УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголбанканд хандан, зургадугаар сарын 18-нд нэгэн албан бичиг илгээжээ. Уг албан бичигт “Тус Байнгын хорооноос 2019 оны дөрөвдүгээр тогтоолоор экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банканд чиглэл өгч, хэрэгжилтийг 2019 оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг даалгасан. Иймд хэрэгжилтийн тайланг долдугаар сарын 5-ны дотор ирүүлэхийг хүсье” гэжээ. Үүнийг уншсан хүн юу ч ойлгохгүй агаад цаад нарийн учрыг нь мэдэхийг эрмэлзэх нь гарцаагүй. Энэ бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан, Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай тогтоолын хэрэгжилтийг шаардсан албан бичиг юм. Экспортыг нэмэгдүүлэхэд Монголбанк ямар оролцоотой вэ. Мэдээж мөнгөний бодлогоор дэмжиж болно. Угаасаа ч аливаа улсын Төвбанк санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний урсгалаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх зорилготой ажилладаг. Өөрөөр хэлбэл, мөнгө зээлж, экспортын төслүүдийг санхүүжүүлж болно.
Эдийн засгийн байнгын хорооны Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай тогтоолын заалтууд хэт ерөнхий, заримынх нь агуулга бүрхэг байв. Гэхдээ Монголбанкийг экспортыг нэмэгдүүлэхийн тулд мөнгөний бодлогоо хандуулах, мөн төгрөг зээлэхийг тус Байнгын хорооноос үүрэгдсэн нь илэрхий ойлгогдоно. Мөнгө зээлэхийг үүрэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтээ хэвлэж, зах зээлд нийлүүл гэсэн шаардлага юм. УИХ-ын гишүүд Төвбанкаа мөнгө хэвлэж тараахыг шаардаж буй нь анхаарахгүй орхиж боломгүй үйлдэл. Тогтоолын эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор баталлаа гэсэн агуулгыг оруулжээ. Тэгэхээр мөнгө хэвлэхийг шахаж буй цаад эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байх нь.
Тогтоолын 1.1-д “Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд тус тус багтаан хэрэгжүүлж дуусгах, 1.2-т “Энэхүү тогтоолын нэгдүгээр заалтын 1 дэх дэд заалтад заасан төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаар санхүүжүүлэх, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж хэрэгжүүлэх” гэжээ. Тэгвэл 2.2-т нь “Энэхүү тогтоолын нэгдүгээр заалтын 1 дэх дэд заалтад заасан төслийн бүтээн байгуулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Төвбанк (Монголбанкны)-ны тухай хуульд нийцүүлэн бүрдүүлэх боломжийг судалж, танилцуулах” гэж заасан байлаа. Энгийнээр тайлбарлавал, төмөр замын төслүүдийг мөнгө хэвлэж санхүүжүүлэхийг судал гэж үүрэгджээ.
Албан бус мэдээллээр, Төрийн тэргүүн Монголбанкны ерөнхийлөгчийг мөнгө хэвлэ гэж шаргуу шаардаж буй сурагтай. Анзаарсан бол төмөр замын томоохон төслүүдийг хоёрхон жилд хэрэгжүүлж дуусгахыг зөвлөмждөө тусгасан байгаа биз. Мөнгө хэвлээд санхүүжүүлбэл, маш хурдан дуусгах ойлгомжтой. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон түүний баг “Мөнгө хэвлэхийг хориглоно” гэсэн бодлого баримтлан ажиллаж буй. Тиймээс тэд хэрхэвч зөвшөөрөхгүй болов уу.
Монголбанкны өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал эдийн засгийн хүндрэлээс улсаа гаргахын тулд мөнгө хэвлэж, зах зээлээ идэвхжүүлэх бодлогын сонголт хийж байв. Тэгвэл Төвбанкны өнөөгийн удирдлага Н.Золжаргалын бодлогыг эдийн засгийг сэргээх нь бүү хэл, улам доройтуулсан, мөнгө хэвлэх нь маш муу арга гэж ярьдаг. Өмнөх бодлогод шүүмжлэлтэй хандсан Н.Баяртсайхан ямар нүүрээрээ мөнгө хэвлээд зогсож байх вэ. Тиймээс тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхонд “Мөнгө хэвлэх боломжгүй” гэсэн хариулт өгөх нь гарцаагүй.
Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа тэр хууль, эрх зүйн орчинд нь нэмэлт, өөрчлөлт оруулан, Төвбанкны хараат бус байдлыг нэмэгдүүлж чадсан. Тиймээс түүнд “чадахгүй” гэж хэлэх эрх зүйн боломж бий. Гэвч “чадахгүй” гэж хэлснээр асуудал намжихгүй байж мэдэх юм. Нохойг оролдсон хүн хормойгоо уруулдаг, ноёнтой заргалдсан хүн толгойгоо авхуулдаг гэдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнтэй, тэр тусмаа Ерөнхийлөгчтэй заргалдвал Н.Баяртсайхан суудлаасаа ховхорч магадгүй. Мөнгө хэвлэх саналыг зоригтой дэмжиж чадах нэгнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилоод хүслээ гүйцэлдүүлчихэж чадах улс шүү, цаадуул чинь.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж дуусгахад, тэрбум орчим ам.долларын санхүүжилт шаардлагатай. Мөнгө хэвлэж санхүүжүүлнэ гэвэл 2.5 их наяд төгрөг болох нь. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь урагшаа тавьж буй замаас хоёр дахин урт. Тэгэхээр 2-3 тэрбум ам.долларын санхүүжилтээр барьж дуусгах учиртай. Ийм хэмжээний ам.доллартой дүйх мөнгө хэвлэнэ гэвэл 5-6 их наяд төгрөг болно. Их хэмжээний мөнгө хэвлэвэл манай эдийн засаг даахгүй. Эдийн засгийн “халуурал” болж, инфляцад идэгдэн, буруу замаар будаа тээнэ.
Улс орнууд мөнгө хэвлэж, эдийн засгаа тэтгэх тохиолдол гардаг. АНУ, Япон ийм арга хэмжээ авч байлаа. Манайх мөн туршиж үзсэн. Мөнгө хэвлэж эдийн засгаа тэтгэхийг уламжлалт бус бодлого баримтлах гэдэг. Мөнгө хэвлэх арга хэмжээг эдийн засаг нь хямарч, эсвэл хүндэрч байхад түр зуур гал унт раах байдлаар авч хэрэгжүүлдэг. Эдийн засаг нь өсөж байгаа тохиолдолд ийм арга хэмжээ тус биш, ус хүргэх учраас хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эдийн засгаа хохироохыг шаардаж байгаа гэсэн үг үү. Ингэж л ойлгохоос аргагүй нь.