Монголыг зорьсон гадаадын жуулчдын хөл татарчээ. Тэгээд ч энэ жил манай оронд гадаадын аялагч төдийлөн олон ирсэнгүй. Жуулчдын тоо нэмэгдсэн, ер нь жил ирэх тусам ихсэж байгаа гэсэн дүн мэдээг БОАЖЯ танилцуулдаг ч нүдэн баримжаагаар харахад л эсрэгээрээ, тоо жилээс жилд буурч буй мэт. Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагынхан салбарын яамны мэдээлэлд итгэхгүй байгаагаа илэрхийлсээр. Тэдний зүгээс “Компани бүрийн ажил, үйлчилгээний хүрээ, цараа ахих бус, харин ч хумигдаад байгаа.
Жуулчдын тоо ахиу бол юу гэж тэгэх вэ. Яам хүслээрээ, үзэмжээрээ мэдээлэл түгээдэг. Жуулчин цөөрч байгаа, эсэхийг улсын хилээр орж, гарсан гадаадын иргэдийн тоогоор мэдэж болно. Гэвч төрийн бус байгууллага болон компаниудад тэр мэдээллийг өгдөггүй” хэмээн “хов” хүргэв. Гадаадын жуулчид манай улсыг зорихыг төдийлөн хүсэхгүй байгаа нь хүмүүсийн, өөрөөр хэлбэл монголчуудын ч, гадаадынхны ч буруу, сөрөг хандлага болон манай улс агаарын тээврийн үйлчилгээ муутай холбоотой аж.
Нисэх онгоц цөөн болохоор хэзээ, ямар унаагаар явна гэж жуулчид тасалбар захиалах билээ. Энэ үндсэн хоёр шалтгаан жуулчин цөөрөхөд нөлөөлж байна гэж компаниудын төлөөлөл ам нэгтэй хэлж байна.
Эдгээрийн зэрэгцээ гадаадынхны Монголыг гэх, манай орныг сонгож аялах шалтгаанууд нь аялал жуулчлалын сонирхолтой бүтээгдэхүүн, хөтөлбөр байх ёстой. Аялал жуулчлал идэвхтэй хөгжүүлэх оролдлого хийж эхэлсэн цагаасаа байгалийн, соёлын, адал явдалт, загасчлалын гэх зэрэг ангиллаар аялагчдад мэдээлэл хүргэн, урин залсаар өдий хүрсэн. Гэсэн ч энэ салбарынхан дорвитой орлого олж чадахгүй байгаа хэвээр. Манайд өөр ямар нөөц бий вэ.
Сайтар бодоход монгол үндэсний, бусдад байхгүй уламжлал, өв болгонд түшиглэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох боломж харагддаг. Тухайлбал, Морин хуурын олон улсын наадам зохион байгуулахад Япон болон бусад орноос түүнд оролцож, уралдаанд ур чадвараа сорингоо морин хуур хөгжмийн өлгий Монгол оронтой танилцахыг хүсдэг жуулчин цөөн ч гэлээ, чамлахааргүй ирдэг болсон. Өнгөрсөн зургадугаар сард болсон Азийн ардын урлагийн анхдугаар наадмыг аваад үзье. Азийн 10-аад орноос уран бүтээлчид болон албаны хүмүүс ирлээ шүү дээ. Тэд мөн адил өөрсдөө олон улсын наадмын нэгээхэн хэсэг байх хүслээ гүйцээхийн зэрэгцээ Төв Азийн цээжин дэх Монголтой минь танилцаж, мэдэхгүйгээ мэдэж аваад явсан учир жуулчин л гэсэн үг. Зохион байгуулагчид энэ наадмыг цаашид жил бүр явуулж байх юм билээ. Тэгэхээр энэ нь нэгэн төрлийн соёлын аялал жуулчлалын брэнд болох буй за.
Үүнтэй нэгэн адил жуулчдыг татаж болох бас нэгэн бүтээгдэхүүн нь Монголын уламжлалт анагаах ухаанд суурилсан, эрүүл мэндийн аялал жуулчлал байж болмоор санагдах юм.
Дорно дахины анагаах ухааны нэгэн хэсэг болсон, өөрийн гэсэн түүх, хөгжил, онцлогтой энэ ухааныг Европт маш их сонирхдог юм билээ. Тэнд үйл ажиллагаа явуулдаг монгол эмч нараар оношлуулж, эмчлүүлдэг, зарим талаар шүтэж биширдэг нь олон. Лав Польш улсад суурин төвлөрч, Европын улсуудад хүрч ажилладаг эмч олон байдаг бөгөөд үйлчлүүлэгч олонтой гэдэг.
Судсаар оношлох арга зүйн онолын үндэс нь арга, билгийн ухаан бөгөөд энэ ухаан манай эриний өмнөх VI зуун гэхэд хөгжиж боловсорсон байжээ. Тиймээс Монголын унаган гүн ухаан гэдэг. Уг ухаан эндээс Грек, Төвд, Энэтхэг зэрэг соёлт орнуудад түгэн дэлгэрсэн гэж үздэг юм билээ. Ийм эртнээс улбаатай уламжлалт анагаах ухааны соёлтой, өдгөө боловсронгуй болж буй давуу талдаа дулдуйдаж түүнд суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн гадаадынханд санал болгож болох биш үү. Хүн амын олонх нь буддын шашинтай улс тул энэ бүтээгдэхүүнээ буддын гүн ухаан, уламжлал, зан үйлтэй хавсарган нэгтгээд хөтөлбөрөө буддын соёлтой холбоотой дурсгалт газруудаар хийх аяллаар хачирлан “таваглаж” болмоор санагдана. Уламжлалт анагаах ухаан нь бие махбод болон сэтгэл санааны өвчин эмгэгийг цогцоор нь судалдгаараа онцлог. Сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од, гараг, эрхсийн нөлөөлөл, урд, хойд төрөл, үйлийн үр зэргийг судалдаг, өвчин зовлонг үндсээр нь анагаадаг буддын их таван ухааны нэгэн салбар ухаан билээ. Дорнын анагаах ухаан хамгийн олон жилийн түүхтэй. Түүн шиг удаан хугацаанд судлагдсан шинжлэх ухаан ямар ч улс үндэстэнд байхгүй аж. Уламжлалт анагаах ухааныг хүн төрөлхтний бодит амьдралд ойрхон, эрдэмтэн мэргэдийн ажиглалт туршилт, судалгаагаар нотлогдон баталгаажсан, оюун ухааны шим сор болсон шинжлэх ухаан гэдэг.
Гадаад улс орнуудад мөн л бусдын адил буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стрессээс үүдэлтэй хэт таргалалт, үе мөчний болон бусад өвчин түгээмэл. Олон мянган долларын үнэтэй эм, тариа, сүлжээний бүтээгдэхүүн ууж, идэж байснаас Монголд ирж амар, усны тунгалаг, агаарын сайханд монгол уламжлалт эмчилгээ хийлгэж, үр дүн нь ид шидийн мэт болохыг мэдэр хэмээн сурталчилбал сонирхох хүн байна даа.
Хөгжил нь ханасан хөгшин Европт ч гэсэн эрүүл мэнддээ хайнга улс олон. Орчин үед эрүүл мэндийн чиглэлд бизнес төрөл бүрээр цэцэглэж байгааг хэлэх үү, төөрөгдөл их. Зарим эмч, сүлжээнийхэн ус их уухыг зөвлөдөг. Гэтэл ус их уух нь монгол уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл тийм ч сайн биш аж. Хавагнуулж, ходоодны гал бөхөөж, дархлаа бууруулах сөрөг нөлөөтэй. Ямар тохиолдолд ус их хэмжээгээр ууж болох, ямар өвчний үед, ямар бие махбодын онцлогтой хүн, хэр хэмжээгээр, хэдийд яаж уух вэ гэдэг маш чухал. Саяхныг хүртэл барууны орнуудад үр тариаг болж өгвөл сайн ид гэж зөвлөж байсан бол төд удалгүй судлаачид үр тариа, гурилыг их хэмжээгээр идэх нь хортой гэж баталжээ. Мөн өөх тос, холестрол нь зүрхний өвчин үүсгэдэг гэж хориглож байлаа. Гэтэл ердөө энэ оны эхнээс тохирох хэмжээний холестрол тос нь зүрхний өвчинд сайн нөлөөтэй гэж тогтоожээ. Бас загас, тахиа зэрэг цагаан мах хүнсэндээ байнга хэрэглэ гэж зөвлөдөг байсан бол улаан мах хүний биед хамгийн тохиромжтой гэж үзэх болсон.
Гэх мэтчилэн төөрдөг байшинд будилж яваа гадаадынханд эрүүл амьдрах зүг чигээ олоход нь дэм болох хөтөлбөр бүхий сонирхолтой аялал төлөвлөж, санал болгож яагаад болохгүй гэж.
Эрүүл мэндийн аялал жуулчлалыг үлгэр жишээ хөгжүүлсэн улс орнууд бий. Энэ төрөлд БНСУ, Тайланд, Израил улс тэргүүлнэ.
Жишээ нь, олон улсын өвчтөнүүд БНСУ-д яагаад эмчлүүлэхийг илүүд үздэг вэ. Тэнд эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн хөгжил дээд цэгт тулсан. Өрнийн болон Дорнын эмчилгээг хослуулдаг. Эмнэлэг болгон өөр өөрийн түүхээ сонирхол татахаар ярьж, бичиж, түгээдэг. Сөүл хотын Гэгээн Мариягийн эмнэлэг гэхэд улсдаа хамгийн анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн гэдгээрээ алдаршсан байх жишээтэй. Тус улсад бөөр шилжүүлэн суулгадаг олон эмнэлэг байдаг ч, гадаадаас зорьж очдог хүмүүс тус эмнэлгийг сонгох нь олонтоо гэнэ. Мөн оношилгоо сайн хийдэг гэдгээ ямагт хэлдэг. Өвчтөнийг орчин үеийн өндөр технологийн төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр цагийн турш оношилдог. Өвчтөн үүнд нь сэтгэл хангалуун байдаг. Өөрт нь хаана ч байхгүйгээр анхаарал хандуулж, санаа тавьж байна гэж ойлгодог. Гэх мэтчилэн нэг талаас авч үзвэл эмчилгээ, үйлчилгээг өвчтөний сэтгэл зүйд тулгуурлан хийж, явуулдаг байна.
“Самсунг” гэхэд эрүүл мэндийн тусгай мэргэжлийн хэд хэдэн клиник болон бусад 110 эмнэлгийг эгнээндээ нэгтгэсэн, 6500 хүн ажиллуулдаг бөгөөд өндөр зэрэглэлийн үйлчилгээ бүхий хүчирхэг комплекс гэсэн имижтэй. Үүгээрээ дэлхийн өнцөг булан бүрээс өвчтөн татдаг.
Эрүүл мэндийн “Асан” хэмээх төв зүрхний бүх л төрлийн өвчнийг анагаах чиглэлийн эмнэлэг бөгөөд дэлхийд тэргүүлэгч. Улсынхаа долоон хотын энэ чиглэлийн эмнэлгүүдийг холбон ажилладаг тус төв өдгөө зүрх шилжүүлэн суулгадаг томоохон эмнэлэг болжээ. Эдгээр эмнэлээ анзаарахад үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тодорхойлоод, дүр төрхийг сайтар бүрдүүлэн, маркетинг сайн хийж чадсан нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хэдэн арав, зуугаар нь татаж байна.
Нэгэн ойрын жишээ, баримт бий. Дөнгөж ой хүрсэн охин халуун зуухаа хоёр алгаараа дарж унаснаас гарын алга, хуруунууд түлэгдэж, зарим хуруу нь хоорондоо наалдсан байсан. Нүдэндээ итгэж ядан байсан эцэг, хоёр нь яаралтай мэс засалд оруулахаар БНСУ-ын Чэжү аралд байдаг эмнэлгийг зорин ниссэн юм. Тэнд 20 орчим сая төгрөгөөр мэс засал хийлгэсэн ч зургаан сарын дараа арьс нь таталдаж, дахин мэс засал хийлгэхэд хүрсэн. Энэ удаа хос залуус монгол эмч нарын үгийг сонсож, охиноо эх орондоо мэс засалд дахин үнэ төлбөргүйгээр оруулжээ. Мэс засал амжилттай болсон, гарын алга, хуруунуудын байдал хавьгүй дээрдсэн бөгөөд, дахин таталдаагүй. Гэсэн ч Чэжүгийн эмнэлгийг сайн дураар сонгож очсон, мэс засал хийлгэсэн, эрсдэлтэй байж болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болохоор өөрсдийнхөө сонголт гэж үзээд аав, ээж нь гомдол гаргаагүй. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг зах зээлийн зарчмаар явуулдаг нь баялгийг эх орондоо хуримтлуулдаг ажгуу.
Их Британид суралцдаг монгол оюутан нурууны жийргэвчийн өвчтэй бөгөөд үе үе “гацчихдаг” зовлонтой. Хэд хэдэн удаа хэвтэрт орох шахтал өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлжээ. “Цаашид улам хүндрэх байх гэхээс айж байна. Мэс засал хийлгэх шаардлагатай бол одоо ч болов хэвтэж эмчлүүлье” гэхэд эмч үзээд “Чи эрүүл. Одоо зааж өгөх дасгал хийнэ. Эм уух хэрэггүй, тарианы тухай ямар ч яриа байхгүй. Ажил, амьдралын ачааллаа зохицуул. Сайн унтаж амарч бай. Хэрвээ чи БНСУ юм уу, Тайландад байсан бол, тэгээд энэ хүсэлтээ тавьсан бол эмч нар нь дуун дээр зөвшөөрч мэс засал хийх байсан даа” гэж хэлжээ.
Эрүүл мэндийг аль цонхоор харахаас их зүйл шалтгаална. Юутай ч Монгол өөрийн уламжлалт анагаах ухаандаа суурилсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнтэй болох цаг болжээ. Монголд уламжлалт анагаах ухааны чиглэлээр оношилж, эмчилдэг олон эмнэлэг, эмч байдаг. Тэд маш их хүч, нөөц юм сан. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар одооноос төлөвлөвөл ямар вэ.