Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх аймгийн галын бөхчүүд наадмын сорилго барилдаанаа хийв. Бид өмнөх дугаартаа Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээнээс сурвалжилга бэлтгэсэн. Энэ удаа хаанахын галын барилдаанд хэн түрүүлснийг сонирхуулъя.
Жил жилийн улсын наадмын түрүү бөхийн таамагт багтдаг олон хүчтэнтэй Увс аймгийн “Увс нуур” дэвжээний сорилго барилдаан сумын наадмын дайтай болдог гэхэд хилсдэхгүй. Өнөө жил тэдэнтэй хамт Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн бөхчүүдээс гадна улсын харцага Б.Бат-Өлзий, Ш.Мөнгөнбаатар нар зодоглон, наадмын өнгөө шинжсэн нь барилдааныг улам сонирхолтой болгов. 128 бөх хүч сорьсон барилдаанд улсын аварга Н.Батсуурь түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Отгон аварга галынхаа барилдаанд хоёр жил дараалан түрүүлж буй нь энэ. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, улсын начин Б.Серик, аймгийн хурц арслан Б.Мижиддорж нар шалгарчээ. Наадмын сорилгын үеэр болсон хүүхдийн барилдаанд Б.Ананд түрүүлсэн. Тэрбээр хүүхдийн “Хуурнин шуугигч” барилдаанд 19 түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр удаа шөвгөрсөн нэгэн.
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний наадмын сорилгод 70 гаруй бөх зодоглосноос улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Т.Сайханжаргал үзүүрлэв. Их шөвөгт Ж.Бат-Эрдэнэ улсын начин Ш.Тогтохбаярыг, Т.Сайханжаргал аймгийн хурц арслан Д.Тангадыг давжээ.
Хоёр жилийн өмнө улсын наадмын түрүү хүртсэн, Хөвсгөлийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний барилдаанд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэв. Сонирхуулахад, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр Ч.Хөхчирэнгэрт өсөх идэр чимэг уржигдар нөхөн олгосон юм.
Өнөө жил улсын наадамд түрүүлэх бөхийн таамагт Архангайн цөөнгүй хүчтэн багтаж байгаа нь гарцаагүй. “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд энэ жил Төв аймгийн Чандмань сумын нутагт байрлах бэлтгэлийн шинэ бааздаа, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нарын удирдлагад, дархан аварга Г.Өсөхбаяраар ахлуулан бэлтгэлээ чамбайруулж байгаа. Тус дэвжээний сорилгод 48 хүчтэн зодоглосноос улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, аймгийн арслан Б.Зоригтбаатар үзүүрлэв. Шөвгийн гуравт улсын харцага М.Бадарч шалгарав.
Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн “Булган хан” дэвжээний барилдаанд улсын начин Э.Энхбат түрүүлэв. Могод сумын харьяат тэрбээр үзүүр, түрүүнд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг өвдөг шороодуулсан юм.
“Алдар” спорт хорооны наадмын сорилгод Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном үзүүрлэв. Завхан аймгийн “Завхан” дэвжээний бөхчүүд Цонжин болдогт, “Даян”-гийнхан Сүүж ууланд наадмын бэлтгэлээ базааж буй. “Завхан” дэвжээний наадмын сорилго барилдаанд улсын гарьд Ш.Жаргалсайхан түрүүлж, улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэв. Шөвгийн гуравт улсын начин Г.Баасандорж, дунд шөвөгт улсын начин Л.Лхаа-Очир, аймгийн начин М.Амарсанаа нар шалгарлаа.
1940 онд Төрийн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын арслан Ш.Ванчинхүү түрүүлсэн түүхтэй. Ховдын бөхчүүд түүний амжилтыг өнөө хүртэл үргэлжлүүлж чадахгүй байгаа. Тус аймгийн бөхчүүд өнөө жил наадмын бэлтгэлээ Сүүжид хийж байна. “Ховд” дэвжээний сорилгод улсын заан Б.Пүрэвсайханаар магнайлуулсан 64 бөх хүч сорьсноос улсын харцага О.Хангай түрүүлэв. Ташрамд дурдахад, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий энэ жил наадмын бэлтгэлээ Говь-Алтайн бөхчүүдтэй хийж байгаа юм.