Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ Шведийн Калмар хотод болсон элсэн уран баримлын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Уг “Элсэн уран баримал-2019” наадмын дэд байрт Америкийн, харин гутгаар байрт уралдааныг зохион байгуулагч орны сийлбэрч шалгарсан байна. Ц.Мөнх-Эрдэнэ жилийн дөрвөн улиралд сийлж байдаг уран бүтээлч аж. Тэрбээр өвөл мөсөөр, харин хавар, зун, намар мод эсвэл элсээр урладаг гэнэ.
Түүний эх орондоо зориулсан томоохон бүтээл, байгууламжийнх нь нэг нь Баянхонгор аймгийн төвд босгосон Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн юм байна. Тэнд буй долоон метр өндөр, 15 метр урттай үлэг гүрвэлийн баримлыг тэрбээр сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн юм билээ. Мөн Өмнөговь аймагт ч үлэг гүрвэлийн баримлууд урлажээ.