Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг, Чулуут голын гүүрээс зүүн урд нэгэн хаваржаа бий. Тэр бол Монголын XX зууны утга зохиолын сод төлөөлөгч, нэрт найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн унасан газар Толгойн гууны хаваржаа юм. Толгойн гууны хаваржааны урд гэр, асар барьжээ. Хажууд нь арав гаруй машин эгнэсэн харагдав. Авьяаслаг найрагчийн нэрэмжит “Хангайн цом-2019” яруу найргийн наадамд оролцогчид, зочид, төлөөлөгчдийг хүлээн авахаар Ч.Мягмарсүрэн агсны гэр бүлийнхэн, төрөл, төрөгсөд нь ийн бэлтгэжээ. Тус наадамд шүлгээ дуудахаар “Болор цом”-ын эзэн Б.Баттулга, яруу найрагч М.Амархүү, А.Лхагва, Т.Баянсан тэргүүтэй 20 гаруй хүн Толгойн гууны хаваржаанд өнгөрсөн бямба гаргийн орой дуу шуутайхан буусан юм. Нэг найрагч гурван шүлэг дуудсан нь Улаанбаатараас Өндөр-Улаан хүртэлх өдрийн турш үргэлжилсэн урт аяллыг чамгүй “товчиллоо”.
Толгойн гууны хаваржаа гэж нэг толгой, урт гуутай газар санж. Ч.Мягмарсүрэн найрагчийн “Бодол” шүлгэнд “Толгойн гууны хаваржаандаа тохиож төрсөн минь оножээ” гэсэн мөр бий. Түүний шүлгээр бүтсэн энэ дууг монголчууд таашаан сонсдог. Тэгэхээр найрагчийн унасан бууцыг дуулцгаадаг байх нь. Авьяастай хүү төрүүлсэн нутаг азтай шиг ээ.
Яруу найрагчдыг түүний төрсөн ах Ч.Дамдинсүрэн, эхнэр Д.Алтанцэцэг тэргүүтэй төрөл төрөгсөд нь хүлээж авсан. Ч.Дамдинсүрэн бол “Ахын бичсэн захиа” шүлгийн эзэн.
“Ахын бичсэн захиа
Амьдралын хатуу үгтэй
Адууны омголон мөр шиг
Алдаж оносон үсэгтэй” гэж Ч.Мягмарсүрэн ахдаа зориулан шүлэглэсэн байдаг. Нэрт найрагчийн төрсөн бууцан дээр цайлсан найрагчид тэндээс Толгойн гууны хаваржааны тухай бүтээл туурвих хүсэлт өвөртлөөд, Өндөр-Улаан сумын зүг хөдөлсөн юм. Тэд дотуур байранд хонох, маргааш өглөө нь найргийн наадмынхаа өмнө “Сумын заан” шүлгийн нэрэмжит сумын цолтой хүчит бөхчүүдийн барилдааныг үзэж сонирхох хөтөлбөртэй.
Ч.Мягмарсүрэн агсан олон сайхан уран бүтээл туурвисан ч “Сумын заан”, “Байрын хүүхэд” шүлгээрээ нэрд гарсан билээ. Уран зохиолын садан төрлүүд, уншигчид түүнийг “Сумын заан” гэж уран бүтээлээр нь овоглодог. “Сумын заан” маань залуу зандан насандаа шаггүй барилддаг нэгэн байж. Нэг удаа сумынхаа наадамд начны даваанд өвдөг шороодож явсан гэнэ лээ. Тэр сумын заан болж чадаагүй ч утга зохиолын ертөнц улсын зааны энтэй байсныг хэн ч үгүйсгэхгүй.
Сурагчдын дотуур байранд нүд амраасан найрагч сургуулийн тогоочийн амттай хоолыг зооглоод наадмын талбайг зорив. Бөхийн бүртгэлийн сураг сонсвол Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал сумаас арав гаруй сумын заан зодоглохоор бүртгүүлжээ. “Сумын заан” шүлгийн нэрэмжит барилдаанд сумын 16 заан, мөн төдий тооны залуу бөх барилдлаа. Цолгүй бөхчүүдийн олонхийг яруу найрагч залуус бүрдүүлэв. Нутаг орныхон найрагчдыг хүндэтгээд тус барилдаанд оролцуулсан юм. Шүлгийн нэрэмжит барилдаанд залуу сумын заанууд шалмаг байв. Барилдаанд Өндөр-Улааны сумын заан Б.Батмэнд түрүүлж, Тариатын Т.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Өндөр-Улааны Н.Цэрэнпунцаг, Эрдэнэмандалын н.Амаржаргал хэмээх сумын заанууд үлдэв. Ийнхүү найрагчийн төрсөн нутагт нь уран бүтээлийнх нэрэмжит барилдааныг анх удаа зохион байгууллаа.
Өмнө нь Улаанбаатар хотод “Сумын заан” шүлгийн нэрэмжит сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулж байжээ. Тэр барилдаанд Мягмарсүрэн гэдэг сумын заан түрүүлж байсан удаатай. Сумын заануудтай хүч үзэж, нэгийн даваанд “нисэцгээсэн” найрагчид маань барилдааны дараа өөр хоорондоо авьяас билгээрээ уралдахаар яарав. “Хангайн цом-2019”-ийн тайзнаас 25 яруу найрагч шүлгээ дуудна. “Болор цом”-ын тайзнаас “Мөнгөн шөнөөр” гэж шүлэг уншиж, шуугиан тариад, дараа жил нь даацтай тонгороод тус наадамд түрүүлчихсэн мөнөөх Б.Баттулга, түүний үеийн “ундаргууд” болох Т.Баянсан, А.Лхагва гээд айлгах “бөхчүүд” бий. “Хангайн цом-2018”-ын түрүү магнай Б.Жамбалдорж, олон наадмын үзүүр, түрүү Э.Гантулга гээд бяр нь тэгширч яваа залуу найрагчид гоомой мэхэнд унахаасаа өнгөрсөн эрс.
Архангай аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Хангайн цом” яруу найргийн наадмын шүүлт ил байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, шүүгчид уншсан шүлгийн оноог олонд ил өргөн харуулан шүүдэг юм. Шударга бус шүүлттэй наадам болгохгүйн тулд ийм дэг тогтоожээ. “Энэ нь сайн жишиг болж, хойшид түгэн дэлгэрэх болов уу” гэж тус наадмыг зохион байгуулагч “Хантамир” утга зохиолын нэгдлийн тэргүүн Н.Минжинсайхан онцолсон. Наадмын шүүгчээр зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуяг, МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, яруу найрагч О.Содномпил, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Баттөмөр нар ажилласан юм.
Яруу найргийн наадамтай хамт хүүхдүүдийн дунд уран уншлагын тэмцээн зохион байгуулав. Ч.Мягмарсүрэн найрагчийн бүтээлийг 6-14 насны 11 хүүхэд уран уншиж өрсөлдлөө. Түүний “Бальгай” шүлгийг уран чадварлаг уншсан долоон настай н.Хосбаяр хүү уран уншлагын тэмцээнд түрүүлсэн бол зургаан настай н.Даян дэд байрт шалгарав. Үүнээс гадна хүүхдүүдийн дунд Ч.Мягмарсүрэнгийн уран бүтээлээс сэдэвлэсэн гар зургийн уралдааныг хоёр насны ангиллаар явуулсныг яруу найргийн наадмын үеэр шагналыг нь гардуулав. Архангайнхан, Өндөр-Улаанчууд, төрөл төрөгсөд нь Монголын XX зууны утга зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийнхээ алдрыг ийнхүү өндөр өргөж байна. Мэдээж түүний алдрыг яруу найргаас хол хөндий тэмдэглэнэ гэж саналтгүй. Ч.Мягмарсүрэн нь “Тэнгэрийн цэнхэр морьд”, “Бодь сэтгэл”, “Аргалын гал”, “Ташаа тамгаар чулуут” зэрэг яруу найргийн ном хэвлүүлсэн. Ард түмний сонсох дуртай “Бүсгүй ааль”, “Үнэний хорвоо”, “Намар оройн бороо”, “Бодол” зэрэг олон сайхан дууны үгийг бичжээ. “Энгийн юм шиг хэрнээ энгүүн өвөрмөц арга барилаар бүтээлээ туурвидаг яруу найрагч байжээ” гэж наадмын шүүгч П.Батхуяг онцлон дурдсан.
“Хангай цом-2019” наадмын яруу найргийн уншлагын тэмцээн гурван үе шаттай болов. Нэгийн даваанд 25 яруу найрагч шүлгээ уншаад, 15 нь оноогоор хасагдлаа. Үлдсэн 10 найрагч шүлгээ уншаад тал нь мултарсан. Ингээд Т.Амар-Амгалан, Э.Гантулга, Б.Жамбалдорж, Б.Хадбаатар, Д.Цогбадрах нар тунаж үлдлээ. Цэл залуухан таван яруу найрагч гурвын даваанд шүлгээ уншиж, шүүгчдээр дүнгээ тавиулав. Д.Цогбадрахын “Халамцуу үеийн таталбар” шүлэг хамгийн өндөр оноог авч, эзэн нь “Хангайн цом” өргөлөө. Түүний шүлэг
“Дээрээс хэн нэгэн өнгийн харах шиг
Дэлхийн бөмбөрцгөө нэг сайн өшиглөөд хаях юмсан”
гэж төгсдөг. “Хангайн цом”-ыг булаахаар ногт ганзагалж ирсэн зарим нэг ахынхаа бөөр рүү дүү нар нь нэг сайн өшиглөөд авсан даа. Наадмын удаах байрт “Уулын намар” шүлгээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Э.Гантулга шалгарав. “Бага нас минь минийх биш байлаа” шүлгээрээ Т.Амар-Амгалан гурав, “Агуйн гүнд нуусан бадаг” шүлгээрээ Г.Сэр-Одын нэрэмжилт шагналт Б.Жамбалдорж дөрөв, “Амьдрал бол миний ойлгосноор” шүлгээрээ Б.Хадбаатар тавдугаар байр эзэлсэн. Ийнхүү нэрт яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн алдрыг өргөж, бүтээл туурвилыг нь олон нийтэд дахин сануулсан “Хангайн цом-2019” яруу найргийн наадам өргөн хөшгөө хаав. “Хангайн цом-2020” наадмын өргөн хөшгийг ирэх жил Архангай аймгийн Эрдэнэмандалд нээж, “Таван Эрдэнэ” дууны үгийг бичсэн, яруу найргийн өөр нэгэн өнгө Л.Лувсандоржийн нэрэмжит болгон зохион байгуулахаар ярьж байгаа юм билээ.
Монголын XX зууны сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “Хангайн цом-2019” яруу найргийн наадмын сүүлчийн шатанд уншсан шүлгүүд
***
Яруу найрагч Д.Цогбадрах (тэргүүн байр)
Халамцуу үеийн таталбар
Өвдгөө халцалж, шүд зуун сөрсөн
Өдөр шөнийн бор хоногт өнгө засах
Давсалж шарсан махны даруулга болмоор
Дарийн утаа үнэртсэн сайхан хүүхнүүд
Домбон сартай голоор морин тэрэг гатлах шиг
Дорнын мөнгөн харгиа нүднээс нь сонстох
Хойно урдаас бууны ам шиг шагайсан
Хонин нүдэн цэцэг мэт сайхан хүүхнүүд
Даанч би тэдэнтэй яриа хөөрөө нийлэхгүй
Дасаж хайрласан чамдаа л зорьдог болохоор
Дарга, цэрэггүй араас нь өнгөлзөх хүүхнүүдийн дэргэдүүр
Далдын хар малгайт шиг хоохолзож өнгөрнөм
Цахилгаан гүйдэл хүмүүсийн биеэр урссан
Цаг үеэ ч алдаа, новш гэж
Дээрээс хэн нэгэн өнгийн харах шиг
Дэлхийн бөмбөрцгөө нэг сайн өшиглөөд хаях юм сан.
***
Г.Сэр-Одын нэрэмжилт шагналт, яруу найрагч Э.Гантулга (дэд байр)
Уулын намар
Гоо үзэмжийг ачаалж цувах үхэр тэрэгнүүд
Гол гатлах хагалбар мөрөө чирсээр эргээс алсархуй
Дэвтэж ханасан мөрний цөмөрч чахрах чимээг
Дэлхий өвсөндөө шингээж уулс руу хүргэмүй
Сэлмэн эвэртээ манан сэжилсэн бүдүүн шарууд
Сэтгэлийн цоргоор модчин эрсийн гунигийг асгахуй
Гуалин чирсээр намрыг уруудах өндрийн жимийг
Гуу жалгатай нь сэлт дайрсан шаргал тэнгэр мэдмүй
Цаснаас наана өвлийг ичээх аадрын үүлс
Цацагт сүүлээр уулын далыг намин шавхрахуй
Хамартаа дөртэй улаан гунуудын ахуй биеэс
Хад чулуу гоо үзэмжтэйгээр нуран урсамуй.
***
Яруу найрагч Т.Амар-Амгалан (гуравдугаар байр)
Бага нас минь минийх биш байлаа
Бага нас минь минийх биш байлаа
Баахан одны туяа ижий минь байлаа
Баян хүн, ядуу хүн аль аль нь би байлаа
Багад, жижиг биед том зүрхтэй явлаа
Баруун зүг ижийн минь сураг байлаа
Байгаа бүхэн минь хүлээлт байлаа
Бороо, харин урсдаг шат байлаа
Баахан гомдол, бороо даанч урууддаг шат байлаа
Тэнгэрт харин гэр орон минь
Тэмдэг төдий үзэгдэнэ
Сунан жирэлзэх зэрэглээ
Сувдан нулимсны цаана л
Тэнгэрийн тэртээх гэр орон минь харагдана
Зориг хүч минь харин минийх байлаа
Зожиг ганцаардмал зүрх минь ижийнх минь байлаа
Зовлон даанч багад таарч
Зогсоол дээрх хүлээлт бээрсэн ёолтгор гэрэл сэтгэл минь байлаа
Багад хүнээс том зүрхтэй явлаа
Бахдах юмгүй олон цоорхойтой явлаа
Бүрэг даруу гудамжны хүү
Бүүр эрт хүн мөрөөсөж явлаа
Бага нас минь
Хөгшин адууны нүд шиг
Хэтэрхий тунгалаг
Хэтэрхий гуниглуу явлаа
Хөвөх үүлс нүд рүү минь шургаад
Хөх хөх дусал унадаг
Бороотой өдрүүд байлаа
Хүүхэд нас минь!
***
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Жамбалдорж (дөрөвдүгээр байр)
Агуйн гүнд нуусан бадаг
Зэрлэг хүний үлдээсэн агуйд
Зээрийн арьс нөмрөөд сууж байхад
Дүнгэнэн дуугарах их нам гүмээс нь
Дүнчүүр маанийг сонсож болно
Ховлогны чулуу түүж ирээд
Хойд, урдахаа мэдэж болно
Салхин улин цуурайлах агуйн чимээ
Санаа бодол үймүүлсээр байдаг
Сансар гаргаас илгээсэн дохио
Сая сая жилээр нүд шиг бүлтийж байдаг
Зэргэлдээх ертөнц рүү цувсан тэмээд
Зэмлэл шиг чимээгүй байдаг
Зэрлэг хүний үлдээсэн агуйд
Зээрийн арьс нөмрөөд сууж болдог
Ууландаа мөргөөд амьдарч явахад
Уучилмаар өдрүүд олон ирдэг
Уртын дуу шиг уртуу салхийг
Уярмаар гоё уушгилж байдаг
Бурхны хөлтрөг шиг цагаан манан дунд
Будаа шиг олон морьд нисэлдэж байдаг
Буян нүглийг таньсан шувууд
Буцаж зүрхлэхгүй агуйд үлдсэн байдаг
Эртний хүний аялсан гунигт дуу
Эрин дамжин сонсогдсоор л байдаг
Тос даасан агуйн аман дотор
Торго дэвссэн мэт зөөлөн байдаг
Дэлхийн зүрхний цоорол шиг агуйн
Дэн гэрэл нь зүрх сэтгэл л байдаг
Тас бүргэд хоёр энүүхэнд эргэлдэж
Тахил өргөсөн янгирын эвэр л үлдсэн байдаг
Хүний үүсэл ханан дээр бичээтэй
Хүсэл сэрэл нь илхэнээрээ ч
Агуйн гүнээс олон нүд
Ажаад байх шиг нууцаараа
Огторгуйн догшин салхи
Одод хийсгэн хуйлруулж байх шиг
Түүдэг галын дэргэд олон хүн
Түжигнэлдсээр намжих шиг аниргүй
Дэлхийн нөгөө бөөрөнд хаялах
Далайн их шуугианыг дамжуулж байх шиг
Аварга загасны амьсгал дор
Ажиггүй суунам
Агуйн аман дээр суунам
Араа шүд шиг мөсөн унжлага ярзайна
Ай хөөрхий хүмүүн би жамын үүдэнд суунам
Аюулхай гэдэг бас нэгэн агуйдаа хайр тээнэм
***
Яруу найрагч Б.Хадбаатар (тавдугаар байр)
Амьдрал бол миний ойлгосноор
Амьдрал бол миний ойлгосноор
Зүүн тайгад амьдардаг цаатан охины мөрөөдөл юм
Зүтгүүрийн тэргэнд унтах нэгэн амьтны хувь заяа юм
Амьдрал бол миний ойлгосноор
Хорьдугаар зууны уран зураг шиг гэнэн найзын минь царай дээр
Хоёрхон дусал ойчин унах агшин юм
Хана хэрэм мэт хаанчлал тогтоосон
Хачин этгээд өвгөн зохиолчдын амны уншлага юм
Амьдрал бол миний ойлгосноор
Сургаал айлддаг шүлэгч багшийн минь
Сэтгэл хөдлөлийн аялгуу юм
Сүмийн оройг тэврэн унах
Өнчин тагтааны эрх чөлөө юм
Амьдрал бол миний ойлгосноор
Эмчийн үзлэгт орсон арван зургаатай охины сэтгэл зүй юм
Эмэгтэйлэг нүдээр харах нягтлан бодогчийн заль юм
Амьдрал бол миний ойлгосноор
Хөөрхөн дүү минь амтат зүүдэндээ санаа алдах
Бүлээн амьсгаа юм
Хөр цасан дунд яргуй нүдэлж, ямаа тургилах
Цаг зуурын төсөөлөл юм
Амьдрал бол миний ойлгосноор
Алган дотор минь хаврын цас
Хайлан орох гэрэлт бодлууд юм
Анхны хайраас минь захидал ирэх
Гэнэтийн явдал юм.