Б.Уран
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс төрийн намуудын удирдлага дэмжихээ илэрхийлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр улс төрийн 17 нам (МҮАН, ИЗНН, Эх орон нам, Монголын либериал нам, БНН, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, ХҮН, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам)-ын төлөөлөлтэй уулзаж, “Эцэг хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцох үеэр тэд ийн нэгдсэн аж.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд “Энэ удаагийн уулзалтад оролцсон намуудын удирдлага Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо. Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа учраас энэ чиглэлээр Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн боловсруулах боломжтой. Мөн намуудын гишүүнчлэл, Төвбанктай холбоотой заалтуудыг органик хуульдаа тусгаад явах нь зүйтэй болов уу. Төрийн байгууллага болгоныг Үндсэн хуулийнх болгох гэх нь тийм ч оновчтой биш. Харин байгалийн баялгийн тухайд хамгийн үр өгөөжтэй ашиглаж, тэгш, шударгаар хуваарилдаг Норвегийн сангийн туршлага бий.
Үүний үндсэн дээр байгалийн баялгийг ашиглахдаа хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан, хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлаж, үндэсний аюулгүй байдлыг бататгах зарчмаар одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан баримтлахаар төсөлд тусгасан. Ингэхдээ байгалийн баялгийн үр өгөөжийг Баялгийн сан байгуулах замаар иргэн бүртээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах, иргэд түүнийг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, мэдэх эрхтэй байхаар Үндсэн хуульд зааж өгөх нь чухал гэж үзэж байгаа. Ингэснээр байгалийн баялгийн өмчлөл, хуваарилалтын хүрээнд хяналт, тэнцвэрийг хангах боломж нээгдэнэ” хэмээсэн байна.
Юутай ч өнгөрсөн долоо хоногт ажлын таван өдрийн турш, өглөөнөөс орой болтол хэрэлдэх, хэлэлцэхийг хослуулан ярилцсан тэд зөвшилцөж, ойлголцон, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтуудын талаарх ойлголт, байр сууриа нэгтгэх зүг чигээ баримжаалсан бололтой. Сүүлийн 30 шахам жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засаж, залруулахын тулд “Эцэг хууль”-аа ингэж хөндөхөөс өөр аргагүй гэдэгт гар өргөцгөөж байх шиг. Тэр дундаа байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилах, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой заахаар тусгасантай санал нэг буйгаа хамтдаа илэрхийлэв. Мөн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу “Эцэг хууль”-ийн зүйл, заалтуудын 35 хувиас хэтрэх ёсгүйг эрх баригчдад анхааруулав.
УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад танхимд товчлуурын дэмжлэг хэрэггүй. Үнэндээ тэдэнд Төрийн тэргүүнтэй зөвшилцөх, түмэн олны саналыг сонсох, эсэх, тэр тусмаа парламентад суудалгүй намуудын байр суурь падлийгүй. Гэхдээ “Эцэг хууль” гэгддэг энэ баримт бичгийн үйлчлэл, биелэлт, хожим хүлээн зөвшөөрөгдөх чанарыг нь тооцвол хэн бүхний саналыг сонсож, зөвшилцөн ойлголцох нь нэн тэргүүний хэрэг болж таарна. Тэр дундаа үе үеийн эрх баригчдыг шүүмжилж, ташуур болж ирсэн, парламентад суудалгүй намуудтай ойлголцоно гэдэг овоо том ажлын ард гарсантай адил зүйл.
Гэвч эдгээр 17 нам бүгдийг төлөөлөхгүй. Монголд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 33 нам бий. Эрх барьж буй МАН-ыг оролцуулбал АН тэргүүтэй 15 хүчний байр суурь тодорхойгүй хэвээр гэсэн үг. Лав л “Шинэ дээд Үндсэн хууль” гээчийг санаачлан, хэдэн жил ярьж яваа МАХН-ын төлөөлөл тэнд алга. Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс (БНМУ) гэж нэрлэхээр тусгасан шинэ Үндсэн хуулийн төсөл гээчийг МАХН-аас санаачлан боловсруулж, орон даяар хэлэлцүүлээд хэдийнэ хоёр жил гаруй болсон. ИЗНН, МҮАН, МНН дээрх төслийг нь дэмжиж, тунхагт сүр дуулиантайгаар гарын үсэг зурж байв. Нэг сая хүний гарын үсэг цуглуулж чадвал тэр өдрөөс шинэ Үндсэн хууль батлагдан, хэрэгжих бөгөөд бид эх орондоо сайхан амьдарч эхлэх тухай ярьж байлаа, тэд. Ерөнхийлөгчийн засаглалтай байж, Төрийн тэргүүн Засгийн газрыг тэргүүлнэ, Ардын хянан шалгах хороог сэргээн байгуулна, их, дээд боловсролыг үнэгүй олгоно, хөгжлийн бэрхшээлтэй болон 20- иос дээш жил хамт амьдарсан гэр бүлийг орон сууцаар хангана гэх зэргээр эрс өөрчлөх хүсэл агуулсан, гоё гоё амлалттай төслөө “Монгол хүн бүрт хамаатай” хэмээн тунхаглаж яваа экс Ерөнхийлөгчийн идэвх, чармайлт өдөр ирэх бүр яван чангарч байгаа.
Ээлжлэн эрх барьж ирсэн АН, МАН-ын орон зайг өөрсдийнхнөөрөө дүүргэх гэсэн МАХН-ын улс төрийн хүсэл эрмэлзэл зүй ёсных байж болох ч тэрхүү арга хэрэгсэл нь “Сая хүний гарын үсгээр шинэ Үндсэн хууль батална” гэсэн уриалга лав биш л дээ. Аз болоход, одоогийн Үндсэн хуулийг орвонгоор нь эргүүлэх, үл гүйцэлдэх агуулгаар дүүрэн тэр “Дээд хууль” гэх төслийг нь батлуулахын төлөө зүтгэнэ гэж тунхаг бичиг үйлдэж асан хүмүүсийн зарим нь УИХ-ын даргын өрөөнд хүрэлцэн ирснийг харахад таатай буйгаа нуух юун. Мөн хэдхэн хоногийн өмнө Төрийн тэргүүнд мэдэгдэл хүргүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлж байсан намуудын зарим нь ч ийнхүү дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин Ерөнхийлөгчийн төслөөс гол гол заалтыг нь дэмжихгүй бол шинээр Үндсэн хууль батлах санал гаргахаас өөр аргагүй хэмээн хэгжүүрхэж байсан Тамгын газрын дарга З.Энхболдын байр суурийг тэд хэрхэн дэмжиж, хувирах бол.
Намууд ийн найр тавих өөр шалтгаан бас бий. Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн холимог тогтолцоог дэвшүүлсэн. Энэ нь хоёрхон нам ээлжилж эрх барьж ирсэн 30 шахам жилийн буухиаг тасалдаггүй юм гэхэд хууль тогтоох эрх мэдлийг харьцангуй олон намын төлөөлөл хуваан хэрэгжүүлэх гарц гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа. Улс-нэг тойрог хэмээх мажоритар тогтолцоо дэвшүүлээд буй МАН-ынхан ч үүнийг эргэх харах төлөвтэй байна. Нөгөө талаас 801 хүний гарын үсгээр байгуулагдсан намуудыг татан буулгаж, 50 мянгаас доошгүй дэмжигчтэй байх босгыг Үндсэн хуульд заах тухай Төрийн тэргүүний санал тэднийг тавгүйтүүлсэн. Тиймээс тэд дандаа зөрж, гөжүүдлээд байлгүй, найр тавихаас аргагүйд хүрсэн биз. Юутай ч тэд цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэх, мэдлэг, мэдээллээ нэгтгэх үүднээс зарим тодорхой асуудлаар МҮОНТ-ээр ярилцлага, мэтгэлцээн зохион байгуулах, нийгмийн бүх талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр санал нэгдлээ. Энэ эгнээ хэр өргөжихийг харах л үлдэв.