Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх, эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох, тэдгээрийг хянах болон газар зохион байгуулахтай холбоотой бүх мэдээллийг түргэн шуурхай авч байх зорилгоор “Газрын биржийн цахим төв”-ийг нээлээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт үйл ажиллагаагаа явуулах тус төв нь Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ийг хөгжүүлэн, хэрэглээнд нэвтрүүлснээ өнөөдөр танилцуулж буй нь энэ. Ингэснээр хууль бус газрын худалдааг зогсоох, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах, мэдээллийг хүртээмжтэй болгох нөхцөл бүрдэж байгаа аж.
2003 онд газрын тухай хууль шинэчлэгдсэнээр газрыг эзэмших, худалдах асуудал шинэ шатан гарч өмчлөлийн ажил эхэлсэн. Үүнтэй уялдан газрыг биржээр буюу дуудлагаар худалдах болсон юм. Гэвч энэхүү худалдаа танхимд хийгдэж байсан тул хуйвалдаан, булихай гарах асуудал даамжрах болж. Өөрөөр хэлбэл, газрын далд, хууль бус худалдаа дэлгэрч, эрх мэдэлтэнт давуу байдал үүсжээ. Мөн зарим талаар дуудлага худалдаанд орсон нэрийдлээр газрыг үнэгүй шахам эзэмших асуудал ч үүссэн билээ. Иргэд мэдээлэлгүйгээс газрын худалдаанд оролцох боломжгүй, бас тэдгээрийг хянах боломж олгоогүйн уршиг энэ байв. Иймд 2006 оноос газрыг дуудлага худалдааг ил тод болгох үүднээс цахимжуулах газрын асуудалтай холбоотой 10 дугаар тогтоолыг баталжээ. Ингэснээр 2016 оноос цахимжуулах, програмжуулж 2017 оноос цахим болон танхимаар газрын дуудлага худалдаа явуулж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хаанаас ч, ямар ч иргэн үүнд оролцох боломж бүрджээ. Газрын худалдааг цахимжуулаагүй байсан 2016 онд нийт 600 хүн дуудлага худалдаанд оролцож тэрбум гаруй төгрөгийг газрын худалдаанаас бүрдүүлсэн байна. Харин газрын худалдааг цахимжуулан, иргэдэд нээлттэй болгосноор 2017 онд 4.6 тэрбум, 2018 онд 1300 гаруй хүн оролцож 8.3 тэрбум төгрөгийг Улсын санд төвлөрүүлжээ.
Өнөөдөр нээлтэй хийж буй дээрх “Газрын биржийн цахим төв” нь зөвхөн газрын дуудлага худалдаанд төвлөрөөгүй бөгөөд “Гэрэгэ Киоск”-оос газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн барьцааны лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээлэл, газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж, кадастрын зургийн үнэ, барьцааны бүртгэлийн хураамж, газар эзэмшихтэй холбоотой торгууль зэрэг төлбөрийг цахимаар төлнө. Мөн газар өмчлөх, эзэмшихэд шаардлагатай материалын жагсаалт, газрын төлбөр, түүнтэй холбоотой бүхий л хураамжийг төлөх, үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэссеж хэлбэрээр авах, лавлагааны нэгдсэн систем Call center (7777-1285) ажиллуулж байна.
Энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр маргаантай, эзэнгүй, хууль бусаар шилжүүлсэн зэрэг зөрчилтэй газрыг цэгцлэх зорилгоор Нийслэлийн захиргаа болон Нийслэлийн газрын албадын төлөөллүүд санамж бичиг үйлдлээ. Ингэснээр ирэх нэг жилийн хугацаанд дээрх газрын маргаантай асуудлууд шийдэгдэх аж.