М.Оч
Монгол Улс албан ёсоор Улаанбаатар гэдэг ганцхан хоттой. Харин албан бус буюу иргэдийн нэрлэж заншсан хотуудын тоо тоймоо алдсан. Тэдгээрээс хамгийн том нь Дархан, Эрдэнэт. Мөн Чингис, Алтай, Бор-Өндөр, Чойбалсан, Улаангом, Улиастай гэх мэт “нууц” хот олон бий. Ердөө л аймгийн төв болгоныг хот гэж ярьж заншсаныг хэлэх нь илүүц биз. Говь-Алтай аймгийн төв Алтай хот гэж нутгийнхан нь ярих дуртай. Харин албан ёсоор бол хот хэмээн нэрлэсэн тэр газар нь Есөнбулаг сум байх жишээтэй. Хот байгуулахтай холбоотой бас нэг жишээ дурдъя.
Нийслэлийн удирдлага дагуул хот хэмээх нэршлийг улаанбаатарчуудад анх танилцуулж, энэ ангилалд Налайх, Багануур дүүргийг хамруулахаар шийдвэрлэсэн нь саяхан. 2015 оны дөрөвдүгээр сард тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл дээрх хоёр дүүргийг дагуул хот болгосноо зарлаж байлаа. Түүнээс хойш буюу хот болсноор дээрх хоёр дүүрэг хөгжиж дэвшсэн, эсэх нь тун эргэлзээтэй. Олон нийт ч дагуул хот болсон гэдгийг нь бараг мартсан биз ээ.
Багануур дүүрэг хотын төвөөс 130 км алслагдсан. Хэдийгээр энэ газар Улаанбаатар хотын дүүрэг нэртэй ч тусдаа наадам хийж, аймгийн арслан, заан, харцага, начин цолтон төрүүлдэг. Энэ нь өнгөрсөн наадмаар иргэдийг нэлээд бухимдуулж, “Багануур дүүргийнхэн тусдаа наадам хийж зардал чирэгдэл гаргаж байна. Хэрэв тийм бол Хан-Уул, Сонгинохайрхныхан ч тусдаа наадъя” гэх мэтээр цэц булаалдсан юм. Гэхдээ энд наадмын тухай бичих гэсэнгүй. Гол асуудал нь уг нь нийслэл хотын дүүрэг боловч Улаанбаатараасаа туурга тусгаар мэт аашилдаг, тэгээд бас дагуул хот гэгддэг, ер нь бодит байдалд ч, цаасан дээр ч тун ойлгомжгүй статустайг нь онцолж буйг хэрэг. Гэхдээ ийм асуудал зөвхөн Багануурт бус, Монголоор дүүрэн бий.
Хамгийн сонгодог жишээ нь Дархан, Эрдэнэт хот. Олон нийт хэдийн Эрдэнэт хот гэж ярьж заншсан ч албан ёсоор бол Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Дархан сум гэдэг билээ. Хүн ам, хөгжлийнх нь түвшин хэдийн хотын хэмжээнд хүрсэн ч бодит байдалд сумтай адил үнэлэгддэг. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ талаар “Орхон аймгийн Баян-Өндөр сум 100 000 иргэнтэй. Уг нь хэдийн хотын хэмжээнд хүрсэн ч өдгөө ямар байдалтай байгааг Монголын ард түмэн мэднэ дээ. Үүнээс болж хамгийн их хохирч байгаа нь иргэд. Тодруулбал, төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй бус. Аргагүй шүү дээ. 100 000 хүн амтай хэрнээ 3000 хүнтэй хөдөөний сумын ЗДТГ-ын хэмжээний орон тоогоор ажилладаг. Үүнд иргэд маш их бухимддаг юм. Жишээ нь, Баян-Өндөрийн хажууд Жаргалант гээд 3000 хүн амтай сум байна. Хүн амын тоо нь тэнгэр газар шиг ялгаатай хэрнээ ЗДТГ яг адилхан орон тоотой шүү дээ. Тиймээс нэн даруй хотын статустай болгох нь зүйтэй” гэсэн юм. Түүний хэлсэнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдаж, цуврал хэлэлцүүлгүүд өрнүүлж байгаа үед хотын статус иргэдийн анхааралд хамгийн их өртөж байгаа асуудлуудын нэг юм.
Улаанбаатар хот 2015 онд хоёр дагуул хоттой болсон талаар эхэнд дурдсан. Энэ түүхэн шийдвэрийг иргэд таатай хүлээж авсан. Угаасаа монголчууд хоттой болохыг үргэлж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Э.Бат-Үүл дарга “УИХ-аас нийслэл дагуул хоттой байж болно гэдэг шийдвэр гаргасан. Багануур, Налайх дүүргийн иргэд хот байгуулъя гэж байгаа нь өөрсдөдөө үйлчилдэг даргатай болохыг хүсэж буй хэрэг. Хот байгуулснаар тэдэнд энэ эрхийг нь өгч байна. Тэгэхээр иргэд удирдуулах хүмүүсээ өөрсдөө сонгох эрхтэй болж байгаа юм. Энэ утгаараа хот байгуулах шийдвэр нь түүхэн үйл явдал. Мөн дагуул хот байгуулснаар улс төрийн биш, аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагааг хариуцах боломж бүрдэнэ. Багануурчууд хоттой болохыг 11 жил хүлээсэн” гэж байсныг эргэн сануулъя.
Үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд буюу хот байгуулах талаар иргэдийн саналыг асуух үйл явц 2014 оны сүүлчээс эхэлсэн юм. Уг ажлын үр дүнд Багануурын иргэдийн 95, налайхчуудын 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэнээр нийслэлийн ИТХ-аас Улаанбаатарт анх удаа дагуул хотууд байгуулах түүхэн шийдвэр гаргасан билээ. Харамсалтай нь, дагуул хот байгуулах төлөвлөгөө даргын ярьсан шиг гоё хэрэгжсэнгүй, өдгөө болж бүтэхгүй ажлын жишээ болчихсон явна.
Налайх дүүргийнхэн гэхэд хот болсноосоо бүр залхсан шинжтэй байна. Дагуул хот болж, захирагчаар нь Ш.Хаан хэмээх эрхэм томилогдсон боловч өнгөрсөн гурван жилийн хугацаанд олигтой ажил хийгээгүй, дэмий сул цалин авч хэвтсэнээс цаашгүй гэнэ. Тус дүүргийн иргэд ч “Нэг бол хот, нэг бол дүүрэг гээд хоёр толгойтой юм шиг болчихсон. Үүнийг цэгцлэх ёстой” хэмээсэн юм. Энэ талаар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулгаас тодруулахад “Дагуул хот гэдэг статустай бид гурван жил явлаа. Энэ нь үнэхээр оновчгүй шийдэл байсныг өнгөрсөн хугацаанд ойлголоо. Наад зах нь эрх мэдлийн хуваарилалт, ажлын чиг үүрэг дүүрэг, хот хоёрт давхацна. Хотын захирагч дүүргийн Засаг даргад ажлаа тайлагнасан тохиолдол үгүй. Уг нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд хотын захирагчийн хүлээх эрх, үүргийг маш тодорхой заасан. Тухайлбал, дүүргийн ИТХ, Засаг даргад ажлаа тайлагнаж байх ёстой. Гэтэл Налайх дүүрэгт энэ үйл ажиллагаа алдагдсан. Ерөөсөө л манайхыг дагуул хот болгосон нь зөв шийдэл биш гэдгийг бид ойлголоо” гэж ярьсан юм.
Уг асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх ёстой талаар түүний байр суурийг тодруулахад “Заавал хот болгох гээд байгаа юм бол дагуул гэдгийг нь авч хаях хэрэгтэй. Бие даасан хот болгох нь оновчтой. Дүүрэг хоёр удирдлагатай юм шиг, иргэдэд буруу ойлголт өгч байна. Үүнийг таслан зогсоохын тулд дүүргийн Засаг дарга бөгөөд хотын захирагчийн чиг үүргийг нэгтгэж, нэг хүнд үүрүүлэх боломжтой гэж харж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг шиг” хэмээсэн.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нутгийн удирдлагатай холбоотой хэсгийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болоход нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ч дээрх асуудлыг онцлон дурдсан билээ. Тэрбээр “Дагуул хот болгосноор захирагч нь иргэдээсээ сонгогдож, Засаг дарга нь төлөөлөгчдөөсөө сонгогдож, хоорондоо төсвөө булаацалддаг, иргэдийн өмнө очихоор хэн нь юу хийхээ мэддэггүй асуудал үүсчихсэн. Өнөөдөр үүний бодит жишээ нь Налайх, Багануур дүүрэг болчихоод байна” гэв.
Тэгвэл Багануур дүүргийнхэн энэ асуудалд хэрхэн хандаж байгааг ч мөн тодрууллаа. Налайхыг бодвол тэднийд хот, дүүрэг хоёр “зодолдох” нь харьцангуй цөөн бололтой. Дүүргийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Манай дүүргийн хувьд бие даасан аймаг болох сонирхолтой. Энэ маягаар дагуул хотуудаа хөгжүүлээд, дахиад хэд хэдийг байгуулбал бид дагуул хот хэвээр байсан ч татгалзах зүйлгүй л дээ. Гэхдээ аймаг болсон нь илүү оновчтой гэж харж байгаа. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэрхэн шийдвэрлэхээс л хамаарна шүү дээ” хэмээлээ.
Түүнчлэн хэд хэдэн аймгийн ЗДТГ-ынхантай холбогдож, хотын статусын талаар ямар байр суурьтай байгаа, цаашид “нууц” хотуудаа ил гаргах, эсэхийг тодруулсан юм. Нэлээд хэдэн удаа давтагдсан санааг багцлан сийрүүлбэл “Олон удаа ярьснаар нь Дархан, Эрдэнэтийг анхаарчихаад бусад аймгийг хаячих вий гэж санаа зовж байна. Аймгуудад онцгой анхаарах нь зүйтэй. Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд хот байгуулах нь зүйн хэрэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ талаар нарийн тусгаагүй байсан. Мэдээж бусад хууль, тогтоомжоор нарийвчлан тодорхойлох байх л даа” гэсэн билээ.
Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн 57.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасан. Харин төсөлд (Ерөнхийлөгчийн өргөн барьсан) “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, хот, нийслэлд, аймаг нь сумд, сум нь багт, хот нь дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагдана” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, хот гэсэн статус тусгайлан оруулсан тул өнөөгийн замбараагүй байдал цэгцэрч, олон хоттой болох гэсэн иргэдийн хүсэл мөрөөдөл ч биелж магадгүй нь. Гэхдээ дагуул хотын жишгээр хуумгай хөдөлбөл, нэр өөрчлөгдөхөөс илүү ахиц гарахгүй биз ээ.