“Монголчууд аялж, амарч чаддаггүй. Өдөржин олон зуун км “давхиж”, зорьсон газартаа очоод хорхог, шорлог хийж идсэн болоод архиддаг. Маргааш нь шараа тайлахаар гол, нуурын эргээр хажуулдаж, айраг цэгээ эргүүлнэ. Эцэст нь дахиад л хол замд сэгсчүүлэн, машиндаа “дуу оруулаад” харьцгаадаг” гэх. Ийм муу “жишгийг” эвдэж, сайхан амарч болдгийг харуулах санаатай бидний хэдэн найз аялалд гарлаа.
Аялал гэхээр манайхан “том” ярьж, алсуур боддог. Түрийвчээ мөнгөөр “чигжиж”, нисэх, эсвэл усан онгоцонд суун, дэлхийн хаа нэгтээ одох тухай. Харин бид эх орныхоо үзэсгэлэнт газраар гэр хийж, аялахыг чухалчилдаг. Тиймдээ ч хүний хөлд тэгтлээ талхлагдаагүй газрыг энэ удаа зорьсон нь Завханы Улаагчины хар нуур байлаа. Хөвсгөл моодноос гарч, хүмүүс шинэ чиглэлээр аялах болсныг хөдөөг чиглэсэн “их нүүдэл” илтгэв.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчины хар нуур Улаанбаатар хотоос 1100 гаруй км зайтай. Хойд талаараа элсэн манхан, урдуураа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнтэй газар аж. Бор хярын элсэн тарамцагийн ар хөвөөнд ус тогтож, уг нуур үүссэн гэж нутгийнхан ярьдаг юм билээ. Цэнгэг устай эл нуурыг 2010 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Сүүлийн үед хүмүүс Улаагчины талаар шуугьж, луужингаа тийш чиглүүлэх болсон нь магадгүй элсэн уулаас цана, чаргаар гулгаж, бас нэгэн хөгжилтэй дурсамж бүтээдэгтэй холбоотой байх.
Улаагчины хар нуурыг Товхошийн сүрлэг уулс “хамгаалах” бөгөөд тэхий дунд нь далайн түвшнээс дээш 2500 гаруй метр өргөгдсөн, Авгаш нэртэй их, бага гурван арал байна. Энэ нь нүүдлийн 13 орчим төрлийн шувууг зуны турш “асарч”, зусах таатай боломж бүрдүүлдэг гэлцэнэ. Наадам гэлтгүй урин цаг ирэнгүүт л Тэрэлж, Гачуурт, Туул гол зэрэг нийслэлийн ногоон бүсэд майхан барих байтугай хөл гишгэх зайгүй болдгийг бүгд мэднэ. Харин Улаагчины хар нуурын эрэг ажин түжин, амар амгалан. Хотоос нэлээд зайтай тул арга ч үгүй биз. Гэхдээ биднийг тэнд хоёр хоноход 500-1000 метрийн зайтай нэлээд хэдэн отог буудалласан.
Бага насны, олон хүүхэдтэй аялж яваа бид 1100 гаруй км замыг нэг өдрийн дотор туулах боломжгүй. Ирж, очихдоо Архангай аймгийн сумуудаар дайрч, байгалийн сайханд хоноглож, “Яараад яах вэ дээ” аянд ч бас нэгдсэн. Баруун аймгуудаар бороо хур элбэг, зуншлага ч сайхан, өвс ногоо өндөр ургажээ. Аяллынхаа тав дахь өдрөөс бид алс баруун хязгаараас Улаанбаатар хотыг чиглэв.
Улаагчины хар нуураас долдугаар сарын 14-нд хөдлөх үед тулгамдсан хамгийн эхний асуудал нь хогийн цэг. Нуурын эрэг, тэндхийн жуулчны баазууд орчимд хог хаях газар олдсонгүй. Энд тэндгүй хог, зарим нь уутлаад орхижээ. Нуур элсээр хүрээлэгдсэн тул үд дунд хуй босож, ихэнхдээ шуурдаг аж. Хүмүүсийн тарьсан хог салхиар зөөвөрлөгдөн нуурын усыг бохирдуулж байгаа нь юутай харамсалтай.
10 гаруй хүн хоёр хоногт идэж, уусан хоол хүнсний хаягдал, ундаа, усны сав бидний ачаанд багагүй тээр болов. Хог халуунд исэж, эвгүй үнэртэх нь ойлгомжтой. Байгальд элдэв хог хаяж, эх дэлхийгээ буртагласнаас машиндаа өмхий үнэртүүлж явсан нь дээр гэж үзлээ, бид. Шатахуун ч хомс, бас хогийн цэг олохоор Хар нуураас хамгийн ойр орших Яруу сумыг зорив. Шороон замаар 70 гаруй км туучин, сумын төвд ирж, эхний цайны газарт буудаллав. Хоол захиалахаас урьтаж, хогийн цэг хаана байгааг тогоочоос тодруулахад “Манай сумд хогийн цэг байхгүй” гэх нь тэр. “Арай ч үгүй байлгүй дээ” гэж дор бүрнээ гайхсаар сумыг хөндлөн гулд хэрэв. Үнэхээр Ярууд хогийн нэгдсэн цэг байсангүй. “Энд хаяж болно” гэсэн нутгийн иргэний гурван үг биднийг аварч, “хур” хогноос салгав.
Тус сумд бидэнд тулгамдсан дараагийн асуудал нь хоол. Олон хоног хол зам туулж яваа хүмүүст хоол хийж идэх боломж тэр бүр олдохгүй. Цагаа хэмнэж, замд тааралдах цайны газруудад ундаллах гэсэн ч хоолтой нь тун цөөн. Байгаа хэд нь гурилтай шөл, цуйван санал болгоно. “Хүүхдэд бантан хийгээд өгөөч” гэхээр бараг хөдлөхгүй. “Захиалга авлаа” гэснээс хойш цаг гаруй хүлээлгэнэ. Амт гэж авах юмгүй.
Яруу сумаас Завханы Тосонцэнгэл рүү хөдөлж, 180 орчим км зам туулж, хээр хоноглов. Баяр наадмын үе таарсан тул Тосонцэнгэлээс гэр, амралтын газар, буудлын аль нь ч олдсонгүй. Долдугаар сарын 15-ны 09.00-10.00 цагт бид сумын төв рүү орж, шатахуунаа дүүргэн, цайны газар хайж, хэсэг бэдрэв. Уг нь төв зам дагуу цайны болон зоогийн газар зөндөө байсан ч үүдээ нээсэн нь цөөн. Нээлттэй нь “Хоол, хачир байхгүй. Хийвэл удна” гэнэ. Нэг газраас гуйж, хүүхдүүддээ бантан хийлгэж, өөрсдөө ундлах гэсээр хоёр цаг саатсаны эцэст Улаанбаатар луу хөлгийн жолоо залав. Хотоос 820 орчим км зайтай тул хоолгүй явах боломжгүй.
Их санасан газарт есөн шөнө хоосон гэгчээр бидэнд хоол олдсонгүй. “Турж үхэх гэж байгаа юм шиг хоол л яриад байх юм” гэж бүү бодоорой. Зургаан хоног, 3000 орчим км замд хүүхдүүд байтугай томчуул ч их ядардаг юм билээ. Бүгд л шөл устай хоол идэж, хүч тамираа сэлбэе гэж бодно. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэбулганаас эхлээд нийслэл рүү явах зам дагуух сумууд, жижиг тосгоны тогооч нар үнэхээр ажилгүй санагдав. “Мах дууссан, бэлтгэл хийгээгүй байна. Хоол зарахгүй” гэсэн үг л хэлнэ. Архангай аймгийн газар нутгийн дийлэнх нь ойт хээрийн бүсэд хамаардаг. Тэрхийн цагаан, Өгий зэрэг үзэсгэлэнт нуур, Хануй, Орхон, Тамир, Чулуутын гол, Хоргын тогоо, Тайхар чулуу гээд жуулчдыг соронз мэт татдаг бүтээгдэхүүнтэй. Гэтэл Завхан, Архангай аймгийнхан ялгаагүй. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажилгүй. Аймгийн удирдлага нь аялал жуулчлалын бүс нутгууддаа адаглаад хогийн цэг, ариун цэврийн байгууламжууд шийдсэн нь үгүй. Нутгийн иргэд нь ч үйлчилгээ эрхлэх наад захын соёл, ойлголтгүй. Тэдний хэлснээр, хөдөө мах олдохгүйн зовлон тун чиг хэцүү аж. Уг нь үйлчилгээ эрхлэгчид нь баярын үеэр л хэдэн төгрөг олох юм сан гэж өдөр, шөнөгүй “махиймаар”. Үүр цүүрээр бэлтгэлээ базаан, хүн хүчээ нэмж, шуурхай ажилламаар санагдах юм. Гэвч хөдөөд тийм биш аж. Хэн нь ч залхуу, санаачилгагүй, самбаагүй юм. Хуушуур идэх гэсэн гадаадын жуулчдыг цаг гаруй хүлээлгэхийг хараад яс хавталзсанаа нуугаад яах вэ.
Наймдугаар сар дуустал аймаг, сумын ой, ахан дүүсийн ургийн баяр, төрсөн нутгаа зорих иргэдийн нүүдэл тасрахгүй нь мэдээж. Нийгмийн сүлжээгээр дотоодын жуулчдаа үзэн ядсан, “Манай нутагт дахиж битгий ирээрэй, тонил” гэсэн сэтгэгдлүүд саяхнаас нэлээд газар авлаа. Уг нь аялагчдыг хөөх бус, “Дахин ирээрэй” гэж урьж залдаг болох сон. Ямар ч улс оронд гадаад, дотоодын жуулчдын аль нь ч хогоо ачаад, өмхий үнэртүүлээд аялдаггүй.
Монголын хөдөөгүүр жуулчид олон очих тусам сум орных нь хөгжилд эергээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, тогтвортой аялал жуулчлал нь орон нутгийн ард иргэд, бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, тэдэнд зориулан ажлын байр бий болгох замаар нийгэм, эдийн засгийнх нь хөгжлийг хангах хамгийн боломжит нөөц гэж судлаачид үздэг. Тиймдээ ч тогтвортой аялал жуулчлалыг сүүлийн 20 гаруй жил амжилттай хөгжүүлсэн олон орны туршлагыг холбогдох хүмүүс судлахад гэмгүй биз ээ.
Зарим хүн “Хөвсгөлийг дотоодын жуулчид талхалсан. Тэрхийн цагаан, Өгий нуурыг хогийн “цэг” болгосон”. Одоо Улаагчины хар нуур луу “дайрч” байна” гэх. Үүнтэй 100 хувь санал нийлэхгүй. Харин ч монголчууд нэг үеэ бодвол аялж, амарч сурчээ. Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхний статистикаар, сүүлийн гурван жилд эх орноороо аялсан хүний тоо хоёр саяд хүрсэн гэх. 2017 онд Аглаг бүтээлийн хийд, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тус бүр 500 мянга гаруй иргэн зочилж, амарсан гэхээр дээрх тоо тийм ч хол зөрөхгүй болов уу. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн, хээр гарч архидчихаад, маргааш нь шараа тайлан, буцдаг хэсэг бий л байх. Гэхдээ энэ нь аялагчдын олонх биш. Нөгөөтээгүүр, аялал, зугаалгын талаар наад захын мэдлэггүй, хогоо байгальд хаядаг, эх дэлхийтэйгээ зүй бус харьцдаг “адгууслаг” нөхөд ч цөөн биш.
Дэлхий дахинд аялал жуулчлалын салбар, түүнээс олох ашиг хурдацтай өсөж байна. 2020 он гэхэд бөмбөрцгөөр хэрэн хэсэгчдийн тоо 1.4 тэрбумд хүрнэ гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан таамаглажээ. Тэр дундаа Ази, Латин Америк, Төв болон Зүүн Европ, Африкийн орнуудаар аялах жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай аж. Ийм байхад бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол горьгүй нь.
Нутгийн удирдлага, аялал жуулчлалыг хөгжүүлэх, зохион байгуулах эрх бүхий хүмүүс нь иргэдээ “Хогоо хаялаа, яв, зайл” гэж чичлэх биш. Аялагчид нь ч тэнд хогийн цэггүй гээд элдэв хаягдлаа ил задгай цацаж, гол, нуураа буртаглаж, хэн хэндээ “өс” санаад юу гэх вэ. Төр, хувийн хэвшлийнхнийхээ түншлэлийг сайжруулж, эл салбарт ажиллагсад болон иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх цаг болж. Эх орноо энэ хэвээр, эрүүл сайхнаар нь авч үлдэн, ирээдүй хойчдоо өвлүүлье гэвэл одооноос дорвитой ажил өрнүүлэх хэрэгтэй бус уу.