Монголчууд Төрийн далбааны өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.
Цэргийн ёслолын жагсаалд зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ХСИС, БХИС-ийн нийт 2000 гаруй алба хаагч оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан Төрийн далбааны өдрийн болон Үндэсний их баяр наадмын мэнд хүргэлээ.
Тэрбээр "Монголчуудаа, цэрэг эрс ээ!
Төрт ёсны баяр цэнгэл, үндэсний баяр наадмын өмнө төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна. Дээр цэлийх мөнх хөх тэнгэрт Монголын далбаа ашид мөнхөд намиран байхыг бэлэгдэн, монголчууд бид энэ өдрийг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ. Монгол Улс эртнээс бидний эр цэргийнх нь сүр хүч, элгэн түмнийх нь эв нэгдэл, эрхэмсэг төрийнх нь шударга ёс, тусгаар байдлынх нь бэлэг тэмдэг байсаар ирлээ.
1945 оны долдугаар сарын 10-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр БНМАУ-ын "Төрийн далбааны хэв маяг, найруулгын тухай" хуулийн заалтыг шинэчлэн найруулахаар тогтсон нь Төрийн далбааны өдрийг сонгох сэдэв болсон юм. БНМАУ-ын төрийн далбааны эхийг УГЗ Д.Чойдог зохиож, энэ үйл явдлыг Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо цохон тэмдэглэсэн явдал хэмээн маршал Х.Чойбалсан тодорхойлж байжээ.
1992 оны шинэ Үндсэн хууль болон төрийн бэлэг тэмдгийн хуулиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд, туг далбаа, тамга мөн хэмээн хуульчилснаар төрийн яам, албан газар, төрийн цэргийн байгууллагууд далбаагаа тогтмол мандуулж, айл өрх, иргэн бүр сүсэглэн дээдэлж ирлээ.
Монгол Улсын төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, нийт монгол түмэндээ баярын халуун мэндийг хүргэе!
Монголчууд бидний хийморь бахдал оршсон алтан соёмбот далбаа мөнх хөх тэнгэртээ мандан бадарсаар байх болтугай!
Өвөг дээдсийн сүр сүлд, мөнх хөх тэнгэр биднийг ивээг" гэлээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-аас 2008 онд баталжээ. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.