XXI зууны 20 дугаар онд монголчууд бид “Сэрэлт” кинонд гардаг ах ламтан, дүү хүүхэн, хүргэн хүү гурвын адал явдал лугаа адил хол газрын хонин гүрвэлийн үлгэрт итгэсээр, явуургүй явган ярианд дөрлүүлэн хаашаа л бол хаашаа савчсаар байх уу. “Төрийн дээд цол хүртээнэ гэвэл бүү ав. Маргааш, нөгөөдөр нь нөгөө ертөнцөд очно” хэмээн номлох нь холгүй амнаас ам дамжуулан чалчих нь аль зуунаас амь тавихгүй байгаа ахархан бодлын “үр хөврөл” вэ. Хийж бүтээснээрээ, эерэг, өөдрөг нөлөөллөөрөө цаг үеийнхнийгээ манлайлж буйг нь түмэн олон хүлээн зөвшөөрч, төр, улс нь урамшуулан алдаршуулах болсон бол цол хэргэм, одон, медалийн алиныг ч бай хугацаа алдалгүй эздэд нь олгож байх нь төр, улс удирдагчдын ухааны, хүн ёсны жудгийн хэмжүүр гэлтэй.
Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны биеийн байдал хурдацтай муудсаныг дуулмагцаа Ерөнхийлөгчийн зүгээс арга хэмжээ авч, олгохоор зэхэж байсан Хөдөлмөрийн баатар цолоо, нэгэн үеийн бүтээн туурвигч Н.Жанцанноровынхтой хамтруулан хүртээсэн нь харин ч оновчтой алхам болов биш үү. Хөгжмийн зохиолчид болон бусад салбарын хоёр ч зүтгэлтэнд энэхүү цолыг наадмын өмнө олгоогүй бол гээд бодъё л доо. Сэтгэл сэргээж, хүсэл бадраан, ухааруулан, сэхээрүүлэх мэт хөгжим, зохиолтой, шалгарсан, ялгарсан бүтээн туурвигч өнөөдөр та бидний дунд хэдийн алга. Цаг хугацаа бүхнийг шийддэг.
Хөгжмийн зохиолч Б.Шарав хорт хавдар өвчнөөр хоёр жилийн өмнөөс шаналсныг бүгд мэднэ. Байж болох бүхий л аргаар тэмцсэн тухай нь хэн хүнгүй сонсож байсан. Шүтэн бишрэгчид, урлагийнхан, шавь нар нь чамгүй тусалсан. Тэглээ гээд хүн төрөлхтөн хуйгаараа хичээгээд дийлэхгүй байгаа хөнөөлт өвчинд тавиад туучихлаа. Нөхцөл байдал ийм байгааг мэдсээр байж “Төрийн өндөр дээд цол хүртсэн л бол өнгөрөх нь тэр, удахгүй...” гэж цуурч суух нь сэтгэлгээний доройтол, оюуны хоосрол хэмээх, хорт хавдраас илүү гайтай хөнөөлд олноороо нэрвэгдсэнийх гэхээс өөр хэлэх үг алга.
Ардын уран зохиолч Б.Баастад Хөдөлмөрийн баатар цол олгосноос хойш арав гаруй хоногийн дараа номтой буурал хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Тэр үед мөн л зохиолч ахад төрийн өндөр дээд цол олгосныг “Сэрэлт” киноны лам багш “Орос эхнэрийн хараал хүрснээс болж охин чинь...” гэдэгтэй адилтгах шахуу ярьж, бие биенээ хөөргөж байсан нь зууны шившиг гэлтэй. 90 гэдэг бол хэзээ ч, юу ч болж мэдэх өндөр нас.
Харин ч энд нэр дурдсан хүмүүст төрөөс олгохоо харамгүй, талийгаачдын хувьд ухаан саруулд нь хүртээсэн нь талархууштай. Энэ хорвоод ирээд буцахдаа ямархан их ажил амжуулснаа эргэн нэг санаж, төр, түмэн үнэлж байгаад сэтгэл нь ханаж, утга учиртай амьдарсан тухайгаа дахин нэг бодож, тайтгарсан нь лавтай. Ерөөс төрийн өндөр дээд шагналын утга, мөн чанар энэ буюу.
Нэгэнт ийм сэдэв хөндсөнийх бас нэгэн жишээ татвал буруудахгүй болов уу.
Ятга хөгжим яаж тоглохыг яруу тодоор харуулдаг, хөгжмийн зохиолчдын санааг дотор нь орсон мэт ойлгож, илэрхийлэхдээ хөгжим гэдэг нь ноот биш, харин зүрх, сэтгэл, баяр хөөр, хүсэл, хясал, гомдол, цөхрөл, тэмүүлэл юм гэдгийг ухааруулан тоглодог хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэд хорт хавдар өвчинтэй ид тэмцэж байх үед нь Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгосон нь хэн нэгнийхтэй харьцуулшгүй оновчтой шийдвэр байсан гэж хардаг. Тэрбээр сэтгэлийн тэнхээтэй байж, сахилга, дэглэмийг сайтар баримтлахын зэрэгцээ хөгжмөө огтхон ч тавилгүй өндийхөд нь төрийн цагаа олсон үнэлгээ, үнэлэмж ихэд нэмэр болсон гэж санадаг юм. “Надад ухвар мөчид авирлах эрх байхгүй. Төр, түмэн олныхоо хайр, дэмээр хөл дээрээ бослоо. Хөгжим сайн тоглосон гэж цол, шагнал олгосон байх. Цаашид илүү сайн хөгжимдөхийн тулд би эрүүл болох ёстой” гэж тэрбээр хэлж байсан юм. Урмаар хүнийг аварч болдгийн тод жишээ энэ буюу.
Төр, улс байгаа цагт түмэн олонд тустай үйлс бүтээж, гавьяа байгуулсан иргэдээ шагнаж, урамшуулсаар байх болно. Энд дурдаж буй тохиолдлуудад өнгөрсөн хойно нь бус, цагийг нь олж, мэдрэмжтэй ажиллан, хүндэтгэл үзүүлж амжлаа, цаашид гавьяа байгуулсан иргэнээ байхад нь хайрладаг, хамгаалдаг жишиг, соёл Хөдөлмөрийн баатар Б.Шарав гуайгаар тогтоосой гэж хэлэх гэсэн юм.
Үүний зэрэгцээ нийгмийнхээ сэтгэлгээний доройтол, оюуны хоосролд зүдэрч буй хэсгийг боловсруулан гэгээрүүлэх алс хэтдээ тустай асар их ажил Монголын төрд тулгамдаж байна хэмээн сануулах гэв.