Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилготой хоёр төслийг хооронд нь уялдуулж, эрс ялгаатай заалтуудын хүрээнд зөвшилцөх ажлын хэсгээс зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт боллоо. Төрийн тэргүүний ахалсан зөвшилцөх ажлын хэсгээс зохион байгуулсан эдгээр хэлэлцүүлгийн үеэр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангах, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах, шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлыг хэрхэн тусгах вэ гэхчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдөж буй бүхий л сэдвийг багцлан ярилцав. Найр наадмын цаг таарсан хэдий ч Ерөнхийлөгч Х.Баттулга гэхэд л тэдгээр хэлэлцүүлэгт таван өдөр таслалгүй оролцож, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гишүүд, сайд нар, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, салбар салбарын эрдэмтэн, судлаачид тун чиг идэвхтэй сууж буй нь анзаарагдсан.
Өдөр бүрийн хэлэлцүүлэгт 150 орчим хүн оролцож, бараг тал нь асуулт тавьж, байр сууриа илэрхийлж байсныг зориуд тэмдэглэе. Тиймээс ч танхимд заримдаа сандал хүрэлцэхгүй, өглөө эхэлсэн хэлэлцүүлэг үдэш өндөрлөж байсан юм. Дуугаа өндөрсгөн, элдэв үг хэлж, алга таших гэх мэтээр дэггүйтсэнийг эс тооцвол улс төрийн намын төлөөллүүд нэлээд идэвхтэй оролцоно лээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 33 намаас 24-ийнх нь удирдлага хэлэлцүүлгүүдэд хүрэлцэн ирсэн бөгөөд зарим нь бүр нэг л асуултаа таван өдрийн турш тавьж буй харагдана лээ.
Юутай ч УИХ-ын Тамгын газар цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Оролцогчдын гаргасан санал нэг бүрийг зөвшилцөх ажлын хэсэгт хүргүүлж, видео, аудио, бичгээр хадгалж, архивлахаа цуврал хэлэлцүүлгийг даргалж, удирдсан С.Бямбацогт гишүүн мэдэгдсэн. Тэгвэл зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэлэлцүүлгийн үр дүн, гаргасан саналуудын мөрөөр хэрхэн ажиллахаа ярилцах нь. Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахынхаа өмнө амжуулж буй нь энэ. Улмаар ажлын хэсгийн түвшинд ойлголцсон саналуудыг нэгтгэн боловсруулах, ярвигтай, чимхлүүр ажлыг хийх дэд хэсгүүд ирэх сарын 12 хүртэл хуралдах ёстой. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс тойргоо зорьж, иргэд, сонгогчидтой уулзан, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсож яваа гишүүд ч тэр үед Төрийн ордонд ирчих юм байна. Ингээд үндсэндээ наймдугаар сарын 14-ний лхагва гаргаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, 54-ийг нь нэг мандат бүхий тойргоос мажоритар, бусдыг нь нэгдсэн тойргоос пропорционал тогтолцоогоор сонгохоор Үндсэн хуульд тусгах саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Хэдийгээр яг 108 гишүүнээр УИХ-ыг бүрдүүлэх, дээр дурдсан хувилбараар сонгууль явуулах нь зүйтэй гэж талууд санал нэгтэй дуугараагүй ч хэлэлцүүлгүүдээс харахад парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоо, тэр дундаа холимог хувилбарыг Үндсэн хуульд заах санал зөвшилцлийн үр дүнд, нэгдсэн төсөлд ямар нэг байдлаар тусгалаа олох бололтой. Эх сурвалжууд ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тухайлбал, таван өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгийн сүүлчийн өдөр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлэн 108 болгож, төрийн зардлыг ихэсгэх шаардлагагүй” гэсэн санал, шүүмжлэл гарч байгаад анхаарч, бодлого, шийдлээ нэг мөр, зөв тодорхойлон, ард иргэдээрээ хэлэлцүүлэх шаардлага байгааг гишүүд болон ажлын хэсгийнхэнд анхааруулъя. Гишүүдийн тоог нэмэгдүүлж, тодорхой зардал шинээр үүсгэхийн хэрээр төрийн хэт данхайсан бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох, үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох, энгийн арга хэмжээг төлөвлөн, ард иргэддээ танилцуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах шаардлагатай. Ингэснээр гишүүдийн тоо нэмэгдсэн ч төсөвт дарамт, зардлыг өсгөхгүй байх боломж бүрдэнэ” хэмээсэн нь ч саналаасаа ухрахгүйн илэрхийлэл болов.
Мөн улс төрийн намыг сонгуулийн эрх бүхий 801-ээс доошгүй иргэн нэгдэж байгуулж буй одоогийн тогтолцоог өөрчилж, босго, шалгуурыг нь өндөрсгөх хандлага давамгайлж байна. Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан 50 001-ээс доошгүй иргэн нэгдэж байж нам байгуулах босгыг хуульчилдаггүй юм гэхэд одоогийн 801-ийг нэмэгдүүлэх нь гарцаагүй болов уу.
Гэвч талуудын хувьд байр суурийн зөрүү нь хэт хол, эсрэгцсэн гэмээр заалтууд тэдний төсөлд бий. Тэдгээр нь шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой. Өнөөгийн шүүх эрх мэдэлд хэт их оролцоотой болсон Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахаар санаачилсан нэмэлт, өөрчлөлтийг Төрийн тэргүүн төслөөрөө үгүйсгэж буй нь түүний нөлөөллөө хадгалж үлдэх гэсэн эрмэлзлийн тод илэрхийлэл. Үндсэндээ шүүгчийг томилж, чөлөөлөх эрхийн төлөөх өрсөлдөөн энд өрнөж байгаа. Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тэргүүний төсөл дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудад шүүмжлэлтэй хандсан хүмүүст хатуу үг чулуудаж, “шударга бусын хонгил”-ыг барьсан шүүгч нарын захиалгаар асуулт тавьж, үг хэлж байна гэж хардаж буйгаа нуугаагүй. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээж авахгүй бол нэмэлт, өөрчлөлт бус, шинэ Үндсэн хууль батлах хэмжээнд ярихаа мэдэгдсэн. Шинэ Үндсэн хуулийн үзэл санааг нь УИХ-д суудалгүй намууд дэмжиж буй нь илт. МАХН тэргүүтэй намууд үл гүйцэлдэх агуулгаар дүүрэн “Шинэ дээд Үндсэн хууль” гэх зүйл боловсруулснаа улс орон даяар танилцуулаад хэдэн жилийг үдэж буйг хэлэх үү одоогийн парламентыг тараан, улс төрийн намуудыг татан буулгах “Тавдугаар Үндсэн хууль”-ийг “жижиг” намууд дуун дээр дэмжих нь тодорхой. Эл бүлэг заалтын хүрээнд шүүгчтэй мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага ярьдаг Шүүгчийн сахилгын хороо (Ерөнхийлөгчийн төсөл), эсвэл Шүүгчийн хариуцлагын зөвлөл (Гишүүдийн төсөл) гэх байгууллага бий болгох тухайд талуудын саналын зөрүү бага боловч ойртож буйг эс тооцвол үүгээр зөвшилцөлд хүрэх ирээдүй тун бүрхэг мэт. Гэхдээ нөгөө талаас чухам энэ талбарт Ерөнхийлөгчийн ахалсан ажлын хэсгийн үнэн дүр илэрч, зөвшилцөл ойлголцол, наймаа тохироо өрнөх биз.
Юутай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд талуудын хооронд ямар ч маргаан, мэтгэлцээн өрнөж, зөвшилцөж чадах, эсэхээс үл хамааран эрх баригч Ардын намынхан энэ талбарт барьцаа ахиулав. Үнэмлэхүй олонхдоо эрдэж, “Эцэг хууль”-ийг хөндөх нь гэх шүүмжлэлийг зөөллөхөд эдгээр хэлэлцүүлэг тустай. Үнэндээ УИХ-д 64 гишүүнтэй Ардын намынхан Төрийн тэргүүний саналаас ганцыг ч тусгалгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчих эрхтэй. Гэсэн ч үр дүн нь ямар байлаа ч зөвшилцөх ажлын хэсэг байгуулан, намууд, олон нийтийн оролцоог хангасан хэлэлцүүлгүүд зохион байгуулсан нь тэднийг хэлэх үгтэй болгож байна. Хэдхэн хоногийн өмнө хэлэлцүүлгээс хойш сууж байсан АН-ынхан ч сөрөг хүчний дуу хоолойгоо хүргээд эхэллээ. Тэр ч бүү хэл Төрийн тэргүүн нь ч тэдний эхлүүлсэн ажилд оролцож, батлагдсан тохиолдолд Ардын намаар “овоглох” үйл хэргийн нэг хэсэг болж хувирав. Ингэснээр эрх баригчдын үнэмлэхүй олонх байхдаа баталчихвал нэмэлт, өөрчлөлтийн хүлээн зөвшөөрөгдөх чанар нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Эцсийн эцэст энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эрх нь Ардын намынханд л бий. Гагцхүү тэд л өөрсдөө талцаж, хуваагдахгүй бол тэднийг зогсоох юу ч алга, одоохондоо.