Монголчууд бид суурин соёл хөгжил, хотжилтыг бий болгохын тулд ханцуй шамлан орж өнөөгийн Улаанбаатарыг бий болгосон. 1649 оноос үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл хөгжиж ирэхдээ өнөөдрийнх шиг ингэтлээ “доройтоогүй” байх. Мэдээж хөгжил тааруу байсан нь ойлгомжтой. Гэлээ ч суртахуун, хүнлэг чанараа дээдэлж ирсэн болов уу? Хэзээнээсээ Монголчууд ёс суртахууныг эрхэмлэж нэг нэгнээ хүндэлж ирсэн байдаг. Гэтэл эвийг эрхэмлэж хүний илүү дутууг хардаггүй тэр хүмүүсийн үр хойч өнөөдөр яав?
Иргэн буй газар Төр буй нь мэдээж. Төрийн зохион байгуулалтаар улс орон хөгжиж тэр хэрээрээ ард иргэдийн амьдрал сайжирдаг. Гэвч төр хувь хүний зан хүмүүжил, ёс суртахуунд нөлөөлж чадахгүй. Өндөр барилга, өргөн зам хөгжлийг дагаад ирэх ч гэлээ энэ хөгжил мөн үү? Эсвэл ёс суртахуунтай байж хөгжил ирэх үү? Усыг нь уувал ёсыг нь дага хэмээн өвгөд сургасан нь учиртай. Хот суурин газарт амьдарч байгаа бол та ч, би ч дагаж мөрдөх ёстой бичигдээгүй хууль бий.
Өнөөдөр Монголд ямар байна. Хөдөө хээр байгаа юм шиг орцонд тухтай бие засаад хэнэггүй гарч одно. Тус иргэнийг цагдаагийн байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу 10000 төгрөгөөр, мэдээлэл тавьсан СӨХ-ийн даргыг хүний нэр төрд халдсан хэргээр 2 сая төгрөгөөр торгох хуулийн заалт хэр оновчтой вэ? Мөн Баянзүрх дүүргийн иргэн өөрийн оршин суудаг байрныхаа лифтэнд бие зассан видео бичлэг олон нийтэд хүрсэн билээ. “Нэр хугарахаар яс хугар” гэж хугарсан нэр төрөө сэргээнэ гээд цагдаад ханддаг нь зөв үү?
Улсын нийслэл хот маань өндрөөс өдөрт шинэ бүтээн байгуулалт хийж дэлхийн жишигт хүрэхийг эрмэлзэж буй. Гэвч энэ бүхнийг үнэ цэнэгүйтүүлж байшин барилгыг “00” мэт үзэж байна. Ийм соёлгүй ард иргэд мэр сэр байхад улс орон хэрхэн хөгжих билээ. Үүнээс гадна Замын хөдөлгөөн хааж, машинаа тавиад шаардлага тавьсан жолооч нарыг үг хэлээр доромжилно. Насанд хүрээгүй хүүхдүүд баар цэнгээний газруудыг эзэлж, дэн буудлаар хоноглоно. Энэ бол хүүхдүүдээ анхаарал халамж тавьдаггүй эцэг эхийн буруу. Гэтэл нийтээрээ нэг л зүйлийг буруутгана. Тэр төр засаг, хуулийн байгууллага. Энэ бүхний ард ёс суртахуунгүй өөрсдийнх нь буруу байгааг мэддэггүй.
Утаатай ч гэлээ Улаанбаатар минь хөгжсөөр байна. Ямартайч энэ сайн хэрэг. Гэвч бид хөгжиж буй хотдоо ёс суртахуунгүй амьдарсаар байх уу?
Ер нь бид хотынхоо хөгжлийг гүйцэхгүй байна уу? Эсвэл амьдарч буй хотынх нь дээгүүр утаа эргэлддэг шиг хүмүүсийн толгойд манан будан суучихаа юу гэж эргэлзэхэд хүргэнэ.
Ямар ч байсан Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр болохгүй юмаа гэхэд нэрмээс болмооргүй санагдана. Орцонд бие засаж, замын хөдөлгөөн хааж, нэр төрөөрөө далайлгаж байснаас суваг солиод гэртээ хэвтэж байвал дээрсэн.