Азийн аварга шалгаруулах жиү жицүгийн дөрөв дэх удаагийн тэмцээн Бөхийн өргөөнд өчигдөр эхэлж, 28 орны 400 гаруй тамирчин дөрвөн төрөл (не ваза, файтинг, кантакт, дуо систем)-д өрсөлдөж байна. Тэдний 331 нь насанд хүрэгчдийн, 77 нь өсвөр үеийн ангилалд хүч сорьж байгаа юм. Монгол Улс Азийн АШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгуулах эрх авахдаа БНСУ, Филиппин, Тайвань, Тайландтай өрсөлджээ. Тэмцээний өмнө болсон шүүгчийн болон сэргээшийн эсрэг сургалтыг Азийн жиү жицүгийн холбооны ерөнхий шүүгч, Бразилын иргэн А.Нассименто удирдсан юм.
13 орны 19 шүүгч дэнслэх Азийн АШТ-д Монголоос зохион байгуулагч орны давуу эрх эдлэн жин тус бүрт дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөр үеийнхэд 47 бөх өрсөлдөж байна. Тэмцээний онцлогийн талаар Монголын жиү жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнээс тодруулахад “Азийн АШТ-ийг Монголдоо хийх эрх авсан нь манай холбооны үйл ажиллагаа, тамирчдын амжилт тивдээ хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдсэний илрэл. Бид эх орондоо олон улсын хоёр тэмцээн зохион байгуулсан туршлагатай. Азийн АШТ-д манай улсын бүх шилдэг тамирчин өрсөлдөнө. Олон жилийн өмнө Мөнхбаясгалан тус тэмцээний файтинг төрөлд хүрэл медаль авсан. Монгол тамирчин Азийн АШТ-д түрүүлж, үзүүрлэж байгаагүй. Тиймээс энэ удаа эх орондоо дутуугаа гүйцээн, Азийн аваргатай болох зорилготой” гэв. Тэмцээн 22-нд дуусаж, аваргаа тодруулна.