Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.6 км замыг шинэчилж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн чиглэлд түр зам гаргасан. Өөрөөр хэлбэл, Орхон-Дархан-Уул-Улаанбаатар, Сэлэнгэ-Дархан-Улаанбаатарын чиглэлд түр зам ашиглаж байгаа. Үүнээс гадна дээрх чиглэлд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс өдөрт гурван удаа галт тэрэг аялуулж байна. Мөн өдөр бүр рейлбус явуулж буй. Галт тэрэг, рейлбусаар үйлчлүүлэх иргэн олон байгаагаас “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ачааллаа дийлэхээ больжээ.
Учир нь таван компани хамтран, хоёр тэрбум төгрөгөөр барьсан түр зам “там” болсон гэнэ. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн “Нийтийн тээврийн автобус дөрвөн цаг явдаг байсан бол зам эвдэрснээс хойш 8-9 цаг “гэлдрэх” боллоо” гэх гомдол тасрахгүй байгаа аж. Энэ талаар Авто, тээврийн үндэсний төвийнхнөөс лавлахад “Бороо их орсноос зам эвдэрсэн. Үүнээс болж нийтийн тээврийн автобус удаан явж байна” гэлээ.