Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”, “Гомдол санал хүлээж авах журам”-аа батлан ард иргэдээс сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээн авч сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэж нэвтрүүлсэн ямар нэгэн нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага гэх мэт сэтгүүл зүйн бүтээлийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг удирдлага болгон хэлэлцдэг билээ. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо энэ удаа МҮОНТВ-ээр эрүүдэн шүүсэн бичлэг цацсан, Мобикоми корпорацийн талаар гурван телевиз нэг ижил агуулгатай мэдээлэл цацсан. Хохирогчийг хүндэтгээгүй болон мэдээний агуулгад хамаарахгүй дүрсийг ашигласан зэрэг зургаан гомдлыг хэлэлцсэнээ өнөөдөр мэдэгдлээ. Гомдлыг хэлэлцсэн байдалтай танилцана уу.
МҮОНТВ-ээр эрүүдэн шүүсэн бичлэг цацсан нь ёс зүйгүй байлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хороо хоёрдугаар улирлын ээлжит хурлаа 2019 оны долдугаар сарын гуравны өдөр хийж, зургаан гомдлыг хэлэлцлээ.
Энэ өдөр хэлэлцсэн асуудлуудаас хамгийн анхаарал татсан нь МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт хаяглан ирсэн гомдол юм.
МҮОНТВ-ээр 2019 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр 21.00 цагт нэвтрүүлсэн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар оролцож, Монголын ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх явцад хэрэгт холбогдогч хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдгийг нотлох дүрс бичлэгийг харуулсан билээ.
Үзүүлсэн бичлэгт хоригдлууд бие биеэ хүчирхийлэн дарамталж байгааг, ярихдаа хараалын үгс хэлж байгааг ямар нэг шүүлтүүргүйгээр шууд харуулсан нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 4.1-д заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ”, 4.3-т заасан “Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дуурайх, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй”, 4.4-т заасан “Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана” гэснийг зөрчсөн эсэхийг нягтлахыг нэгэн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хүссэн юм.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн гурван хүнд эрүүдэн шүүлт тулгаж ял хүлээлгэснийг нотлохын тулд энэ нэвтрүүлгээр цацагдсан дүрсийг өмнө нь УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд тусгайлан үзүүлж байсан. МҮОНТВ-ийн энэ өдрийн нэвтрүүлгээр уг бичлэгээс 15 минут орчмыг харууллаа.
Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэнээс ирсэн гомдлыг хэлэлцэхийн тулд журам ёсоор тухайн мэдээ, нэвтрүүлгийг бэлтгэсэн редакцийн байр суурийг авдаг. Энэ нь зарим үед тухайн редакцид нууц эх сурвалжаас авсан мэдээллээ баримттайг нотолж, өөрсдийн байр суурийг хамгаалах, улмаар мэргэжлийн ёс зүйгээ зөрчөөгүйгээ тайлбарлах боломжийг олгодог. Энэ удаа МҮОНТВ-ээс албан ёсоор редакцийн тайлбар ирүүлсэнгүй. Харин Ёс зүйн хороо хуралдахын өмнөхөн уг нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч хувийн байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгүүлч уг тайлбартаа тухайн өдөр УИХ-ын гурван гишүүн нэвтрүүлэгт оролцохыг өмнөх өдөр нь буюу 2019 оны зургаадугаар сарын гуравны өдрийн орой МҮОНТВ-ийн удирдлага утсаар мэдэгдсэн, уг нэвтрүүлгээр тэрхүү бичлэг цацагдана гэдгийг эрхэм гишүүд нэвтрүүлэг эхлэхийн өмнө МҮОНТВ-ийн байранд ирсэн хойноо хэлсэн, бичлэгийг ТЕГ-ын ажилтан авчирсан, цаг тулсан байсан тул бичлэг дээрх дүрсийг мозайклах, зүй зохисгүй үгийг дарах боломжгүй байсан тул бичлэгийг үзүүлэхийн өмнө өөрийн боломжийн хүрээнд “зохисгүй дүрс, үг хэллэг байгаа тул үзэгчдээсээ уучлал хүсэж байна” гэдгээ хэлсэн хэмээн тайлбарласан.
Ёс зүйн хорооны гишүүд гомдлыг хэлэлцээд МҮОНТВ-ийн энэ нэвтрүүлэг нь мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж шийдвэрлэлээ.
Мобикомын талаар гурван телевиз нэг ижил агуулгатай мэдээлэл цацжээ
SBN, MN25, MNC телевизүүд 2019 оны тавдугаар сарын 22-ны мэдээллийн хөтөлбөрүүдээрээ Мобиком корпорацитай холбоотой ижил агуулга бүхий мэдээллийг цацжээ. Мобиком корпораци түрээсийн төлбөрөө төлөөгүй, гуравдагч компаниар дамжуулан түрээсийн гэрээ хийхдээ өндөр үнээр хийж, хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн нь авлигын хэлбэр байж болзошгүй, тус корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж байгаа гэсэн гол мессежтэй мэдээллийг тус тусдаа бэлтгэн түгээсэн байв.
Эдгээ мэдээлэл нь “илт нэг талыг барьсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ түгээсэн, буруутгагдаж байгаа талаас тайлбар, тодруулга авалгүйгээр баримт нотолгоогүй, үнэн бодит байдлыг мушгин гуйвуулсан, гүтгэсэн, байгууллагын нэр хүндэд халдсан, олон нийтийг өдөөн турхирсан агуулгатай” гэж Мобиком корпораци үзэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм.
SBN, MN25, MNC телевизүүдээр цацсан мэдээллийг нягталж үзэхэд Мобиком корпорацийн түрээсийн төлбөрийн үнийг буруу мэдээлсэн, түрээсэлж байсан байрыг биш өөр байрыг харуулсан, түрээсээс гадна байрны цэвэрлэгээ, цахилгаан, дулааны хангамж гээд бүхий л үйлчилгээг багтаасан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ авч байсныг зориуд хэн нэгэн этгээдэд давуу тал олгох замаар авлига өгч байсан мэтээр мэдээлсэн ч баримтаар нотлоогүй, Мобиком корпорациас тодруулга тайлбар аваагүй зэрэг нь Ёс зүйн зарчмын 1.1 буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2 буюу “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.6 буюу “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”, 1.8 буюу “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”, 4.2 буюу “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн Ёс зүйн хороо дүгнэлээ.
Хохирогчийг хүндэтгээгүй зөрчил давтагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн хорооны 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хурлаар гэмт хэргийн хохирогчийн хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаагүй зөрчил гаргасан хэд хэдэн гомдлыг хэлэлцсэн юм. Уг гомдлуудад дурдагдсан үйл явдлыг ТВ4 телевиз мэдээлэхдээ мөн ижил алдаа гаргажээ. Тус телевизээр 2019 оны тавдугаар сарын нэгний өдөр нэвтрүүлсэн “Сэлэнгэ аймгаас алга болсон 9 настай У охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироогоод ууланд булжээ” гэсэн мэдээ Ёс зүйн зарчмын 6.2-т заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно”, 6.5-д заасан “Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй”, 6.8-д заасан “Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотнын хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлж болохгүй” гэснийг зөрчсөн байна.
Мэдээний агуулгад хамаарахгүй дүрсийг ашигласан байжээ
Ёс зүйн зарчмын 1.3-д “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэсэн заалт бий. Энэ заалтыг ТВ8 телевиз зөрчлөө хэмээн нэгэн иргэн гомдол ирүүлсэн юм.
Тухайлбал, ТВ8 телевиз 2019 оны тавдугаар сарын зургааны өдөр 20.00 цагийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөрөө “Оюутан цэрэг хөтөлбөр шударга явагддаг уу” мэдээг цацахдаа их дээд сургуульд суралцагсдад зориулан хэрэгжүүлдэг “Оюутан цэрэг”-т хамрагдаж байгаа залуусыг шударгаар сонгон шалгаруулж авахгүй байгаа талаар өгүүлсэн. Гэвч мэдээний дүрсэнд цэрэг татлагын үеэр залуучуудад эрүүл мэндийн үзлэг хийж байгаа дүрс, тодруулбал, дотуур хувцасгүй залуусын дүрсийг харуулжээ.
Энэ нь уг дүрсэд гарч буй залуусын хувийн орон зайд бүдүүлгээр халдсан, мэдээ нь оргил цагаар цацагдаж, үүнийг үзэж буй насанд хүрэгчид болон бага насны хүүхдийн сэтгэл зүйд таагүй нөлөө үзүүлсэн гэж гомдол гаргагч үзжээ.
ТВ8 телевиз нь бэлтгэсэн мэдээндээ хайнга хандаж агуулгад нийцэхгүй дүрсийг ашигласан алдаагаа хүлээн зөвшөөрсөн болно.