Солонгосын телевизийн олон ангит “Зоригт эрийн түүх” киноны гол баатар Ким Духаны дүрд тоглосон жүжигчин Ан Жэму Монголд ирлээ. Тэрбээр Монголын нэгэн баатрын тухай түүхэн киноны дүр бүтээхээр тус багийнхантай уулзахаар ирээд байгаа аж. Мөн энэ үеэрээ хүч тамирын “Bacchus” ундааны сурталчилгааны зураг авалтад оролцох юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?
-Арван жилийн өмнө хоёр орны соёлын харилцааны шугамаар хоёр, гурван удаа ирж байсан. Энэ удаа ирээд үнэхээр гайхлаа. Өндөр өндөр барилгууд их баригджээ. Тухайн үед хаана, юу байгааг би сайн мэддэг байлаа. Харин одоо тийм биш болжээ. Юу юунаас илүүтэй монголчууд намайг мартаагүй байгаад үнэхээр баярлаж байна.
-Ямар ажлаар ирсэн бэ?
-Монголын нэгэн баатрын тухай түүхэн кинонд дүр бүтээхээр тус багийнхантай уулзахаар ирсэн. Мөн “Bacchus” ундааны сурталчилгааны зураг авалтад оролцох юм. “Намайг Монголчуудтай танил болохоор “Bacchus” ундааг сурталчлуулахаар сонгосон бололтой. Энэ ундааг сайхан амттай болохоор нь уудаг байснаас бус хүний биед сайн гэдгээр нь ууж байсангүй. Солонгост бол өндөр настнууд их хэрэглэдэг л дээ. Сурталчилгааны зураг авалтыг Улаанбаатарт болон хөдөө авна.
-Монголын киноны салбарын хөгжлийн талаар юу гэж боддог вэ?
-Сайн мэдэхгүй юм байна. Тэр бүр судлах боломж гардаггүй л дээ.
-Монголд өмнө нь хийгдэж байгаагүй тайз засалтай том хэмжээний кино болно гэж сонссон. Жаахан дэлгэрэнгүй ярих боломж байна уу?
-Киноны хувьд Монгол баатрын тухай, түүхэн кино. Надаас бусад нь бүгд монгол жүжигчид байх юм. Үүнээс цааш хэлэх боломж алга. Нууц байсан нь дээр байхаа.