“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, даатгалын газрын төлөөлөл, судалгааны байгууллагууд хамтран элэгний өвчлөл, тэр дундаа гепатит C болон B вирусын дамжих зам, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар цогц мэдээлэл өглөө.
Элэгний өвчлөлийн хувьд эрт илрүүлэлт хамгийн чухал болохыг салбарынхан онцолж байна. Учир нь эрт илрүүлэх тусам эдгэх магадлал нэмэгддэг аж. Вирусаар дамжих элэгний өвчлөл бүрэн эдгэрдэг бөгөөд вирусын шинжилгээг төв болон дүүргүүдийн эмнэлэг, хувийн лабораториудад хийж буй юм. Шинжилгээгээр вирус илэрсэн бол элэгний хатуурал эсхүл элэгний хорт хавдрын шатанд шилжсэн эсэхийг тодруулж байж тохирох эмчилгээг эхлүүлэх нь чухал юм. Эс бөгөөс эсрэг нөлөөтэй. Эрт илрүүлтээр вирустай гэдгээ мэдсэн ч эмчилгээ хийлгэхгүй орхивол элэгний хатуурал, цаашлаад хорт хавдарт шилждэг. Эмчилгээг онош тодруулсанаар эхлэх бөгөөд зарим эмийн хувьд үнэгүй харин өндөр үнэтэйг нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй олгож буй. Харин вирусын эсрэг эмийг гурван сар хэрэглэсэн иргэдийн 98 хувь нь эдгэрч буйг албаныхан дурдаж байлаа.
Үхэлд хүргэж буй өвчний 15 хувийг элэгний өвчлөл эзэлдэг. Элэгний өвчлөлөөр жилд шинээр 6 000 хүн өвчилж байна. Энэ нь нийт хүн амтай харьцуулвал өмнөх онуудаас буураагүй үзүүлэлт юм. Харин гепатит C-гийн архаг халдвартай иргэдийн тоо 2018 оны байдлаар 56 хувиар буурсан нь халдвар тараах магадлал тэр хэрээр буурч байгааг судалгааны байгууллагаас онцолж байв.
Гепатит B вирусын халдвараас урьдчилан сэргийлж болдог бол элэгний бусад буюу C, D вируст урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй. Гепатит B вирусын вакциныг нярайд дөрвөн тун харин бусад насныханд зургаан сарын хугацаанд товлолоор гурван удаа хийдэг бөгөөд нэг тун нь таван мянган төгрөгийн үнэтэй.
Шивээс хийлгэх, ариутгаагүй багаж хэрэгсэл, бусдын сойз, сахлын хутга зэргээр халдварладаг гэдгийг иргэд мэдэж байх хэрэгтэй болов уу.
2019 оны долдугаар сарын 26-нд буюу өдөр гепатит B-гийн эсрэг дэлхийн өдрөөр Д.Сүхбаатарын талбайд холбогдох байгууллагууд хамтран оношлох, даатгалд хамруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.