-Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг энэ онд нэмэх үү?
(МУИС-ийн III түвшний оюутан Ж.Доржбат)
-Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын мэргэжилтэн бэлддэг 90 гаруй их, дээд сургууль байна. Үүнээс 18 нь төрийн өмчийнх. Нийт элсэгчийн 30-аад хувь нь улсын сургуульд сурдаг гэх тоо бий. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудал бол сургалтын төлбөр. БСШУСЯ хувийн сургуулиудын сургалтын төлбөрт хяналт тавьдаггүй, харин төрийн өмчийн сургуулиудад зөвлөмж, чиглэл өгдөг. Хувийн хэвшлийн сургууль мэргэжлийн хөтөлбөрийн эрэлт, элсэгчийн тооноос хамааран, Удирдах зөвлөлийн хурлаараа төлбөр нэмэх, эсэхээ шийддэг. Одоогоор төрийн өмчийн 18 сургуулийн найм нь төлбөрөө 5-10 хувиар нэмнэ хэмээн мэдэгджээ. Гэхдээ бүх сургууль адил биш. Тухайлбал, МУИС сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн. Сургуулиуд амарсан болохоор энэ талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 18 340 шалгуулагч бүртгүүлснээс 14 310 нь хамрагдсан. 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулиудад 9000, хувийн хэвшлийнхэд 4000 гаруй суралцагч элсэх урьдчилсан бүртгэл бий. Шалгалт өгсөн хүүхдүүдийн тоо өмнө оныхтой харьцуулахад хоёр дахин цөөн байгаа. Тэгэхээр элсэгч цөөн учраас сургалтын төлбөрийг төдийлөн нэмэхгүй болов уу.
(БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Т.Сайхнаа)