Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчдэд захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийн, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан аж.
Тэгвэл энэхүү тогтоол хэрэгжиж, Монгол инженерүүдийн бүтээсэн “МОН-30” загварын их багтаамжийн хоёр цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монголчуудын бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болж, өнөөдөр анхны загвараа танилцууллаа. “МОН-30” нь байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан автобус. Цаашид олноор үйлдвэрлэгдэж, нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрээд зогсохгүй экспортод гараасай гэж салбарын сайдын хувьд билэгшээн бодож байна. Монголын зам, тээврийн салбарт Улсын баяр наадмын өмнөхөн олон сайхан үйл явдал тохиолдож байгаагийн нэг нь энэ юм” хэмээн онцоллоо.