гаргасныг НОСК-ынхан хэлсэн. Учир нь түрээсийн орон сууц нөхцөл сайтай, хямд үнэтэй. Байрандаа амьдрангаа эхний таван жилд төлбөрийнхөө 30 хувийг түрээс хэлбэрээр өгч, бүрдүүлэх боломжтой. Орон сууцны нэг ам метрийнх нь үнэ 1 450 000 төгрөг. Тухайн иргэн 49.2 ам метр хоёр өрөө байр авлаа гэж бодоход 71.3 сая төгрөг төлнө. Үүнийхээ 30 хувийг буюу 21.3 сая төгрөгийг таван жилийн хугацаанд ямар ч хүүгүй бүрдүүлэх юм. Тэгэхээр сар бүр 356 мянган төгрөг төлөөд л байртай болно. Харин үлдсэн 70 хувийн төлбөрөө иргэд байраа барьцаалж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Баталгааг нь НОСК гаргаж өгөх юм билээ. Урьдчилгаа мөнгөгүй, ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй зорилтот бүлгийнхэнд энэ бол том боломж юм.
НОСК-ын дэд захирал С.Дорждэрэм “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьж, нэг ам метр талбайг нь 1 450 000 төгрөгөөр тооцон, нийслэлийн өмчид шилжүүлсэн. Зээлийн хүүгийн тоолуур гүйгээд эхэлсэн тул иргэдийг аль болох түргэн хугацаанд байранд нь оруулна. Гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, агаарын бохирдлыг бууруулах, зорилтот бүлгийнхнийг дэмжих үүднээс 972 айлын орон сууцыг түрээсэлж, өмчлүүлэх болсон. Цахим бүртгэл дууссаны дараа иргэдийн мэдээлэл зөв, эсэхийг нэгбүрчлэн шалгана. Жишээ нь, 35 хүртэлх насны залуу гэр бүл гэсэн ангилалд 37 настай хүн бүртгүүлсэн байвал хасна гэсэн үг. Энэ бүхнийг хянасны дараа ангилал тус бүрээр жагсаалт гаргаж, сонгон шалгаруулах комисст хүргүүлнэ. Үүнээс гадна хэд хэдэн байршилд төсөл хөтөлбөр эхлүүлсэн. Яг энэ журмаараа иргэдийг орон сууцжуулна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах комисс байгуулжээ. Өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллах гэнэ. Комиссыг иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болсон мэргэжлийн хүмүүс хөндлөнгөөс хянах аж. Нийслэлийн зорилтот бүлгийнхнийг түрээсийн орон сууцад хамруулах журамд иргэдийг хэрхэн эрэмбэлж, сонгон шалгаруулахыг дэлгэрэнгүй заажээ. НОСК-ын цахим хуудсанд үүнийг нээлттэй байршуулсан тул иргэд шаардлага хангасан, эсэхээ мэдэх боломжтой. Тухайлбал, 0-18 насны дөрөв, түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийн ангилалд орон сууцны 100 квот байхад 1000 хүн бүртгүүлж гэж бодъё. Тэгвэл хамгийн түрүүнд хүүхдийн тоог харгалзана. Тоо нь тэнцүү бол хүүхдүүд нь 0-18 настай, эсэхийг, гэр хороололд амьдардаг, агаарын чанарын бүсчлэл, нас, нийгмийн даатгал төлсөн байдал зэргээр нь эрэмбэлж, сонгох юм байна.
Сонгон шалгаруулалтыг хэдий хугацаанд явуулж, дуусгах нь тодорхойгүй. Хугацаа товлох боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн. 30 орчим мянган хүний анкетыг нэгбүрчлэн шүүж, эрэмбэлэх тийм ч амар биш байх. Үүний дараа сонгогдсон хүмүүсийн материалыг цаасаар хураан авч, шалгана. Зарим нь анкетаа санаатайгаар буруу, зөрүү бөглөсөн байвал регистрийн дугаарыг нь Нийслэлийн түрээсийн орон сууцны сангийн “хар жагсаалт”-д бүртгэж, дараагийн төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг хязгаарлана гэсэн. Эдгээрийг цэгцэлсний дараа иргэдэд орон сууцных нь батламжийг гардуулах аж. Ямартай ч ирэх намар гэхэд сонгогдсон хүмүүсийг байранд нь оруулахаар төлөвлөжээ.