Орчин үеийн хот, тосгоны гудамжны тоног төхөөрөмжийн нэг чухал хэсэг нь ус зайлуулах байгууламж юм. Хотын нутаг дэвсгэрээс гадаргын урсац, гудамж тийш урсах чиглэл нь түүнийг зайлуулах үндсэн зарчим болдог. Ийм учраас гудамж нь гадаргын урсац цуглуулах, зайлуулах суваг мэт болох тул түүнийг хор уршиггүйгээр зохион байгуулалттайгаар зайлуулах чухал шаардлага гарна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хотын нутаг дэвсгэрээс бороо болон бусад хаягдал усыг зайлуулах, хотын гаднах тогтоол усанд нийлүүлэх, эсвэл өөр газар сонгон хаях, их бохирдсон урсацыг цэвэрлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Энэхүү урсацыг зайлуулахын тулд гудамжны урсац зайлуулах сүлжээ байгуулдаг. Уг нь манай улсад үерийн хоолой байхгүй биш байдаг. Гэхдээ 1990 оноос өмнө хийсэн учраас шаардлага хангахгүй байгаа юм.
Тухайлбал, цаг уурын байгууллагаас энэ долоо хоногийн дунд болон сүүл үеэр ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо орно хэмээн сэрэмжлүүллээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд нийслэлийн иргэд уртын харайлтын тамирчид шиг л явах хэрэг гарах нь. Ингэхээс өөр яалтай билээ. Усны гуталтай нэгэн нь усан дундуур туучих бол гуталгүй зарим нь уртаас урт харайлгасаар явах нь бидний тавилан гэлтэй. Шар усны үер нь арай гэж татарч байхад борооны улирал эхэлж, ширүүн аадар бороо хэдхэн минут ороход л хот бүхэлдээ усанд автчихдаг. Хотын борооны усны шугам сүлжээ 40-50 жилийн настай, нийслэл 700 мянган хүнтэй байх үеийн төлөвлөлтөөр явсаар өдийг хүрлээ шүү дээ. Хэдэн жилийн өмнө л хотын зүүн хойд болон төв баруун хэсэгт хөрсний усны түвшин доошлуулах 18.3 км урттай, 0.5-1.2 метр хүртэлх голчтой шугам сүлжээтэй боловч хэвийн горимоор ажиллаж чадахгүй хэмжээнд хүрээд байсан. Учир нь шугам сүлжээний трасс дээр барилга байгууламж барих, үзлэгийн худаг шугам сүлжээг хот шороогоор дүүргэх, хөрсний бүтэц, геологийн тогтоц өөрчлөгдөх зэргээс шалтгаалан хөрсний ус зайлуулах шугам сүлжээ эвдэрсэн байж.
Уг нь 2007 оноос хойш борооны ус зайлуулах шугам байгуулж, 2014 онд нийслэлийн орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай орчмын таван байршилд нийт 3.5 км борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дуусгажээ. Энэ ажилд Замын сангийн хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Чингэлтэй дүүргийн I хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж, Баянгол дүүргийн III хороо, Төмөр замын ЗЦГ, Баянзүрх дүүргийн ХХIII хороолол, 21 дүгээр байр орчимд, Чингэлтэй дүүргийн V,VI хорооны нутаг дэвсгэрт, Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл тус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулсан. Ингэснээр борооны ус тогтохгүй, шавар шалбааг үүсэхгүй хэмээн амлаж байсан ч хотод буух бодит дүр зураг арай өөр зүйлийг илэрхийлнэ. Ер нь нийслэлийн иргэд бид хэдий болтол усан дундуур туучиж, ганган машинуудын үсчүүлсэн усанд будагдан явах вэ.
Нийслэл хот хөрсний гадаргуу ус зайлуулах нэг том төв шугамтай бөгөөд тэр нь бүх усыг цааш Туул гол руу цутгаж гаргахад 30 минутаас нэг цаг болдог гэнэ. Иймдээ ч 3-4 цаг үргэлжилсэн борооны ус гадагшлахад төдий хэр хугацаа шаардлагатай юм байна.
Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “2018 оны төсөвт Улаанбаатар хотод ус ихээр тогтдог 10 байршилд шугам угсралтын ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд “E-mart” их дэлгүүрийн орчмын шугам солих ажил хурдтай явагдаж байна. Тус газрын хуучин шугам 1984 онд тухайн үеийн инженер барилга, байгууламжид зориулан хийгдсэн. Сүүлийн жилүүдэд ус их тогтож, ачааллаа даахгүй нөхцөл байдал үүссэн болохоор 2018 оны төсөвт энэ хэсгийн ажлыг хоёр ээлжээр шинэчлэх хөрөнгө тавигдсан. 1-р ээлжинд 180 метр шугамыг сольж, шинээр ус хүлээж авах 10 салбар шугам нэмэх ажил хийгдэж байна. Энэ ажил наадмын өмнө дуусахаар төлөвлөн ажиллаж байна.” хэмээлээ.
Усархаг бороо орсон үед усанд автдаг хэд хэдэн эрсдэлтэй газар нийслэлд цөөнгүй. 2017 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд үер бууж, гамшгийн хэмжээнд хүрч байсан. Үерийн улмаас нэг том хүн, хоёр хүүхэд амь насаа алдсан бол өнгөрсөн сард үер бууж, зургаан настай хүүхэд осолдсон харамсалтай хэргүүд ч гарсан.
Түүнчлэн хөдөө орон нутгаас хот бараадсан иргэд үерийн ам, гуу жалган дээр гэрээ барьсанаас болоод үерт урсах явдал ч цөөнгүй гардаг. Тэдэнд уг нь хотын захиргаанаас газар зааж өгсөн ч зарим нь хол байна хэмээн голж, зарим нь дэд бүтэцгүй хэмээн нүүдэггүй болохыг Онцгой байдлынхан хэлж байлаа. Тэгээд усанд автчихаад нөгөө л онцгойгийнхноо дуудна, ачуулна. Ус овоо татраад эхлэхээр буцаад л гэрээ бариад суучихна. Энэ мэт тулга тойрсон үйл явц үеийн үед байсаар ирсэн, цаашдаа ч байх биз.
Зөвхөн аюултай бүсэд бус гэр хорооллын айл өрхүүдийн 00 усаар дүүрч халин улмаар орчны бохирдол үүсч, халдварт өвчин гарах боломж бүрддэг байна. Тэр ч бүү хэл өөрсдийнх нь гудамжинд хаясан хог хаягдал нь борооны усанд урсаад хашаанд нь ороод ирэхийг нь яана.
Хот төлөвлөлтийнхний хийсэн судалгаагаар хотын үерийн далан, сувгийн насжилт 78.3 хувьтай гарсан нь ашиглалтын хугацаа дуусч байгааг харуулж буй хэрэг. Өнгөрсөн жил нийслэлийн 15 байршилд далангийн засвар, шинэчлэлийн ажил хийх ерөнхий зураг гарч, бэлтгэл ажилд орсон. 2020 он гэхэд үерийн далан, хамгаалалт барьж, шинэчлэхэд 380 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэвч үүнийг нь батлахгүй удаасаар одоог хүртэл энэ ажил эхлэхгүй байсаар байна. Энэ байдлаараа бид байтугай бидний хойч үе ч ус туучсаар байх бололтой. Учир нь Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд далан барих 150 тэрбум төгрөг шаардлагатай байхад 1 тэрбумийг л төсөвлөсөн байгаа юм. Энэ мэтчилэн тоочоод байвал зовлон мундахгүй гэдэг шиг бэрхшээл тоочсоор байвал бид хэзээ ч нийслэл хотоо усанд автахаас хамгаалж чадахгүй.
Монголд аялахаар ирсэн гадны жуулчдын 90 хувь нь Улаанбаатар хотоор дамжин өнгөрдөг. Тэднээс Монголд аялахад гардаг хүндрэл бэрхшээлийг тодруулахад, замын түгжрэл, хулгай зэргээс гадна борооны улирлаар ирсэн улс ус туучихын хэцүүг ярина. Бид жил бүр л аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Иймдээ ч тэдний нүдийг баясгах үзвэр, үйлчилгээнүүдийг боломжоороо нэмэгдүүлэхийг хичээдэг. Гэхдээ хэчнээн сайхан зүйл үзээд, уртын харайлт хийж, машинуудын цацруулах усанд гутал хувцсаа бохирдуулдаг бол дахиж ирэхийг хүсэхгүй л болов уу. Үүгээрээ нийслэлийн захиргааг шүүмжлэх гэсэнгүй. Тэд хийхгүй биш, хийж байгаа. Гэхдээ хангалтгүй байна. Ус зайлуулах суваг шинээр барьж, байгуулж хүчирдэггүй юм аа гэхэд ядаж байгаа сувгуудынхаа хүчин чадлыг даруйхан нэмэгдүүлээч гэж хотын захиргаанаас хүсч байна.