Ихэнх оршин суугч нарлах, тоглох газар үлдсэнгүй гэж үглэдэг болсон. Хаана зай талбай байна түүнд нь үйлчилгээний, эсвэл хувийн зориулалтаар барилга барьчихна. Барилгын ажлын стандартад хяналт тавьж байх ёстой мэргэжлийн хяналтын байгууллага зарим компанийн буруутай үйл ажиллагааг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөдөг жишиг тогтлоо.
Үүний нэгэн жишээ бол “Хатан туул” компани. Тус компани БЗД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны хүүхдийн талбайн дэргэд эрүүл аюулгүй байдлыг бүрэн хангаагүй барилга барьж байна. Үүгээр ч үл барам барилгын гадна талд ямар ч хамгаалах бэхэлгээ хийгээгүй байх юм. Хийсэн бэхэлгээ зүгээр л нэг ногоон тор. Уг нь иргэд, олон нийтийг ослоос урьдчилан сэргийлэхийн тулд барилгын гадна талд карказ бэхлээд дээгүүр нь тавцан хийдэг жишээ бий.
Анх тус барилгын ажил эхлэх үед мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй хэмээн “Шинэ зуун” хотхоны СӨХ-ийн дарга Д.Агваанванчиг хэлж байлаа.
Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага жирийн иргэний үгийг огт тоодоггүй юм билээ. Би уг нь тухайн компанид дахиад ганц метр ч болтугай хүүхдийн тоглоомын талбайгаас зайдуу барилгаа барьчих гэж хэлсэн. Гэтэл миний үгийг хэн ч хүлээж аваагүй. Зарим оршин суугч “тоглоомын талбайгаа нураагаад, барилга баригдаж дуусмагч буцаагаад байрлуул” гэж дур зоргоороо ярьж байх юм. Бид хоёр жилийн турш барьсан талбайгаа юу гэж буулгах вэ дээ. Одоо барилга 12 давхар хүртлээ баригдчихсан юм чинь өөрөөр яалтай билээ” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж, хяналт тавьж ажиллахгүй байгаа нь оршин суугчдын гайхшралыг төрүүлж байна. Холбогдох байгууллагуудаас нь тодруулах гэхээр “Би мэдэхгүй, мэддэг хүнээс нь асуу” гэнэ. Мэддэг хүнээс нь асуух гэхээр “Би амралтаа авчихсан байна, яг одоогоор хэлж мэдэхгүй байна” гэх утгагүй тайлбаруудыг өгч байх юм.
Хэрэв барилга барих зөвшөөрлийг олгосон дүүргийн газрын алба, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавиагүй мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлын үр дүнд хүүхдийн амь нас эрсдвэл яах вэ? Аюул үүсэхгүй гэх баталгаа байхгүйг бидэнд урьдын ослууд хангалттай харуулсаар байгаа билээ.
Энэ мэтчилэн иргэд Үндсэн хуулиар олгогдсон амин чухал үндсэн эрх их мөнгө, эрх мэдлээрээ далайлгасан дархтнуудын ямбанд үнэгүйдэж, стандарт зөрчсөн барилгууд иргэдийн эрүүл, аюулгүй орчинг булаасаар буйг хэдий хүртэл харж суух вэ? Энэ бол иргэдийн аюулгүй амьдрах эрхэнд халдаж байгаагаас өөрцгүй билээ.
Энэ арай хэтэрнэ pic.twitter.com/TbjVZTKpzP
— Enkhbayasgalan (@BaysaaNan) July 1, 2019