“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны 200 байрыг багш нарт олгуулахыг шаардан хэсэг багш нар Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд өлсгөлөн зарлаж эхэллээ.
Өлсгөлөн зарлаж буй багш нарын үзэж буйгаар, энэхүү түрээсийн орон сууцанд өрх толгойлсон багш хамрагдах боломжгүй. Нийслэлийн орон сууцны корпорациас (НОСК) заасан журмын дагуу банкны зээлгүй, цалингийн хэмжээ нь хүрэх багш байхгүй гэнэ. Харин нөхөр нь орлоготой, цалингийн зээлгүй багш нар хэдийнээ байртай болсон байдгийг тэд ярьж байв.
Багш нар дээрх хүсэлтээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт сарын өмнө хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Тиймээс төр, засгийнханд ийнхүү өлсгөлөн зарлаж мэдэгдэхэд хүрчээ.
Харин НОСК-ийн зүгээс багш нарыг заасан журмын дагуу бүртгүүлбэл орон сууцанд орох боломжтой байгааг дуулгав. Харин дээрх багш нар тус журманд нийцэхэд туйлын хүнд, бараг боломжгүйг дурдаад, сонгон шалгаруулалтын явцад хяналт тавихад оролцуулахыг мөн шаардаж байлаа.
Мөн Багш нарын холбооноос салбар яамны удирдлагад цаашид 2000 багшид орон сууц олгуулах, урьдчилгаа төлбөрийг нь төрөөс хариуцах, 8 хувийн хүүг бууруулж өгөх шаардлагыг эхлүүлээд байгаа аж.