Их Британид болсон олон улсын математикийн 60 дугаар олимпиадад манай улсаас зургаан хүүхэд оролцсоноос Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд алтан медаль хүртэн, түүхэн амжилт үзүүллээ. Мөн 11 дүгээр сургуулийн Э.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртсэн байна. “Шинэ Монгол” сургуулийн О.Мишээл, “Олонлог”-ийн Б.Долгормаа, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд нар хүрэл медаль авчээ. “Олонлог” сургуулийн сурагч А.Пүрэвзаяа тусгай байрт шалгарсан аж. Багийн ахлагчаар Монголын математикийн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, доктор Г.Баярмагнай, дэд ахлагчаар доктор Г.Батзаяа нар ажиллажээ.
1959 оноос хойш 60 дахь удаагаа зохион байгуулсан тус олимпиад жил бүрийн долдугаар сард болдог бөгөөд дэлхий дахинд боловсролын түвшнээрээ тэргүүлдэг 100 гаруй орон оролцдог юм байна. Энэ удаа 116 орны сурагчид өрсөлдөж, манай улс багийн дүнгээр 26 дугаар байрт шалгарчээ. “Монгол Улсаа төлөөлөн оролцсон зургаан сурагчийг таван удаагийн сорилоор сонгон шалгаруулсан” гэж Монголын математикийн олимпиадын хорооныхон мэдээлсэн юм. Сурагчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Ташрамд дурдахад, олон улсын математикийн 59 дүгээр олимпиад өнгөрсөн оны долдугаар сарын 4-14-нд Румын улсад болж, 107 орны сурагчид оролцсон гэнэ. Манай улсаас зургаан сурагч өрсөлдөж, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 28 дугаар байрт шалгарчээ.
М.Оч