-Өнөөдрийн хурлаар төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг ил болгов. Бичлэгт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг харуулав. Ингэхэд тэдний албан өрөө болон гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олджээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг Н.Баярсайханаас гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнээс авсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн гэм буруутайд тооцсон бол хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авахдаа хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг гэсэн үндэслэлээр
буруутайд тооцож шүүхээс ял шийтгэжээ.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд биедээ нуусан байсан болон гэрээс нь 230 800 000 төгрөг, 152 177 ам.доллар, 70 000 юань бэлнээр олдсоныг хурааж улсын орлого болгосон байна.
АТГ-аас энэ сар шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг жагсаавал:
- Сайд асан М.Сономпилийг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан 4 жилийн хорих ялаар шийтгэжээ.
- Зам тээврийн яамны газрын дарга асан н.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч түүний хувийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг улсын өмч болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
- Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг олгож 2017 оны 8-11 сарын хооронд тус компаниас 57.5 сая төгрөг авсаныг тогтоожээ. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүнийг шүүх хурал 2018 оны зургаадугаар сард болж, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасжээ. Мөн 6500 нэгж буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэн, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосон байна.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгахад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулан нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлжээ.
Зарим хэргийг шүүхээс эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд тарааж, улс төржүүлж байгаа. Зарим улс төрчийн хувьд худал мэдээллийг зориуд тараан олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ үйлдлээ ил цагаан хийх боллоо. Энэ нь АТГ бусдын нөлөөн дор ажилладаг гэх ойлголтыг өгөх гэсэн оролдлого, иргэдийг төөрөгдүүлэх гэсэн үйлдэл гэдгийг АТГ-ынхан цохон тэмдэглэлээ.
2019 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11 их наяд 901 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮД
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан,
-Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Амаржаргал,
-Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар,
-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг,
-Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ,
-Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Ц.Бум-Эрдэнэ,
-Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг,
-БЗД-ийн өмч, газрын албаны дарга Н.Батсүх,
-“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч,
-“Багануур” ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд,
-Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ,
-Завхан аймгийн Улиастай сумын "Төв номын сан"-гийн захирал Л.Долгоржав,
-"Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун,
-“Сити баз консалтинг” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.